Б.Бат-Өлзийд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

2015 оны 04 сарын 27 2266

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Бат-Өлзийд холбогдох хэргийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв.

Б.Бат-Өлзий нь 2014 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт урьд нь хамтран амьдарч байсан Г-г цохиж ухаан алдуулан, цүнхнийх нь оосроор хоолойг нь боон санаатай алж, цогцсыг нь уурхайн цооногт хийж нуусныг илрүүлжээ.

Б.Бат-Өлзий өмнө нь хохирогчийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан, насанд хүрээгүй байхад нь хурьцал үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан аж.