Хятадын ардын дээд шүүх монголын үр дүнтэй, хурдтай яваа шүүхийн шинэтгэлээс суралцах зүйл их байгааг онцлов

2014 оны 06 сарын 27 2421

Монгол Улсын анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 25 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх “Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн сургалтанд арван хоёр хоног хамрагдаад ирлээ.asdfasdfasdf_2

Хятад орон бол төр, хууль цаазын дөрвөн мянга шахам жилийн түүхэн уламжлалтай уугуул үндэстэн улсын нэг. Тус улсын шүүхийн тогтолцоо, шүүгчийн эрх зүйн байдал, эрүү, иргэн, захиргаа, оюуны өмчийн эрх зүйн тогтолцооны талаар БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн шүүгчид, хууль зүйн ухааны эрдэмтэн, профессоруудын лекцийг сонсон, шүүн таслах ажиллагаатай газар дээрээс нь буюу  шүүх хуралдааны танхимаас танилцах  боломжоор хангагдсан зэргээрээ тус сургалтын ач холбогдлыг тоочвол үр дүн нь арваад хоногоор хязгаарлагдашгүйг онцлох нь зүй.

Нөгөө талаар БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн үйл ажиллагаа болон Дүүргийн шүүхүүдтэй дэлгэрэнгүй танилцаж, өөрийн орны шүүхийн шинэтгэлийн үйл явцтай харьцуулан дүгнэж, Монголын шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгааг "гаднаас" тольдох боломж тохиосон  нь тус сургалтын бас нэгэн ололттой тал байв.

Шүүх засаглалын сүр хүч, эрхэм оршихуйг үүднээсээ эхлээд ард, иргэддээ дээд хэмжээнд тунхагласан БНХАУ-ын Ардын Дээд шүүх болон орон нутаг, дүүргийн  шүүхүүдийн  сүрлэг баганат танхим бүхий өндөр барилгуудыг хараад Монголын шүүхүүдийн байрны тулгамдсан асуудлууд эрхгүй санаанд бууж байлаа.

Өндөр түвшний харуул, хамгаалалт бүхий чанд  хатуу хууль ёс, сахилга, дэг журмыг илтгэх БНХАУ-ын шүүхүүдийн зохион байгуулалт, өрөө тасалгаа , шүүх хуралдааны нүд алдам танхим гээд үзэж харах зүйл Монголын шүүгчдэд мэдээж их.

Бээжин хотноо 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлсэн тус сургалт Монгол Улсын Дээд шүүхээс 2007 онд БНХАУ-ын Ардын Дээд шүүхтэй байгуулсан харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд нийт зургаан удаагийн сургалтаар Монголын 150 шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулжээ. БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх “Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн энэ удаагийн хөтөлбөр Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Ц.Мандахын орчуулгаар Монголын шүүгчдэд хүрлээ. “Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн захирал Хуан Ёнг Вэй, БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дээд шүүгч Ду Ван Хуа, Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Ван Юнь нар Монголын шүүгчдийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, сургалтын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хоёр оронд өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэхэд хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, хууль зүйн ухааны доктор Т.Уранцэцэг Монголын шүүгчдийг төлөөлж Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нарын мэндчилгээг уламжлаад "Энэ удаагийн сургалт Монгол Улсад өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцтай цаг хугацааны хувьд давхцаж байгаагаараа онцлог болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан, өргөн барьсан Шүүхийн тухай багц хууль батлагдсанаар шүүхүүд бүтэц, зохион байгуулалтын хувьд эрүү, иргэн,захиргааны чиглэлээр дагнан байгуулагдсан. Энэ дагуу шүүгчдийн орон тоо нэмэгдэж, хуульчдаас шүүгчдийг сонгон шалгаруулах ажил одоо ид явагдаж байна. Төрийн онцгой чиг үүрэг болох шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчдийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь шүүхийн шинэтгэлийн нэг чухал асуудал юм.Энэ удаагийн сургалтанд шинээр батлагдсан хуулийн дагуу томилогдсон анхан шатны шүүгчид хамрагдаж байна.” хэмээн хэллээ.

БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дээд шүүгч Ду Ван Хуа “БНХАУ-ын Ардын Дээд шүүх Монгол улсын Дээд шүүхтэй хамтран ажиллахыг онцгойлон авч үздэг бөгөөд энэ ажиллагаанд ерөнхий шүүгч Жоу Чианы дэмжлэг их бий. Миний бие хоёр улсын шүүхийн хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсний хувьд өнгөрсөн жил Жоу Чиан ерөнхий шүүгчийн хамт танай улсад айлчлахад Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг цаашид сургалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж онцолсныг дурьдахад таатай байна. Энэ удаагийн сургалтанд манай улсын эрүү, иргэн, захиргааны эрх зүйн тогтолцоог танилцуулж, БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн шүүгчид, профессорууд хичээл заана. Монгол улсад өрнөж буй шүүхийн шинэтгэл маш хурдтай, үр дүнтэй байгаагаас бидэнд суралцах зүйл асар их бий” гэдгийг онцолсон юм. Эхний өдрийн хичээл тус улсын шүүхийн тогтолцоо, түүний түүхэн хөгжил, шүүгчийн эрх зүйн байдал, ёс зүйн сэдвээр өрнөж, харилцан ярилцлагаар үргэлжилсэн.

Сургалт дээрх сэдвээс гадна БНХАУ-ын эрүү, иргэн, захиргааны болон оюуны өмчийн эрх зүйн тогтолцоо,эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны  онцлогийг судалж, БНХАУ-ын Ардын Дээд шүүх, дунд болон анхан шатны шүүх, хууль зүйн өмгөөллийн товчооны үйл ажиллагаатай танилцах хүрээнд 12 хоног Үндэсний шүүгчдийн коллежид амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Тус улсад улс төр, эдийн засгийн тогтолцооноос хамаарсан эрх зүйт ёсыг төлөвшүүлэх зорилго бүхий, үндсэн дөрвөн зорилтыг дэвшүүлсэн шүүхийн шинэтгэл төр засгийнх нь түвшинд өдгөө идэвхтэй яригдаж байна.

БНХАУ-ын шүүхийн тогтолцоо Ардын Дээд шүүх, Дээд шүүх, Дунд шатны шүүх, анхан шатны шүүх гэсэн 4 шатны шүүхээс бүрддэг. Тус улсад Ардын Дээд шүүх улсын хэмжээнд ганц бол Дээд шүүх нь 31 бөгөөд Цэргийн шүүх нь нэмэгдээд 32, Дунд шатны шүүх муж, хот, дүүрэг бүрт байх ба нийтдээ 300 орчим, анхан шатны шүүх 3000 хол давсан тоогоор яригдана. Хүн амын сууршил сийрэг дүүрэгтээ төлөөллийн шүүх ажиллуулдаг аж. Шүүх засаглал нь төрийн эрх барих дээд байгууллага болох БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурлынхаа хяналтанд, нэгдсэн удирдлагаар ажилладаг. Зохион байгуулалт нь эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх гэсэн 3 бүтэцтэй бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийн үйл ажиллагаа хязгаарлагдмал гэдгийг багш нар нь онцолж,шүүхийн шинэтгэлийн ажлын хүрээнд цаашид засч сайжруулах зүйл их байгааг тайлбарлаж  байв. Шүүгчдийн цалин хангамжийг нэмэгдүүлэх  асуудал ч мөн дээд түвшиндээ хэлэлцэгдэж байгааг эдийн засгийн хөгжил өндөртэй хот суурин газартаа тэднийг ажиллах  хандлага илүүтэй холбон ярилаа.Бидний зочилсон шүүх бүрийн дэргэд хорь гучин давхар орон сууцны барилгууд байхыг шүүгчдийн байр гэж сонирхуулж байв.

Хятадын эрүүгийн эрх зүй нь харьцангуй хосолмол бөгөөд социалист хэв шинж давамгайлсан байдгаас үүдэн гэмт хэргийн ойлголтыг материалист томьёоллоор тодорхойлж ирсэн боловч  уг институтыг хэрэглэх арга зарчим нь зөвхөн Хятадын гэсэн өвөрмөц онцлогийг тусган илэрхийлсээр иржээ. Хятадын эрүүгийн эрх зүй дэх ялт хэрэг, гэмт үйлдлийн талаархи үзэл, хандлагыг уламжлалт эрүүгийн эрх зүйн үзэл, социалист эрүүгийн эрх зүйн онол, зах зээлийн буюу орчин үеийн Хятадын эрүүгийн бодлогын баримтлал гэсэн гурван чиглэлээр авч үзэж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан,УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар хэрэгжиж буй Шүүхийн тухай багц хууль,Монголын шүүхийн шинэтгэлийн талаар Хятадын судлаачид нэлээд хэмжээнд судалж, үр өгөөж, ач холбогдлынх нь талаар Монголын шүүгчдээс тухай бүр тодотгон асууж, түүнээс суралцах авууштай туршлага их бийг онцгой хэмжээнд авч үзэж байгааг нүдээр үзэж,чихээр  сонсож явсан манай шүүгчид сэтгэл хангалуун явцгаасныг дуулгахад таатай байна. Уншигч Танд  Хятадын шүүхүүдийн талаархи сурвалжлагаа цувралаар хүргэх тул энэ удаагийн тэмдэглэлээ үүгээр өндөрлөе.

2014444001

asdfadfasdf

Шүүхийн ХМОНХХ-ийн ахлах референт Ш.Отгонцэцэг