С.Баасанцэрэн “Алтан гадас” одон, Б.Чимгээ, Б.Пүрэвээ нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдлаа

2018 оны 07 сарын 09 1600

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улсын 812, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Дээд шүүхийн Техник үйлчилгээний ажил хариуцсан ахлах шинжээч Содномын Баасанцэрэнг “Алтангадас” одон, Мэдээлэл лавлагааны ажил хариуцсан ахлах шинжээч Баярын Чимгээ, үйлчилгээний ажилтан Бандийн Пүрэвээ нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнажээ. Шагналыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа 2018 оны долдугаар сарын 9-ний өдөр Улсын Дээд шүүхэд болов.  

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг төрийн дээд одон медалиар шагнагдсан ажилтнууддаа баяр хүргээд тэднийг өөрсдийн хариуцсан ажлаа нэр төртэйгээр хийж гүйцэтгэсэн хэмээн онцоллоо. 

“Алтан гадас” одон хүртсэн С.Баасанцэрэн шагнагдсан хүмүүсээ төлөөлж хамт олондоо баярлаж буйгаа илэрхийлээд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн Компьютерийн техник хангамжийн ажил хариуцсан ахлах шинжээч Жаргалсайханы Эрдэнийг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын даргын тушаалаар “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг энэ үеэр мөн гардуулан өглөө.