Н.Очирбат: Хоёр хүүхдээ насан туршид нь өр ширтэй үлдээхээс аврагдсан

2015 оны 04 сарын 29 2028

Улсын Дээд шүүхийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан “Шүүх ба хүний эрх” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны сонин, сайтын төрөлд байр эзэлсэн бүтээлүүдийг та бүхэнд хүргэж байна.

barimt-1

“Барилга бүр дээр очиж, энэ төмөр унаж магадгүй, үүнээс сэргийл гэж хянах боломж бидэнд байхгүй. Санаанд оромгүй осол барилга дээр гарна, тоосго унана, шилний хагархай үсэрнэ... Барилгын компаниуд барилгын зураг гаргахдаа аюулгүйн хамгаалалтыг хэрхэн хийхээ тооцсон байдаг.” гэж  БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хэлж байсан юм. Албаны хүн ингэж хэлэхээс хоёр өдрийн өмнө  шинээр сүндэрлэж байсан “Crown center” гэх барилга дээрээс төмөр унаж 36 настай Б гэгч залуу харамсалтайгаар амиа алдсан байлаа. Өөд болсон хүн ямар үг хэлэх биш. Хэлж чаддагсан бол “барилгын компаниуд үнэхээр тийм хариуцлагатай ажилладаг юм бол, миний амьд явах, агаар амьсгалах язгуур эрхийг яагаад тасдаад хаячихсан юм бэ?” гэж лавтайяа асуух байсан биз ээ.

Харамсалтай нь барилгын салбар дахь үйлдвэрлэлийн осол гэх тодотголтойгоор алтан амиа алдсан талийгаачдын тоо жил бүр нэмэгдсээр. 2005-2013 онд барилгын салбарт  581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарсны улмаас 246 хүн нас барж, 130 хүн тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан гэх тоон мэдээлэл байх юм. Статистик тоон утгаар нь харвал барилгын салбар дахь осол гэмтлүүд өмнөх жилүүдээс буураад байгаа гэх зүйлийг МХЕГ-ынхан хэлдэг.  Гэтэл осол, үхэл, гэмтэл бүрийн цаана хүний хувь заяа, айл өрхийн нэг насны амьдрал, цус, нулимс бий. Тэр ч үүднээсээ барилгын ослын улмаас хохирогсдын эрх ашгийг хууль эрх зүйн орчноор хамгаалах нь чухалд тавигдаж байдаг.

Барилгын компаниудын үйл ажиллагааны салшгүй чухаг хэсэг нь  хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа болохыг  Барилгын тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан тусгаж өгөх шаардлага амьдралаас ургаж гарч ирсэн. Тэгвэл нэг нааштай мэдээ байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болоод байгаа аж.  Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, зохион байгуулалт, хариуцсан ажилтны чиг үүрэг тодорхой болж, ажиллах нөхцөл боломжоор хангагдан, удирдлагын тогтолцоо бүрдэж, салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого чиглэл, ажлын уялдаа холбоо сайжирна гэх тооцоолол байгаа юм байна. Ер нь бол асуудлыг ийм маягаар шийдэхгүй бол барилгын ослын улмаас  ихээхэн хохирол үзсэн хохирогчдын хувьд том асуудал байдгийг хэлэх иргэд цөөнгүй.

Гэхдээ нөгөө талд хууль шүүхийн байгууллага хохирогчдын эрх ашгийг хамгаалсан  шийдвэрүүд гаргаж ажиллаж байгааг тодотгон харах нь зохистой болов уу. Түүнчлэн  барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөөгүйгээс үүдэн гарсан ослын хохирогчдын нэг болох  Н.Очирбатын гомдлыг  шүүхийн байгууллага эцэслэн  шийдвэрлэсэн нь  түүний амьдралд ямар чухал шийдвэр болж хүрсэн талаар хүргэж байна.

Тусламж хүссэн аврагч

Барилгын ослын улмаас хүндээр гэмтэн, нэг нүд нь харахаа больж,  хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдсан   Н.Очирбат бие болоод сэтгэл санааны хохирлоо барагдуулахаар хуулийн байгууллагад хандсан байдаг. Тэр хэлэхдээ  “Хэн нэгний мууг үзэх гэж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийтэд шуугиан тарих гэж хандаагүй,  хамаг байдгаа шавхаад, хүнд өр тавиад эмчлүүлж ирчихээд хохироосон газраасаа эмчилгээний мөнгөө гаргуулж чадахгүй байгаадаа л гомдолтой байна. Хотын төвд баригдаж буй зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй олон барилгуудаас болж хайран сайхан залуучууд амь насаа алдаж байна. Амь насаа алдаагүй нь над шиг хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдаад тархиндаа дүүрэн төмөртэй сууж байна. Өнөөдөр бидний биеийн болоод сэтгэл санааны хохирлыг хэн хэрхэн хариуцах вэ гэдэг л хамгийн том асуудал болоод байна.” хэмээн ярьж байсан юм.

Хэргийн талаар өгүүлбэл, Н.Очирбат нь “Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ангийн захирагч А.Батмөнхийн тушаалаар Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний баруун урд байрлалтай “Хурилдуур” ХХК-ийн харьяа “Эрин” эмнэлгийн барилга дээр 11 ахлагчийн хамт ажил үүрэг гүйцэтгэсэн байдаг. Гэтэл 10 цагийн үед хажуу талын “Баганат өргөө” ХХК-ийн барьж буй барилгын 12 давхраас тулгуур төмөр унаж, дух, нүүрний хэсгийг онож, тархи болон нүүр, хацрын яс нэлэнхүйдээ бяцарч хүнд гэмтэл авсан байгаа юм. Тэрбээр осолд орсноосоо хойш БНХАУ, Энэтхэг улсад явж эмчилгээ хийлгэсэн боловч өрөөсөн нүдгүй болж,  үнэрлэх амтлах чадваргүй болж, нүүрний гоо сайхан засаршгүйгээр гэмтэл учиржээ. Тиймээс  БНСУ-ын “Тэжон Сон” эмнэлэгт 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хэвтэж, 8 дугаар сарын 6-ны өдөр хагалгаанд орж, зовхинд мэдрэл шилжүүлэн суулгах, хамар хацрын хугаралтай ясыг тэгшлэх, сорви арилгах клиник болон пластик хагалгаа хийлгэж, 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл эмчлүүлжээ. Тэрбээр эмчилгээний зардалд нийт 82 сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү”  гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх дээрх хэргийг 2014 оны 3 дугаар сарын 19-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд хариуцагч “Баганат өргөө групп”, “Хурилдуур” ХХК-иудаас тус бүр 28 сая 912 868 төгрөг, нийтдээ 57 сая 825 736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Очирбат, Б.Хулан нарт олгож, нэхэмжлэлээс 24 сая 174 264 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мөн хэргийг хянан хэлэлцээд Н.Очирбат, Б.Хулан нарын нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Харин 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Н.Очирбат, Б.Хулан нарын нэхэмжлэлтэй “Хурилдуур” ХХК, “Баганат өргөө групп” ХХК-иудад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Тэгснээр  “Баганат өргөө”, “Хурилдуур” ХХК-иудаас гэм хорын хохиролд 82 сая төгрөг гаргуулахаар болсон юм.

Хохирогч Н.Очирбат нь Улсын Дээд шүүхийн шийдвэрт ихэд талархаж байгаагаа хэлж байсан юм. Осол гаргасан компанийн удирдлагууд өөрийг нь болон гэр бүлийн хүнийг нь хүн гэж үзэхгүй, эмчилгээнийх нь зардлыг өгөхөөс татгалзаж байхад шүүхийн байгууллага асуудлыг нь үнэн мөнөөр шийдвэрлэж өгсөнд баярлаж байна гэж байв. Түүнчлэн  шүүхийн шийдвэр нэгэн гэр бүлийн амьдралд ямар ээл дагуулж байгааг тодруулах үүднээс Н.Очирбаттай  холбогдож дараах асуултад хариулт авсан юм.

Н.Очирбат: Над шиг барилгын ослын улмаас зовж байгаа хүн олон бий

-Таны бие гайгүй юу. Өөрийг тань хохироосон “Баганат өргөө”, “Хурилдуур” ХХК-иудын удирдлагууд таньтай уулзах нь бүү хэл утсаар ч яриагүй,  нэг ч төгрөгний тусламж үзүүлээгүй тул гомдож байна гэж та анх ярьж байсан шүү дээ. Тэгвэл Улсын Дээд шүүх таны нэхэмжлэлийг хэлэлцээд дээрх компаниуд  таны хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн. Та тэднээс хохирлын мөнгөө авч чадаа юу?

-За бие минь яахав, гайгүй дээ.  Байнга л эмчилгээгээ хийлгэж байна даа. Улсын Дээд шүүх миний гомдлыг хэлэлцэн, шийдвэрлэж өгсөнд би их талархаж байгаа. Хэрэв шүүх ингэж шийдээгүй бол  энэ компаниуд миний хохирлыг нэг ч төгрөгөөр барагдуулахгүй байсан л гэж бодож байна. Сая нэгдүгээр сарын сүүлээр тэднээс мөнгөө гаргуулж авсан. Миний дээрээс төмөр унагаасан “Баганат өргөө” компанийн захирал нь н.Батсайхан гэж хүн бол өнгөрсөн хугацаанд биеийг минь асууж нэг ч удаа утсаар яриагүй. Менежер нь гэх  н.Мөнхдалай гэж хүн ирж уулзсан болоод л таг болж байсан. Эрүүл мэндийн их хохирол үзээд үнэхээр хэцүү байна, өр шир тавиад эмчилгээ хийлгэж байна, эмчилгээний зардал мөнгө өгөөч гэхээр Бидэнд тийм их мөнгө байхгүй.”   гээд л өнгөрөөж байсан хүмүүс л дээ.

-Эхнэр тань таныг эмчлүүлэх гэж хүнээс мөнгө зээлсэн нь эргээд их хэцүү асуудал үүсгээд байна гэх мэдээлэл байсан л даа. Тэр өрөө төлж чадсан уу?

-Тийм ээ. Өмнө нь зөндөө эмнэлэг, эм тариа гэж яваад өр шир тавьсан байсан. Хохирлын мөнгөө аваад тэр өр ширээ дараад ерөнхийдөө таарч байна даа.  Хэрэв шүүх ингэж шийдэж өгөөгүй бол хоёр хүүхдээ насан туршид нь өртэй л үлдээх байлаа. Харин шүүгчдийн шийдвэрээр тийм зүйлээс аврагдсан л гэж бодож байна. 2012 оны есдүгээр сараас хойш бараг гурван жил явж байж ямар ч байсан асуудлаа үнэн мөнөөр нь шийдүүллээ. Намайг хохироосон компаниудын тухайд өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болж осол гаргачихаад, тав арван төгрөг өгөх болохоороо гэдийгээд байдаг, харамсалтай. Би чинь эцэг хүн. Ганцаараа биш. Надад гэр бүл, хоёр хүүхэд байна. Гэтэл би хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдчихсан. Хүссэн ажлаа хийж чадахгүй болчихсон. Улирал тутам хэвтэж эмчлүүлж байгаа. Ер нь бол биеийн байдал минь  эмчлүүлээд л байвал эмчлүүлээд л байх янзтай байх юм даа. Хохироосон компанийн хүмүүс утсаа ч авахгүй таг алга болчихоод  “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу”  гэдэг шиг тун хүнд байдалтай байсан үе олон байсан. Над шиг олон хүн барилгын ослын улмаас эрүүл мэндийн хохирол үзэж, зовж байгаа шүү дээ.

Би энд нэг зүйлийг бас хэлмээр байна л даа. Барилгын ослыг үйлдвэрлэлийн осол гэж авч үзэхээр хохирогчдын хохирлыг барагдуулах, хариуцлага алдсан нөхдүүдтэй хариуцлага тооцох асуудал хумигдмал байгаад байдаг юм байна. Энэ тал дээр анхаарах шаардлага их байна.”

Онцгой байдлын албанд 4 жил ажилласан Н.Очирбат ийн ярьсан юм. Ажил үүргээ хариуцлагатай сайн гүйцэтгэдэг байсан тэрбээр барилгын компанийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас их хохирол үзснийг шүүх албан ёсоор тогтоож өгөөгүй бол түүний амьдрал ахуй өнөөдөр тун хүнд байдалтай байх байсныг тэр өөрөө хэлж буй. Тиймээс нэмж илүүг нуршаад яахав. Харин төгсгөлд нь, 12 настай Б.Есүгэн охины амийг авч одсон ослын талаар өгүүлэхэд яагаад ч илүүдэхгүй болов уу. “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн захиалгаар “Төгс гүрэн” ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгын долоодугаар давхарт цутгалт хийхээр автопомт байрлуулах явцдаа 10-38 УНУ улсын дугаартай 50 метрийн урттай  бетон зуурмаг шахуургын хоолойг унагаж, охины амийг хөнөөсөн хэрэгт Г.Гантөмөр, Б.Дашням, Б.Саранхүү, Д.Болд, Б.Буянтэгш, О.Батмөнх нар холбогддог. Эдгээр хүмүүс нь үйл ажиллагаа явуулахдаа  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны  дүрэм зөрчсөн гэгддэг.  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд уг хэргийг өнгөрөгч наймдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд  шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарт 1.6 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч Д.Болдын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жил хорих ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг эдлүүлэхээр,  шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсан  юм. Харин хохирогчийн аав Ц.Батсайхан гомдол гаргасныг Улсын Дээд шүүх хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь, уг хэргийн үнэн мөнийг бүрэн дүүрэн тогтоох гэсэн үүдэлтэйнх биз ээ.

Э.Болорхажид

Times.mn сайтад 2015 оны 2-р сарын 27-ны өдөр нийтлэгдсэн.