Шүүхийн шинэчлэл ба шударга ёсны нэхэл

2015 оны 04 сарын 29 3481

Би энэ удаа шүүхийн шинэчлэл ба шударга ёсны талаар өөрийн ажиглалт, дүгнэлт, бодлоо олон нийттэй хуваалцахаар энэ нийтлэлийг тэрлэв. Энэ нийтлэлд шүүмжлэлт санаанууд багагүй цухалзах нь шүүхийн салбарт  ажиллагсдад тэгтлээ их таалагдахгүй ч байж мэдэх юм. Шүүхийг магтана гэвэл надад хангалттай баримт материал бий. Зөвхөн өөрийнхээ өмгөөлсөн 405 эрүүгийн хэргийн дор хаяж 300-д нь би өмгөөлөгчийн үндэслэлтэй саналыг хүлээж авсанд нь, хэргийг зөв шударга, голыг нь олж ноён нуруутай шийдсэнд нь, хуулийг зөв хэрэглэж  хүнлэг хандсанд нь шүүхэд талархалын үг хэлж чадна. Гэхдээ шүүхийг ил цагаан магтах нь тал засаад ч байгаа юм шиг, албаны харилцаа эвдэгдээд ч байгаа юм шиг, цаанаа нэг юм агуулаад ч байгаа юм шиг өмгөөлөгчид нэг л эвгүй золигийн зүйл бөгөөд шүүх гэгч угаасаа шударга үнэний эрхэмсэг оршихуйтай, тэр нь дотроо агуулагдаж, зөвийг хамгаалж, бурууг тогтоож өгдөг тэрхүү шинжээрээ ухаант хүн төрөлхтний соёлжих гэгээрэх явцдаа бүтээсэн нэг үнэт зүйл юм.

Учир иймээс шүүхтэй байнга харьцаж, үйл ажиллагаанд нь оролцож явдаг хуульч, өмгөөлөгчийн ажиглалт ажилд нь тустай байж мэднэ гэсэн сайн санаагаар үүнийг бичсэн гэдгээ өчих нь зөв байх .

Шүүхийн шинэчлэл найдвар төрүүлж байна.

Шүүхийн хаалгаар орж гарч, шүүхтэй харьцаж явдаг хуульчийн хувьд шүүхийн шинэчлэлийн багц хуулиуд батлагдан мөрдөгдсөн нэг жил гаруйн хугацааны бодит байдлыг ажиглахад үр дүн гарахнээ гэсэн итгэл найдвар төрж байна. Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцаа, хандлага, ажилдаа хандах хариуцлага, ажлын нөхцөл боломж өргөс авсан мэт сайхан болоогүй ч алхам алхамаар өөрчлөгдөж, шүүх шинэчлэгдэж, шударга ёс бэхжих юм байна, шүүхийн шинэчлэл гээд яриад байсан нь учиртай юм байна гэсэн итгэл хуульчдад төдийгүй олон нийтэд “үнэртэж” эхэлж байна гэж хэлж болно.

,Ер нь Монголчууд бид хууль, шүүхэд итгэсээр ирсэн уламжлалт хандлагатай ард түмэн л дээ. Тиймээс ч хоорондоо яриад учраа олохгүй, хүнд хэцүү асуудал тулгархад шүүх, хуулиараа явж учраа олноо гэсэн өндөр гэгээн итгэлтэй байсан, хууль шүүхийнхээ шийдвэрийг голч, чигч үнэн гэж хүлээж авдаг байдал саяханы 2000-аад оны эхэн үе хүртэл хэвээр байсан гэхэд нэг их буруудахгүй байх. Энэ их итгэл сүүлийн жилүүдэд тэс өөрөөр эргэж шүүх, шүүгчид итгэхэд хэцүү, танил тал тохой таталт, албан тушаал, ашиг сонирхолын хүлээсэнд орсон гэдэг үл итгэх байдал бий болсныг нийгмээрээ мэдэж байсан боловч түүнийг өөрчлөх хүсэл зориг Монголын төрд нэг л бий болж чадахгүй байсан юм. Шударга шүүхтэй болччихвол өөрсдөө “алуулах” учраас үе үеийн Ерөнхийлөгч, УИХ санаачлага гаргаагүй, гарсан зарим нэг санаачлагыг бүрхэгдүүлж, орхигдуулж ирсэн гэж хэлж болно. Энэ байдлыг анзаарч нийгмийн хүлээлтийг олж харж, онож тодорхойлон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан эхлүүлж, түүний шадар хуульч П.Цагаан, Х.Тэмүүжин нарын уйгагүй чармайлтаар УИХ-аар дэмжүүлж батлуулж чадсан Шүүхийн шинэчлэлийн багц хуулиуд үр дүнгээ өгч эхэлж байна гэж одоо бардам хэлж болохоор байна.

Ардчиллын үнэт зүйл бол хууль заавал биелдэг хэрэгждэг, түүнийг зөрчвөл хариуцлага гарцаагүй байдаг шударга ёс тогтсон байх явдал юм. Үүнийг хангах механизм нь хараат бус, бие даасан шүүх засаглал гэдгийг тунхагласаар, ярьсаар ирсэн боловч түүнийг хэрэгжүүлэх улс төрийн хүсэл зориг үгүйлэгдсээр байсан гэсэн үг.

Монголын шүүх тухай тухайн цаг үедээ Монголын нийгэмд түүхэн үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Би социализмын мандан бадралын 1970, наяад онд Улсын дээд шүүхэд алба хааж, тэр үеийн шүүхийн аваргууд болох Ц.Лувсаншарав, Т.Цэрэн-Очир, А.Загд, Б.Санжмятав, Д.Алтанггэрэл, Ж.Ичинхорлоо, Д.Төрбат,Н.Ганбаяр нарын гавъяатууд, Б.Пүрэвдорж, Д.Хөөт, Д.Гомбосүрэн нартай хамт ажиллаж, үг сургаалыг нь сонсож, үүрэг даалгаврыг нь биелүүлж, хөдөө аймаг, хотын шүүхээр шалгалтаар хамт явж , тэдний ямар их чармайлттай, хэрэг асуудлын голч нурууг гаргах, үнэнийг олох гэж ухаан зарж, ярьж хөөрч зөвлөлдөж байсныг хэрэг маргаан шийдэхэд оролцдоггүй ч халуун тогоонд нь хамт буцалж явсны хувьд хувьд бага сага  гадарлана. Орон нутагт ч иймэрхүү луугар шүүгчид олон байсан даа. Ийм шударга, ажил хэрэгч, ашиг сонирхолын зөрчилгүй, ноён нуруутай, хууль хэрэглээний чадвар, дархлаатай шүүгчид шүүхийн ухааныг тээж явдаг юм шиг санагддаг.

Тиймээс аль ч цаг үед шүүх хамгийн дүн нуруутай төрийн байгууллага байсан байхаа. Яахав сайн муу нийлж сав дүүрдэг хорвоод муу муухай юм байх ёсгүй шүүхэд шударга бус байдал нэг хэсэг 20-30 хувьд буюу 10 хэргийн 2-3-т нь “юм ордог” гэгдэх хэмжээнд хүртэл үүрлэсэн байж мэдэх юм.      Одоо бол 1 болтлоо буурсан гэж хэлэхэд болно.

Би энэ тоог өөрийнхээ өмгөөлөгчийн 20 жилийн, нийтдээ 700-аад хэрэг өмгөөлсөн туршлагаасаа үндэслэн хэлж байна. Ер нь шүүхэд ирсэн хүмүүс асуудлыг нь шударгаар шийдсэн л бол өөрийнх нь зорилго биелээгүй байсан ч юмны багцааг гадарлаад л гардаг нь үнэн.

Тиймээс шүүхийн шударга ёс бол өнөөгийн манай улсын хөгжилд маш их том үнэт зүйл юм. Загасчдын буурай тосгоноос Азийн бар болсон Сингапурын туршлага ч байна. Энэ хот – улс гаднын хөрөнгө оруулалтыг татаж, хөгжлийнхээ замыг нээхдээ эхлээд шударга, нөлөөнд автдаггүй, гадаадын хөрөнгө оруулалт, түүний эздийн эрх ашиг сонирхолыг шударгаар хамгаалж чаддаг шүүхийн системийг бий болгосон нь өнөөгийн үр дүнг авчирсан гэдэг.

Манай улс гадаадын хөрөнгө оруулалт үргэлээ, дайжлаа гээд халагдлаад,түүнийгээ энэ ч намаас, тэр ч намаас, тэр ч популистаас боллоо гэж маргалдах нь үнэн байлаа гэхэд шалтгааны тал хувь нь шударга, нөлөөнд автдаггүй шүүхтэй болоогүйг анзаараад хөрөнгө оруулагчид эрх зүйн эрсдлээс сэргийлсэн байх магадлал өндөртэй.

УИХ-ын сонгуулийг ч шүүх шүүрч авч шийддэг, за тэгээд тендер сонгон шалгаруулалт,энэ тэр гээд оролцохгүй, шийдэхгүй юмгүй болж, сүүлдээ бүр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шударга ажиллагааг ч шүүгчийн нэг л захирамж зогсоох буюу арга зальтай этгээдийн амиа хоохойлох, бусдыг хохироох арга хэрэгсэл шахуу болсон явдлыг эргэж харж цэгцлэхгүй бол шүүхийн шинэчлэлийг улдан чангааж магадгүй нэг  хүчин зүйл болж харагдаж байна.

Бараг хууль болгонд байдаг бүхнийг шүүх шийдэх заалтыг эргэж нягталж , эдийн ба эдийн бус баялаг, өмч, өмчлөх эрхээс бусад ялангуяа засаг, төрийн оролцоотой бусад асуудлыг эхлээд тухайн харилцааны систем дотроо буюу шүүхээс гадуур шуурхай шийддэг, харин түүнийг зөвшөөрөхгүй бол шүүхэд ханддаг, шүүхийн хугацаа богино байдлаар зохицуулууштай байна. Энэ асуудлаар төсөл, хөтөлбөрийн хүрээнд хуулийн томоохон судалгааг  хийж, хуулиудын уялдаа, харилцан хамааралыг хангах асуудлыг сэдэх шаардлагатай мэт.

Шүүхийн шинэчлэлд юу саад болж байна вэ.

Шүүхийн тухай багц хуулиуд хэрэгжилтийнхээ эхний шатанд байгаа хийгээд үр өгөөжөө өгөх шинж мэдэгдэж байгаа боловч цаашид үүнд саад болж болзошгүй, шүүхийн нэр хүндэд халгаатай байж мэдэх цөөнгүй асуудал байна. Энэ талаар хуульчийн хувьд санаа оноогоо нэмэрлэе.

1. Хар ч гэж хэлдэг шоронжуулссан ч гэгддэг 2002 оны Эрүүгийн хуулийг халж Гэмт хэргийн тухай шинэ хуулийг яаралтай батлах шаардлагатай байна. Шүүх эрх мэдлийн системд өмгөөлөгчөөр олон жил ажилласан хуульчийн хувьд Гэмт хэргийн тухай шинэ хууль үнэхээр дэвшил авч ирэхээр сайн төсөл байна лээ. Энэ хууль гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүн бүр заавал эрүүгийн хариуцлага хүлээх, тэр нь гэм буруу, хор аюулд нь тохирсон ялгамжтай байх, яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр шүүх ялыг сонгон оногдуулах эрхийг олгох, хуульчдын субъектив үнэлэмжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилж хүнийг олон жил ял эдлүүлдэг явдлыг халах гээд тоочвол олон сайхан зохицуулалт энэ хуульд бий.

Энэ хууль батлагдаж хэрэгжсэнээр гэмт хэрэг үйлдсэн хэн ч гэсэн гэм буруугаа ойлгодог, оногдох багахан хэмжээний үр нөлөөтэй ялыг зөвшөөрдөг, эдэлдэг болно. Ингэснээрээ нийгэмд хууль, шударга ёсыг хүндлэх үнэлэмж үлэмж дээшлэнэ. Одоо дэндүү хатуу хуультай үед гэмт хэрэгт холбогдсон хэн боловч ял хариуцлагаас бултах, булзах, аль болох худлаа мэдүүлэх, хэргийг сунжруулах сонирхолтой, байцаан шийтгэх ажиллагаа явуулдаг мөрдөн байцаагч, прокурор нь ч хэргийг олигтой нотолж чадахгүй шар махтайгаа хатаж, заримдаа зориуд завааруулж, хэрэг шүүхээс олон дахин буцаж үүнээс болоод шүүх эрх мэдлийн, энэ хүрээнд ажилладаг хуульчдын нэр хүнд тааруухан байгаа нь бодит үнэн.

Нэгэнтээ Монгол Улсын Ерөнхий прокурор асан М.Алтанхуяг “ прокурор мөрдөн байцаагчийнхаа дарамтад байна” гээд үнэнийг хэлчихсэн ч явдал бий.

Яахав 2000-аад оны эхэн үед нийгмээрээ задгайрах үед шүүхэд ялын хэмжээг доош татах, өөр төрлийн ял сонгон оногдуулах эрхийг хууль олгож байсныг овжиноор ашигладаг шүүгч цөөнгүй болсон бодит үнэнийг анзаарч үүнийг хаахаар ялыг сонголтгүй болгож чангаруулсан нь нэг хэсэгтээ зөв байсан ч байж болзошгүй.

Гэхдээ энэ хууль тэрхүү үүргээ нэгэнт гүйцэтгэсэн төдийгүй шүүхийн шударга бус байдлыг халах гэж иргэдээ хатуу шийтгэдэг хэлбэрийг сонгосон нь угтаа харгис явдал юм.

2. Хугацаагүй томилогддог, дархан эрхт шүүгч нарын дотор чадвар тааруу, нөлөөнд автдагаас ч юмуу янз бүрийн мэдээжийн алдаа гаргаж хэрэг маргааныг сунжруулж, олон жил дамжин, олон дахин шийдвэрлэгдэж, шүүхээр эрхээ хамгаалуулагчдыг залхтал явуулдаг явдал нэг их багасахгүй байна. Энэ явдал шинэчлэгдэж байгаа шүүхийн нэр хүнд, шүүхийн шинэчлэлийн үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олон он дамжин 2-оос илүү удаа анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр дахин давтан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргааны хэргийг зориуд судлан шүүх, шүүгчдийн алдаанд дүгнэлт хийж, хариуцлага тооцох шаардлагатай.

Ерөөсөө манай Боловсролын яам, Хуульчдын холбоо цаашид эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн шаардлагыг өндөржүүлэхийн зэрэгцээ ийм мэргэжлээр элсэгчдийг хуучин нийгмийн үеэс эхлэн тооны төрлийн хичээлд тааруу нийгмийн ухаан суурилсан шалгуураар элсүүлж ирснийг эргэн харж, байгалийн ухаанд түлхүү суурилсан болгох шаардлагатай. Хуульч бол юм уншаад ойлгодог хүний мэргэжил биш бөгөөд асуудлыг танин мэдэж, ялгаж салгаж, задлан шинжилж, нэгтгэн дүгнэж  чаддаг, сэтгэх чадвар, логик сайтай, нотолгоо үндэслэл, хуулийн зохицуулалт хоёрыг холбож зөв дүгнэж чаддаг хурц ухаан, гярхай хараатай хүний хийх ажил, мэргэжил юм

Цаашид шүүгч болох хуульчдад одоогийнхоос илүү нарийн шалгуур тавьж болж өгвөл инженер, эдийн засагч зэрэг өөр суурь мэргэжил дээр эрх зүйчээр суралцсан давхар мэргжэжилтэй буюу эрх зүйчээр ахисан түвшинд суралцсан /магистр, доктор зэрэг/, судалгааны ажил хийсэн, практикт тодорхой хугацаанд ажилласан хуульчдыг шүүгч болгох бодлого баримаар санагддаг. Ингэвэл яая даа гэмээр сайн шүүгч нар гарч ирэх байхаа. Сүүлийн 2 жилд ШЕЗ байгуулагдсанаар боломжийн шүүгч нар томилогдож байгаа ч цөөн боловч сулхан хүмүүс ч ирж л байна. Шүүхийн мэргэжлийн хороо тодорхой хугацаанд шүүгч нараа “шүүсийг нь шахан”  шалгаж, шаардлага хангахгүйг нь явуулж, сэлбэлт хийж баймаар.

Одоогийн хуульч сонгон шалгаруулах шалгуур сулхан байгааг бас эргэн харж, урсгалаараа явж байсан эрх зүйч орж ирээд хуульчид тэнцдэг энэ байдлыг эрс өөрчилж, хатуухан шалгууртай болгож, түүнийг давсан эрх зүйч шүүгч, прокурор, өмгөөлөгчид ямар ч эргэлзээгүй тэнцэх хэмжээнд аваачих шаардлагатай.

3. Шүүхийн шинэчлэл, нэр хүндэд зарим талаараа садаа болж байгаа шүүх эрх мэдлийн хүрээний салбар бол өмгөөлөгчид гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Өмгөөлөгч бол шүүхийг зөв, шударга шийдвэр гаргахад мэргэжлийн түвшний, эрүүл зөв мэтгэлцээнээр дамжуулан туслах, ингэснээрээ бусдын зөрчигдсөн эрхийг хууль ёсоор хамгаалах хамгийн гол нөлөөтэй,  шүүх эрх мэдлийн маш чухал субъект юм. Тэд нэгдүгээрт үүнийгээ маш сайн ухамсарласан байх ёстой. Хоёрдугаарт үүнийгээ хэрэгжүүлэх мэргэжлийн бэлтгэлтэй, ажлын боломжтой, энэ ажилдаа хариуцлагатай ханддаг судлагч, шинжлэгч байх учиртай юм. Тэгж гэмээнэ өмгөөлөгч шүүх, шүүгчийн анхааралд өртөхүйц, анхаарч үзэхээс аргагүй үндэслэлийг гаргаж тавьж чадах, ингэснээрээ үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж чадах юм. Гэтэл ийм байдал Монголын өмгөөлөгчдийн тун багахан хувьд төлөвшсөн гэж харагдахаар байна. Өмгөөлөгчийн нотлох баримт үнэлэх, хууль хэрэглэх талаарх үндэслэлтэй санал дүгнэлт шүүхийн анхаарлын гадна үлдэх нь харьцангуй цөөн шүү.

Хэрэгт ач холбогдол багатай сунжруу, сул яриа, үндэслэл муутай сулбагар хүсэлт бол өмгөөлөгчийн ажил биш юм. Өмгөөлөгч хэрэг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хүсэлт гаргах, баримт сэлт цуглуулахын оронд хэрэг маргааныг ач холбогдол багатай зүйлээр зориуд сунжруулах, элдэв шалтгаан, худал үнэн үндэслэл гаргаж зориуд хойшлуулан хэргийн оролцогчдыг чирэгдүүлэх, хэрэг шийдвэрлэх ажиллагааг гацаах арга хайх, нотлогоо үндэслэл, хууль хэрэглээний эрүүл мэтгэлцээнийг чухалчилахгүй, шүүх хуралдааныг хэрүүлийн шинжтэй болгох, ач холбогдол багатай үг үсгээр хөөцөлдөх, нэгийг өмгөөлөх гээд эсрэг талын хуулиар хамгаалагдсан эрхэд халдах, үйлчлүүлэгчээсээ бодит байдлыг нуух, өөрийн алдаагаа шүүхэд тохож буруу ойлголт өгөх, хуулийн маш тодорхой заалтыг илт худал тайлбарлах, үйлчлүүлэгдээ муу арга заах, эцэстээ нөгөө талтайгаа биш энэ байдлыг нь анзаарч анхааруулсан шүүгчтэй маргаж мэтгэлцэх, гомдоллох зэргээр шүүхэд сөрөг нөлөө үзүүлдэг ёс зүйгүй байдал нилээд өргөн хүрээтэй байна гэж хэлж болно.

Сүүлийн үед шүүхэд төлөөлөх эрхийг шууд олгодог болсноор иймэрхүү муу аргатай өмгөөлөгчид цөөрөх биш улам олширч байгаа нь шүүхэд шинэ бэрхшээлийг үүүсгэж байна.

Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиас өмгөөллийн зохицуулалтыг салгаж тусад нь Өмгөөллийн тухай бие даасан хууль болгох, өмгөөлөгчид тавих шалгуурыг өндөр болгож, ийнхүү баталсан шинэ хуулийн дагуу одоо эрх авсан бүх өмгөөлөгчийг дахин сонгон шалгаруулах шаардлагатай. Энд тэнцээгүй нь шүүхэд төлөөлөх эрхгүйгээр тэнцсэн өмгөөлөгчдийнхээ нөхөрлөлд гэрээгээр ажиллана уу, эрх зүйчээрээ амьдарна уу өөрийнх нь асуудал. Өмгөөлөлд зах зээлийн шударга өрсөлдөөнийг хуулиар тогтоох шаардлагатай байна.

Оруулж ирсэн хэрэг нь “шал түүхий”, шүүхийн босго давдаггүй, өмгөөлөгч нарт дээрэлхүүлээд зогсож байдаг сулхан прокурорууд ч бас шинэ шүүхэд нэг бэрхшээл болж байгааг анзаарах учиртай. Сүүлийн жилүүдэд орон нутагт прокурорууд залуужсан ч чадвар нь муудсан.

4. Шүүх эрх мэдлийн багц хууль, шүүхийн шинэчлэлээс ухрах хандлага цухалзаж байгааг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Ингэх нь нэгэнт нийгэмд хүлээлт бий болгочихсон шүүхийн шинэчлэлийн нэр хүндийг “шороотой хутгана” гэгч болно. Давж заалдах шатны болон захиргааны шүүхийг нутаг дэвсгэрээр тойргоор байгуулсан, шүүгчдийг сэлгэн томилсон нь энэ шатны шүүхийн чадамжийг дээшлүүлэх, нэг орон нутагт хэт удаж дархлагдсан, бүх хэрэг, маргаан түүний үзэмжээр явдаг шахуу болсон ерөнхий шүүгч нарыг хязгаарласанд шударга иргэд, өмгөөлөгч нар талархалтай байгаа.

Гэтэл энэ зохион байгуулалтыг ард түмнийг зовоож зүдрээсэн зүйл мэт үзэж  буруутгаж байгаа нь шүүхийн шинэчлэлд сайн юм авчрахгүй. Яахав илүү зардал, чирэгдэл байна гэвэл эдгээр шүүхэд тойргийн аймгаас ирж оролцогчдын унааны зардлыг шүүхийн зардал хэлбэрээр олгох, эсхүл теле системээр шүүх саналыг нь сонсож, үгийг нь хэлүүлэх гээд боломжтой арга замууд бий. Ер нь өөрийнхээ эрх ашгийн төлөө шүүхэд ирэхэд буруу юу байна. Улаанбаатарт хяналтын шатны шүүх буюу Дээд шүүхэд бүх аймгаас хэл үггүй ирээд болоод л байдаг шүү дээ. Хууль зүйн шинэ, хуучин сайдын хоорондын харьцаа, шинэчлэлд хандах хандлагаас болоод шүүхийн шинэчлэлээс ухрах байдал гарах вий дээ гэж санаа зовж байна.

Гурав. Шүүх шүүмжлэлээс ангид уу?

Ерөнхийдөө бол шүүмжлэлээс ангид шахуу байсаар ирсэн салбар бол шүүх. Сүүлийн нилээд хэдэн жилийг нэхэн санахад судалгаа шинжилгээ  хийдэг доктор Н.Лүндэндорж, С.Нарангэрэл дотор нь байгаа шүүгч Т.Уранцэцэг, Ц.Цогт гээд цөөвтөр хуульчид өдөр дутмын томоохон хэвлэлээр шүүх, шүүхийн дотоод амьдралд шүүмжлэлтэй хандаж байсан санагдана.

Дээхнэ Б.Чимид даргын үед намайг Улсын Дээд шүүхэд ажиллаж байхад “Тоншуул” сэтгүүлийн тусгай сурвалжлагч, соёлын гавъяат зүтгэлтэн Н.Иштавхай гэдэг эрхэм Сүхбаатарын районы шүүхээр ороод эмх цэгцгүй байдал, шүүгч ажилтны ихэмсэг зангийн тухай “Үнэн” сонинд “гөвөн” цочроо өгч, түүний мөрөөр сүрхий ажил ундарч, эргэж хариуг мэдээлж байсныг санаж байна.

Одоо ч нийгмээрээ шахуу муулах, миялахын дон туссан шахуу болсон болохоор шүүх байтугай нь хэвлэлээр гөвүүлсэн ч тоож, тооцож байгаа юм алга л даа. Нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэд, зарим компани зарга маргаанаа ашиггүй шийдүүлсэнтэй холбоотойгоор шүүх, шүүгчийн нэр устай нь шударга бусын жишээ болгон гомдож, цөхөрсөн хирдхиймээр зүйл бичсэн л харагдах юм. Иймэрхүү юмыг үнэнд тооцох нь хуульчдын хувьд бол учир дутагдалтай зүйл. Шүүх халуун тогоон дотроо түүний учир начрыг эрхбиш ярилцдаг  байлгүй.

Харин шүүхийг иймэрхүү байдлаар шүүмжлэмээр юм мэргэжлийн этгээд буюу шүүхтэй байнга харьцдаг өмгөөлөгчдөд нийтлэг биш ч гэлээ олонтаа тохиолддог юм.

Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд иргэд шүүхийг юугаар нь өөлж, яаж шүүмжлэхийг зааж зааварлах, буруутгах боломжгүй. Гагцхүү шүүгчийг илт үндэслэлгүйгээр гүтгэсэн бол эрүүгийн болон иргэний эрх зүйн хариуцлага хүлээдэг гэдгээ л санасан байх учиртай.

Харин мэргэжлийн этгээдийн шүүмжлэл ихээхэн онцлогтой. Тэд шүүх, шүүгчийн алдаа, зөрчил бүрийн төлөө чөлөөт хэвлэл, сурвалжлагч руу гүйгээд байхгүй, бүр цөхөрсөн үедээ л шүүх, шүүгч хуулийг эс хэрэгсэж байна, хүний эрхийг зөрчиж байна, бие даасан хараат бус байдлаа алдаж, дохио зангаагаар ажиллаж байна гэсэн үндэслэлээр хандаад өөрсдөө буцаад сэжигтэн болох тохиолдол гарч байгааг юу гэмээр ч юм бэ дээ. Яг энэ асуудлаар буюу “Хүний эрх хамгаалагчийн хамгаалалт” сэдвээр ХЭҮК хэсэгчилсэн судалгаа явуулж байгаа нь олзуурхууштай.

Харин мэргэжлийн этгээдийн буюу өмгөөлөгч, прокурорын шүүмжлэл нь голдуу тэдний дээд шатанд гаргасан гомдлоор дамжин илэрдэг тул шүүх түүнд анхааралтай хандаж, алдаагаа олж харж, судалж байх учиртай. Яахав давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны тогтоолыг доод шатны шүүхүүд нь авч үзэж алдаа, зөрчлөө ярьдаг юм шиг байна лээ.

Харин Дээд шүүхийн тогтоол алдаатай болсон бол түүнийгээ өөрөө засаж залруулж байхаар Үндсэн хуулиар зааж, процессын гэгдэх хуулиудаар энэ эрхийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид олгосон юм. Дээд шүүх огт алдаа гаргадаггүй юу гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Даанч яав даа гэмээр алдаа ч тохиолдоно. Ийм тохиолдолд хэргийн оролцогчид, өмгөөлөгчид Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандавч шууд л хад мөргөнө. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлтээр 2012-2013 онд Эрүүгийн 10, Иргэний 1 хэргийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцсэн байх бөгөөд 2014 онд нэг ч хэрэг хэлэлцээгүй /supremecourt.mn/ байна. Нэг үе өмгөөлөгчид Ерөнхий шүүгчид хандан гомдол нилээд гаргадаг байсан боловч түүнийг нь үл тоон, 70 дөхсөн ажлын албаны 2 өвгөн хаацайлсан үгтэй ганц хуудас хариу шидээд байхаар нь цөхөрч, одоо бараг бичихээ ч больж байх шиг байна.

Уг нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн журмаар шийдвэрлэх асуудалд шүүхийн захиргааны ажилтан хариу өгөх нь хэрэг маргааныг хууль ёсоор байгуулагдсан шүүх л шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа явдал шүү дээ.

Уг нь   Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр дээр гаргасан хяналтын гомдол бүрийг Дээд шүүхийн аль нэг танхимд харъяалагддаггүй, эрүү, иргэн, захиргааны хэргээр илүү мэргэшсэн, онолтой, туршлагатай шүүгч хянан үзэж, гомдлыг хүлээж авах үндэслэлтэй бол Ерөнхий шүүгчийн дүгнэлт бичиж, хүлээн авах үндэслэлгүй гэж үзвэл Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хүлээн авч дүгнэлт бичихээс татгалзан хариу өгч байх ёстой. Ингэвээс Үндсэн хуульд ч нийцнэ, Дээд шүүх алдаагаа олж харж, засаж залруулж чаддаг болно.

Сүүлийн хэдэн жил Дээд шүүх  хуулийн заалтыг хэрэглэх талаар ганц ч албан ёсны тайлбар гаргасангүй. Шүүгч нар нь хуулиа чинээнд нь тултал тайлбарлаад хэрэглэдэг болчихсон юмуу гэхээр арай ч үгүй. Бараг хуулиа уншаад юуг, яаж зохицуулаад байгааг өөрөө ойлгодоггүй шахуу шүүгчид цөөнгүй байгаа одоогийн нөхцөлд зүг чигийг нь гаргасан тайлбар хэрэгтэй л баймаар.

Энэ бүхнийг үглээд байгаагийн учир нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, энэ дэлхийд тогтсон аль ч улсын нэг том итгэл үнэмшил бол тухайн улсын Дээд шүүх улсынхаа доторх хэрэг, маргаанд эцсийн цэг тавьж, хуулийн хэрэгжилтийн, шударга үнэний жишиг бий болгодог явдал юм. Тийм ч учраас Монголын Дээд шүүх энэ шалгуурт дөхөж очоосой, тийм чадвартай, ёс зүйтэй, шударга шүүгчдээр бүрдээсэй гэсэндээ ийм зүйл бичмээр санагдлаа. Яахав намайг  “Энэ муу яасан их үгтэй, өмгөөлөгч вэ” гэвэл тэр л биз. Доктор, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга ноён Н.Лүндэндорж нэгэнтэй Дээд шүүхийг илүү чадваржуулах тухай, Дээд шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэд оруулах тухай дуугарсан байсан нь тун ч олзуурхууштай сонсогдож байна лээ. Ажил хэрэг болох байхаа гэж ажиглаж, харж сууяа.

Ер нь дээд шатны шүүхүүд нь доод шатныхаа шүүхийн шийдвэрээс алдаа хайж /хуурс түүх/ өөрчилж, хүчингүй болгон эр бяраа үзүүлэхээ урьдал болгохоос илүүтэй хэрэг маргааныг зөв шийдэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж, хэвшүүлж байх ёстой байх. Энэ шүүмжлэл давж заалдах шатны шүүхүүдэд илүүтэй хамаарна. Энэчилэн гомдол тэмцэл, хэл үг хийгээд яваа этгээдээс айдаг, дээш доош нь бичнэ гэсэн сүрдүүлгээс эмээдэг, энэ нь хэрэг шийдвэрлэлтэд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг гээд бичээд байвал олон юм бий. Гэвч энэ бүхнийг орхиж барьцтай томоохон гэсэн асуудлыг хөндөхийг хичээлээ.

ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Р.НЯМЦЭРЭН

Улаанбаатар сонин 2015 оны 2-р сарын 04-ны №04/104-т нийтлэгдсэн