Мэндчилгээ

2017 оны 10 сарын 06 592

МЭНДЧИЛГЭЭ

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ажиллаж байсан ахмадуудаа,

Тус шүүхийн шүүгч, ажилтнуудаа, 

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны манаа нь болж шүүх эрх мэдлийн алтан жолооноос атгалцаж яваа Та бүхэнд Нийслэлийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Дээд шүүхийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монголын шүүх баялаг уламжлалтай, бахархам түүхтэй билээ. Энэ их уламжлал, түүхийн нэгэн хэсэг болж шүүн таслах ажиллагааны ололт амжилтаа цэгнэж, түүхэн ойгоо тэмдэглэж байгаа Та бүхэндээ халуун баяр хүргэе.  

Монголын тэр дундаа шүүхийн түүхэнд холбогдох өнгөрсөн 105 жил өрнөл ихтэй он жилүүд байлаа. Тухайлбал, өрнийн соёлыг хууль зүйн хэм хэмжээгээр дамжуулан авч нутагшуулах, түүнийг төлөвшүүлэх, үндсэн хуульт төр-улсын байгуулалыг бүтээх, үндсэн хуульт төрөөс эрх зүйт төрд шилжих зэрэг үзэгдэл-харилцааны явцад шүүх нь шүүн таслах байгуулалтаас шүүх эрх мэдэл болтлоо хөгжсөн байна. Монголд өрнөсөн энэхүү үйл явдалд дэлхий дахинаа хүний засагаас хуулийн засагт шилжих хувьсгал, үзэл санааны тархалт ч багагүй нөлөөлсөн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

XV жарны цагаагчин гахай жилийн өвөл VIII Богд Живзундамба хутагтыг Богд эзэн хаанд өргөмжилж Эрдэнийн ширээнд залах их ёслолыг нээн явуулж Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам, Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яам, Цэргийн Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам, Сангийн Хамаг Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам, Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яам гэсэн төрийн  5 яамнаас бүрдсэн Монгол улсын байнгын засгийн газрыг байгуулсан юм. Энэ өдрөөс эхлэн Монгол улсад орчин цагийн шүүх байгуулагдсан бөгөөд түүний хөврөлөөр өнөөдөр Та бид Нийслэлийн шүүхийнхээ 90 дэх жилийнх нь ойг тэмдэглэж байна.

Шүүн таслах ажиллагаа, түүнд холбогдох түүхэн эх сурвалжууд, энэ талаарх баримт сэлт нь хосгүй нандин дурсгал болон үлддэг билээ. Энэ өвийг хойч үедээ өвлүүлж, үлдээх  хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг Нийслэлийн шүүхийн үе үеийн шүүгчид амжилттай гүйцэлдүүлж, хөгжлийнхөө бүх цаг үед нэр төртэй биелүүлж ирснийг миний бие бахархан тэмдэглэж байна.

Монголын шүүх нь шүүн таслах ажлыг эрхлэх зохион байгуулалтын бүтцээс хальж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн загвар тийш тэмүүлж, шүүх эрх мэдэл болтлоо хөгжиж, Үндсэн хуулиар баталгаажсан байна. Энэ бол зөвхөн шүүх, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэж буй этгээдэд мэдрэгдэх дэвшил биш харин Монгол төрийн, Монгол Улсын хөгжлийн түвшинг илтгэх томоохон шалгууруудын нэг юм.

Монголын шүүхийн түүх дардан байсангүй. Хууль хэрэглээний соёлыг нэвтрүүлэх, түгээх, төлөвшүүлэх, шударга ёсны хэмжүүрийг үзэл суртлын нөлөөнөөс ангижруулах, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах, хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх замаар нийгэмд эрх зүйн соёлыг түгээх зэрэг олон сорилтыг дэлхийн жишиг-монголын туршлагын уулзварт шийдэж, хөгжүүлсээр өдийг хүрчээ. Эдгээр сорилтыг шийдвэрлэхэд 1927 онд байгуулагдсан Улаанбаатар хотын шүүх арга зүй, боловсон хүчин, эрдэм мэдлэг, дадлага туршлагын томоохон түшиц газар болсныг тэмдэглэх хэрэгтэй.

Тиймээс Монголын бүх шатны шүүхүүд, шүүгчид Нийслэлийн давж заалдах шатны шүүхийг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд сэтгэл зүрх, аж амьдрал, авъяас чадвараа зориулсан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, талархал дэвшүүлэх нь зүйн хэрэг юм.

Миний бие 1992-2006 онд Улаанбаатар хотын шүүхийн болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2006-2010 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр, нийтдээ 18 жил тус шүүхэд ажиллажээ.

Нийслэлийн шүүх надад ажил, амьдралын амтыг мэдрүүлж, алдаа гаргах эрхгүй ард түмний итгэл хүлээсэн хүндтэй алба гэдгийг ухааруулж, амжилт бүтээлийн минь түүчээ нь болсон сэтгэлд ойр, санаанд уяатай сайхнаар дурсагддаг юм.

Миний ажиллаж байсан он жилүүдэд шүүн таслах, захиргаа, боловсон хүчин, санхүү, аж ахуйн бүхий л асуудлыг шийдвэрлэхдээ маш бага хүчээр асар их ажил амжуулж, Нийслэлийн шүүхийн хөгжилд тодорхой нэг үеийг нь төлөөлөн хэлэх үгтэй, хийсэн ажилтай авч явж дараа, дараагийн удирдлагуудад нь хүлээлгэн өгсөндөө баяртай явдаг юм.

Өнгөрсөн зуун хүн төрөлхтний түүхэнд байгаагүй технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, эдийн засгийн харилцаа нэг улс, бүс, тивээс хальж дэлхийн хэмжээнд тодорхойлогдох болсноор нарийвчилсан харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэх мэргэшсэн, дагнасан, төрөлжсөн шүүхүүдийг байгуулах хэрэгцээ, шаардлага ч тулгарав. Монголчууд бид ч энэ сорилтыг туулж байна. Шүүх эрх мэдэл, шүүн таслах ажиллагааны талаарх дэлхийн жишиг-Монголын туршлагын уулзварт Та бид өнгөрсөн 90 жилийн түүхээ эргэн нэг харж, цаашдын хандлагаа тодорхойлох нь хамгаас чухал юм. Ийм л учир шалтгааны улмаас Та бүхэн энэхүү ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж, цаашдын зорилтоо тодорхойлох нь зүйтэй.

Бидний ойрын зорилт бол шүүн таслах ажиллагаа дахь хууль хэрэглэх ур чадвараа дагнасан шүүхийн хэв маягт нийцүүлэн тасралтгүй, эрчимтэй, нийгмийн эрэлтэд тулгуурлан хөгжүүлж, шинэ шатанд гаргах явдал юм. Энэ чиглэлд Нийслэлийн шүүх баялаг уламжлалтай бөгөөд харин одоо бидэнд дэлхийн жишиг, тэргүүлэх жишээнүүд түүчээ болохыг анхаарах хэрэгтэй.

Өнөөдрийн Нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнийг ажихад үнэхээр өргөжсөн байхын зэрэгцээ ахмадаа түших сайхан залуучууд төрөн гарч, уламжлал-шинэчлэл хамтдаа байгаад хувьдаа талархалтай байна. Бидний туулж ирсэн түүхэн замнал, хөгжлийн сорилт, гарц, шийдлүүд Та бидний түүхэн ойдоо барьж буй нэгээхэн өргөл юм.

Энэхүү өргөлийг Монголын шүүхийн хөгжил-шинэтгэлд хэзээд шударга ёсыг эрхэмлэн бүтээлч, зарчимч хандлагаар ажиллаж ирсэн нийт ахмадууд, шүүгч, ажилтан Та бүхний ажилд амжилт хүсье.

 

Шүүхийн дэнс үргэлжид Та биднийг ивээх болтугай.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг
2017.10.05
Улаанбаатар хот