Монгол Улсын Дээд шүүх – БНХАУ-ын Дээд шүүх хоорондын хамтын ажиллагаа үргэлжилж байна.

2017 оны 09 сарын 26 6659

БНХАУ-ын Дээд шүүхээс тус улсын Дунхуан хотноо 2017 оны 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж буй Торгоны замын бүс нутгийн улс орнуудын шүүхийн хамтын ажиллагаа сэдэвт форумд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тулга нар амжилттай оролцож байна.

Форумын эхний өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийг БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн шүүгч бөгөөд дэд дарга ноён Шэн Дэюун хүлээн авч уулзлаа. Ноён Шэн Дэюун БНХАУ Ардын Дээд шүүхийн даргын халуун мэндчилгээг дэвшүүлээд манай 2 орны шүүхийн хамтын ажиллагаа олон удаан жилийн түүхэн уламжлалтай ахан дүүсийн барилдлагатайг дурьдаад Монгол Улсын Дээд шүүх, БНХАУ-ын Дээд шүүх хооронд байгуулсан гэрээний дагуу Монгол Улсын шүүхийн шүүгч нарт зориулсан сургалт жил болгон уламжлал болсон бөгөөд шүүхийн найрсаг харилцаа, тэр дундаа харилцан мэдээлэл туршлага солилцох хамтын ажиллагаа өргөн хүрээнд хэрэгжиж байгааг дурьдсан юм.

 

Харин Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь форумын сэдэв цагаа олсон арга хэмжээ болж байгааг дуулгаад, форумыг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ.

Форумын 2 дахь өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь “Хил дамнасан худалдааны маргааны зохицуулалт Монголд” сэдвээр илтгэл хэлэлцүүлж үг хэллээ.

Дашрамд дурьдахад тус форумд 16 орны нийт 70 гаруй төлөөлөгч,  БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн болон орон нутгийн Ардын Дээд шүүхийн дарга, шүүгч нар болоод холбогдох албаны хүмүүс оролцож байгаа бөгөөд 9 дүгээр сарын 27-ны өдөр өндөрлөх юм.