Олон Улсын Эрүүгийн шүүхэд Монгол Улсаас нэр дэвшлээ

2017 оны 09 сарын 22 5133

Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын Ассамблейн ажлын албанаас 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 6 сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг зарласан юм. Нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 24-нөөс  7 дугаар сарын 16-ны өдрүүдэд явагдаж өндөрлөсөн. 2017 оны 12 дугаар сарын 4-14-ны хооронд АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд зохион байгуулагдах 16 дугаар Ассамблейн нэгдсэн хуралдаанаар гишүүн улсуудын дунд санал хураах замаар ОУЭШ-д ажиллах шүүгчдийг сонгох  юм.

Монгол Улсаас тус сонгон шалгаруулалтад анх удаа Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярыг нэр дэвшүүлж байгаа бөгөөд нэр дэвшүүлэх ажиллагаа Монгол Улсын Засгийн Газар, Гадаад хэргийн яамны тусламжтайгаар амжилттай явагдаж байна.

Сонгон шалгаруулалтын хүрээнд манай улсаас нэр дэвшигч Ч.Хосбаяр Нидерландын Вант улсын Гааг хотноо ОУЭШ-ийн төлөөх олон нийтийн байгууллагаас зохион байгуулж буй нэр дэвшигчидтэй хийх зөвлөлгөөн, тус шүүхийн Нарийн бичгийн даргын газрын Шүүгчийг шалгаруулах зөвлөх хорооноос зохион байгуулсан ярилцлагад тус тус амжилттай оролцоод байна.

Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн 6 сул орон тоонд нийт 12 улс өөрийн нэр дэвшигчийг  сойгоод байгаа бөгөөд Ази тивээс Монгол болон Япон улсууд нэр дэвшээд байна.

Дашрамд дурдахад ОУЭШ-ийн Ромын дүрэм нь Олон улсын байнгын ажиллагаатай Эрүүгийн шүүхийг байгуулах тухай  олон улсын гэрээ бөгөөд анх 1998 онд Ром хотод батлагдаж, 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм.

Монгол Улс Ромын Дүрмийг  2002 онд  соёрхон баталж, ОУЭШ-ийг үүсгэн байгуулагч 60 улсын тоонд багтсан аж. Одоогийн байдлаар 123 улс Ромын дүрмийн гишүүнээр нэгдээд байна. Ромын дүрмээр гишүүн улсууд “төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг, дайны, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг” үйлдсэн этгээдийн хэргийг дотооддоо шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Олон Улсын эрүүгийн шүүхэд уг этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг юм.