ХБНГУ-ын профессор багш нарыг хүлээн авч уулзлаа

2017 оны 09 сарын 05 429

    Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нар ХБНГУ-ын Вурзбургын Юлюс-Максимилиан их сургуулийн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор Эрик Хилгэндорф тэргүүтэй тус сургуулийн профессор багш нар болон эрдэм шинжилгээний ажилтан нарыг хүлээн авч уулзлаа. 

    Уулзалтын үеэр шүүгч Б.Батцэрэн Улсын Дээд шүүхийн болоод Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн талаар товч мэдээлэл өгсөн юм. Доктор Эрик Хилгэндорф МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран эрүүгийн эрх зүйн харьцуулсан судалгааг хийж байгаагаа дурдаад Вурзбургын Юлюс-Максимилиан их сургуультай хамтран харьцуулсан эрүүгийн эрх зүйн эрдэм шинжилгээний судалгаа хийх хүсэлтэй байгаагаа дурдсан юм.

    Дашрамд дурдахад доктор Эрик Хилгэндорф  1997-2001 онд Константинийн Их Сургуулийн эрүүгийн хуулийн профессор, 1999-2001 онд Деканаар ажилласан ба 2001 оноос эхлэн Вурзбургын Юлюс-Максимилиан их сургуулийн Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн хууль, Эрх зүйн онол, Мэдээлэл, компьютерын шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгчээр, 2010 оны 10 дугаар сараас 2012 оны 9 дүгээр сарын хооронд тус сургуулийн Хуулийн факультетын захирлаар ажиллаж байсан судлаач, эрдэмтэн юм.