Ц.Зориг Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2011 оны 07 сарын 28 3218

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригийн урилгаар Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Сан Хюун Сон манай улсад энэ сарын 27-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Энэ нь дэлхийн 116 улс гишүүнээр нь элсээд буй Олон Улсын Эрүүгийн шүүхийнЕрөнхийлөгчийн манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд дээрх айлчлалд хоёр тал аль аль нь ихээхэн ач холбогдол өгч байгаа ажээ.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг өөрийнх нь урилгаар манай улсад айлчилж буй Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Сан Хюун Соныг долдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.

dsc05135

Уулзалтын үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах, үндэсний хууль тогтоомжоо Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нийцүүлэн өөрчлөх, олныг хамарсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэдэг талаар туршлага судлах, энэ чиглэлээр хүн сургах зэрэг асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Олон Улсын Эрүүгийн шүүх нь дайны эсрэг, түрэмгийллийн эсрэг, хүчирхийллийн эсрэг, бүлгээр устгах гэсэн 4 төрлийн гэмт хэргийг шийдвэрлэдэг бөгөөд одоогийн байдлаар Уганда, Конго, Судан, Лив, Кени, Зааны ясан эрэг гэх мэт 7 улстай холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.  Мөн Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүхээс өмнөх шатны үйл ажиллагаа явуулах хэлтэс 23 хүнтэй холбоотой баривчлах захирамж гаргаад байгаагийн 8 нь гүйцэтгэхгүй хүлээгдээд байгаа бөгөөд үүнд Суданы Ерөнхийлөгч Аль Башир, Ливийн Ерөнхийлөгч Каддафи нартай холбоотой асуудал багтаж байгаа талаар ноён Сан Хюун Сон яриандаа дурдлаа.

Уулзалтын үеэр цаазаар авах ялтай холбоотой асуудал мөн хөндөгдөв. Олон Улсын Эрүүгийн шүүхээс цаазаар авах ял оногдуулдаггүй бөгөөд 20-30 жилийн хорих ял оногдуулдаг тухай ноён Сан Хюун Сон хэлсэн юм. Харин Ерөнхий шүүгч Ц.Зориг “Манай улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг халах санаачилга гаргасан. Энэ тухай хууль боловсрогдон УИХ-д өргөн баригдаад байгаа. Одоогоор ийм төрлийн ял хуульд байгаа болохоор хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалж шүүх энэ ялыг зарим тохиолдолд  оногдуулж байна. Гэхдээ цаазаар авах ял оногдуулах тоо харьцангуй багассан” хэмээн мэдэгдэв.

Мөн Олон Улсын Эрүүгийн хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгддэг 4 төрлийн гэмт хэрэг манай улсын Эрүүгийн хуульд хуульчлагдсан байдаг хэдий ч эдгээр заалтыг өөрчлөн шинэчлэх шаардлага зайлшгүй байгаа талаар хөндөн ярив.

Уулзалтын үеэр Ерөнхий шүүгч Ц.Зориг Ерөнхийлөгч Сан Хюун Сонд хандан гаргасан нэг хүсэлт нь Олон Улсын Эрүүгийн шүүхэд шүүгчээр монгол хүнийг ажиллуулах тухай асуудал байлаа.

Энэ айлчлал Олон Улсын Эрүүгийн шүүх болон Монгол Улсын шүүхийн харилцааг улам бэхжүүлэх, цоо шинэ шатанд гаргах нэгэн шинэ гүүр боллоо гэж талууд дүгнэв.

Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч Сан Хюун Сон айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой мөн уулзах юм байна.