Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Олон Улсын Эрүүгийн шүүхэд албан ёсны айлчлал хийж байна

2014 оны 11 сарын 14 2234

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч бөгөөд шүүгч ноён Сон Сан-Хюны урилгаар 2014 оны 11 дүгээр сарын 12-17 өдрүүдэд Нидерландын Гаага хотноо албан ёсны айлчлал хийж байна.

Өнөөдөр Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч бөгөөд шүүгч ноён Сон Сан-Хюн нь Ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах, ОУЭШ-ийн шүүгчийг сонгон шалгаруулах журам, шүүгчид тавигдах шаардлага зэрэг асуудлуудыг хөндөн ярилцсан юм.

Айлчлалын үеэр ОУЭШ-ийн Прокурорын ажлын албаны удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийхээс гадна шүүн таслах ажиллагааны болон тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцахаар хөтөлбөрт тусгагдсан байна.

Дашрамд дуулгахад Олон Улсын Эрүүгийн шүүхийн үйл ажиллагааны үндсэн гол баримт бичиг болох Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын Дүрмийг 1998 онд баталж, манай улс 2002 онд соёрхон баталсан ба 2011 оны 7 дугаар сард Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Сон Сан-Хюн манай улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байжээ.