М.Эрдэнэчимэг: Дээд шүүх үнэн зөвийг ялгасанд баярлаж байна

2017 оны 01 сарын 12 1025

Олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй М.Эрдэнэчимэг “алдуул мал завшсан” хэрэгт холбогдон өр төлбөрт орох шахжээ. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид оны өмнөхөн энэ хэргийг хянан хэлэлцээд М.Эрдэнэчимэгийг цагаатгасан байна. Дээд шүүхийн шударга шийдвэрт талархсан М.Эрдэнэчимэг болон түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар манайд хандаж, энэ талаар ярилцлага өгөхийг хүссэн юм.

                        М.Эрдэнэчимэг: Би гурван үхрийн хэрэгт гүтгэгдсэн

Эхлээд М.Эрдэнэчимэгтэй холбогдож, яриа өрнүүллээ.

-Та яаж яваад ийм хэрэгт холбогдчихов?

-Би хэрэгт гүтгэгдсэн юм. Манай үхэрт 2015 оны 12 сард 3 үхэр ирж нийлсэн. Тухайн үед багийн эмчид “Манай хотонд гурван үхэр нийлээд бэлчээрийн захад яваад байна, цаагуур чинь сурагласан хүн амьтан байвал хэлээрэй” гэж хэлж байсан. Эзэн нь гэж хүн ирээгүй. Гэтэл бараг 3 сарын дараа Баянмөнх ирээд “Миний алга болсон үхрүүд танайд байна” гэсэн. Энэ хооронд нэг үхрийг нь чоно идчихсэн, нэг нь алга болчихсон, нэг нь л манай хотонд байсан. Баянмөнх намайг нэг цаасан дээр гарын үсэг зурчих гээд байсан. Ямар учиртай юм бэ гэсэн чинь “Зүгээр л гарын үсгээ зурчих аа, прокурор дээр очоод мэдүүлэг авдаг юм” гэсэн. Гэтэл шүүх хурал хийгээд л шууд хүний үхрийн хэрэгт ороод явчихсан даа.

-Та юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй юм уу?

-Мэдээгүй, гарын үсгээ зурчих, мэдүүлэг авдаг, тэгээд л болоо гэсэн юм. Баянмөнх өөрөө үхрээ алдчихаад намайг түүнийг нь авсан гэсэн хэрэгт гүтгэсэн.

-Баянмөнх гэж танайхтай ойролцоо амьдардаг хүн юм уу?

-Сумын төвийн цагдаагийн тасгийн ажилтан байгаа юм. Намайг “Чи тэр алга болсон үхрийг төлөөд өгчих” гээд байсан. Би “Чиний үхрийг төлж өгч чадахгүй ээ. Дээд шүүхээр шийдүүлнэ” гэсэн.

-Та хотондоо ирж нийлээд чонод идүүлж, алга болчихсон үхрийг төлж өгөхөөр хөрөнгөтэй хүн үү?

-Үгүй. Би 2-22 насны 7 хүүхэдтэй хүн. Би тэр үхрийг төлж дийлэх ч үгүй.  

-Танаас үхрийнхээ үнэд хэдэн төгрөг нэхдэг юм бэ?

-Нэг үхрийг 600 мянгаар тооцоод өгчих гэдэг.

-Таны бага хүүхэд 2 настай гэсэн үү. Энэ хэрэг яригдаж эхлэх үед хүүхэд чинь бүр жаахан байжээ дээ?

-Тийм ээ.  Бага маань тэр үед 2-3хан сартай л байсан.      

-Анхан шатны шүүхээс таны хэргийг яаж шийдсэн юм бэ?

-Сумын бас аймгийн шүүх намайг тэр үхрийг авсан гэм буруутай хэрэгтэн гэж үзээд байсан. Тэгээд би Дээд шатны шүүхэд хандсан юм.  

-Та Дээд шүүхийн хуралдаанд орсон уу

-Үгүй.

-Хэн гэдэг шүүгч таны хэргийг шийдсэн бэ?

-Мэдэхгүй, манай өмгөөлөгч л мэдэх байх. Миний хэргийг зөв шийдэж өгөхгүй байсан учраас ийм хэрэгт гүтгүүлж явмааргүй байна, би энэ хэрэгт хамаагүй гэж Дээд шүүхэд гомдол гаргана гэдгээ би өмгөөлөгчдөө хэлсэн юм. Дээд шүүхийн хуралдаан болоод таныг гэм буруугүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа гэж өмгөөлөгч маань надад хэлсэн. Дээд шүүх үнэн зөвийг ялгаж өгсөнд маш их баярлалаа гэдгийг танайхаар дамжуулж олон нийтэд хүргэх гэсэн юм.  

-Уучлаарай, хэрэгт холбогдох амаргүй л байх. Хүмүүс танд яаж хандаж байсан бэ?

-Гүтгэгдэж байна л гэж ярьж байсан. Хүний үхэр авсан байх даа гэж харсан хүн байхгүй.

-Ер нь яагаад тэр үхэр танай хотонд ирсэн юм бэ?

-Баянмөнх үхрээ айлд тавьсан байсан юм байна лээ. Хаанаас гүйж ирснийг бид яаж мэдэхэв дээ. Нэг үхэр нь гүйгээд явсан, гарч ирэх л байлгүй.

Н.Оюунчимэг: Дээд шүүхийн шүүгчид ур чадвар сайтай, хамгийн мундаг хуульчид байдаг

 М.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Н.Оюунчимэгээс мөн хэргийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Та энэ хэрэгт хэзээнээс өмгөөлөгчөөр оролцсон бэ?

-Би энэ хэрэгт 2016 оны 7-р сараас эхлээд өмгөөлөгчөөр орсон юм. Тэр үед  давж заалдах шатны шүүхээс “хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тодруул” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх рүү хэргийг буцаасан байсан юм. Энэ хэрэг хуулийн дагуу хөнгөн төрлийн хэрэгт хамаарна. Анхан шатны шүүх хэлэлцээд хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.

-Өмнө нь энэ хэрэг өмгөөлөгчгүй байсан юм уу?

-Өмгөөлөгч байсан, тэр нь төрийн албанд ажилд орчихсон юм.  

-Та түрүүн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэлээ. Нэгэнт хэрэгсэхгүй болгосон юм бол Дээд шүүхэд хандах шаардлага бий гэж үү?

-Эхлээд хэргийн тухай жаахан ярьж болох уу.

-Бололгүй яахав.Та ярь л даа.

-Эрдэнэчимэг гуайн нутаглаж байгаа газар нь айлуудын өвөлжөө хаваржаандаа нүүдэг замд байдаг. Хүний мал ирж нийлж л байдаг, нүүдлээс хоцорсон мал байж л байдаг, эзэд нь ирээд авч л байдаг, энэ нь байнга гардаг үзэгдэл юм билээ. Энэ айл сумын төвөөсөө 30-аад км зайд нутагладаг. Ядруухан амьдралтай, олон хүүхэдтэй эмэгтэй тэр болгон сумын төв рүү очоод байж чаддаггүй. Бригадын эмч ирэхэд “Манай үхэрт 3 үхэр ирээд нийлчихлээ” гэж хэлсэн байдаг. Тэгж байтал нэг бярууг нь чоно идчихсэн, нэг эм үхэр нь алга болчихсон. Нэг үхэр нь байж байтал Ховд аймгийн Булган сумын цагдаа залуу Баянмөнх ирээд “Манай 3 үхэр алга болсон байсан. Танай үхэрт байна гэж сонслоо” гээд аваад явсан. Ингээд л цагдаад дуудагдаад хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхэлсэн.

Дээд шүүхэд хандах болсон шалтгаанаа өмгөөлөгчийн  хувьд тайлбарлая. Хэдийгээр хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон ч гэсэн үүнээс гарах үр дагавар нь хохирогч энэ хүнээс иргэний шугамаар хохирлоо нэхэх эрхтэй үлдчихээд байгаа юм. Чоно идсэн нэг, алга болсон нэг үхрийн хохирлыг төлөх нь л дээ. Өмгөөлөгчийн зүгээс нэгдүгээрт, иргэний журмаар хохирлоо нэхэх эрх нээлттэй үлдчихээд байна гэсэн үндэслэлээр Дээд шүүхэд хандсан. Хоёрдугаарт, гэм буруугийн асуудал энэ хүнд байхгүй байна гэж үзсэн. Яагаад вэ гэхээр зүйл анги нь алдуул мал гээгдэл эд зүйл, санамсаргүй олдсон эд хөрөнгө завших гэсэн Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйл байгаа. Хөдөө орон нутагт, ялангуяа адуу, үхэр, тэмээний тухайд бараг хариулгагүй л байдаг ш дээ. Манай энэ Ховдын баруун хэсгээр тийм л байдаг.

Түүнээс гадна нэг алга болсон үхрийн асуудал бий. Энэ үхэр хэзээ нэг цагт, хаа нэг газраас гараад ирвэл яах юм. Эрдэнэчимэгийг тэр үхрийг завшсан гээд буруутгачихлаа, дараа нь нөгөө үхэр нь нэг айлын хотноос гараад ирвэл, эсвэл өөр хүн хулгайлаад явсан нь илэрвэл яах вэ. Нэг үхрийн асуудлаар хоёр хүнд ял оногдуулах боломжгүй, тэгэхээр нэг хүн ял завших нөхцөл байдал бүрдэж ч мэднэ.  Дээд шүүх өмнө нь бас миний орж байсан нэг хэргийг цагаатгаж байсан учраас би Эрдэнэчимэг гуайн хэргийг цагаатгачих болов уу гэж найдаж байсан.

-Та хохирогчтой ер нь уулзсан уу?

-Ерөөсөө уулзаагүй. Яагаад гэхээр хохирогч шүүх хуралд ирдэггүй юм. Хохиролтой, түүнээ нөхөн төлүүлэх сонирхолтой гээд байдаг атлаа шүүх хуралд ирдэггүй.

-Хохирогч энэ хэрэгтэй хамт хохирлоо нэхэмжлээгүй юм байна, тийм үү?

-Нэхэмжлээгүй. Гэхдээ шүүхийн шийтгэх тогтоолд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн байдаг. Тэгэхээр хохирлоо нэхэмжилвэл чоно идсэнийг төлдөггүй юм гэхэд алга болсон үхрийг төлөх хэмжээнд л хүрээд байгаа юм.  

-Эрдэнэчимэг Дээд шүүхийн шийдвэрийг сонсоод их баярласан уу?

-Дээд шүүх хэргийг цагаатгасныг би үйлчлүүлэгчдээ утсаар хэлсэн юм. Булган сум Ховдын төвөөс 500 км зайтай, ирж очихын 1000 км газар. Тийм учраас Эрдэнэчимэг гуайтай очиж уулзаж амжаагүй л байна. Баярлалаа гэдгээ дахин дахин утсаар хэлээд л байгаа юм.

-Уучлаарай, та энэ хүнийг хэцүү амьдралтай гэлээ, өмгөөллийн хөлсөө яаж тохирсон бэ. Энийг хэлж болох уу?

-Би ерөөсөө нэг төгрөг ч аваагүй. Зардлаа хүртэл өөрөө дааж байгаа.

-Таныг энэ хэрэгт өмгөөлөгчөөр томилсон юм уу?

-Би төлбөргүй биш, төлбөртэй өмгөөлөгч юм. Өмнө нь энэ хэрэг дээр явж байгаад төрийн албанд орсон өмгөөлөгч маань “Энэ хэргийг хаямааргүй байна.  Та яваад өгөөч” гэж гуйсан юм. Аймгийн төвөөс Булган сум руу явахдаа боломжоороо энэнээс өөр хэрэг олоод давхар явж байгаа учраас болоод байдаг. Өмгөөлөгч хүнд хөлсгүйгээр хүн өмгөөлөх тохиолдол ер нь гардаг.  

-Таны орсон өөр нэг хэргийг Дээд шүүх цагаатгасан гэж хэллээ. Тэр хэргийн талаар дурдвал?

-Тэр хоёр жил гаруй хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа яваад ерөнхийдөө анхан болон давж заалдах шатны шүүх хурлаар нийтдээ 7 удаа орсон хэрэг байсан юм. Миний үйлчлүүлэгчийн тухайд анхан шатны шүүхээс 3 жил 6 сар хорих ял өгснийг давж заалдах шатны шүүх 6 сар баривчлах ял болгосон байсан.

-Яг ямар хэрэг юм гэдгийг тодруулж болох уу?

-Үндсэн хэрэг нь бол хүн амины хэрэг. Миний үйлчлүүлэгчийн тухайд Эрүүгийн хуулийн 107.3 буюу бусдыг амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүйгээс хохирогч нас барсан гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, зодуулсан хүнтэй таарчихаад зохих байгууллагад мэдэгдээгүй тусламж үзүүлээгүй гэж үзсэн юм. Энэ хэрэг Дээд шүүхэд хүрэлгүйгээр мөрдөн байцаалтад 2 жил болж анхан болон давж заалдах шатны шүүхээр 7 удаа орсон. Цаг хугацааны хувьд давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 6 сарын баривчлах ялаа эдэлж дууссаных нь  дараа Дээд шүүхийн хурал болсон. Дээд шүүхийн хуралдаанаас миний үйлчлүүлэгчийг цагаатгасан. Гэхдээ бид гэм хорын хохирлоо нэхэмжилж, төрөөс гаргуулж авсан.

-Хэдэн төгрөг авсан бэ?

-16 сая гаруй төгрөг нэхэмжилж авсан. Миний үйлчлүүлэгч баг, бригадын дарга байсан учраас тодорхой орлоготой байсан. Хөдөлмөрийн хөлсөө, мөн хоригдсон хугацааны гэм хорын хохирлоо нэхэмжилсэн. Үйлчлүүлэгч маань давж заалдах шатны сүүлийн буюу 7 дахь шүүх хурал болсны дараа “Одоо хэрэггүй ээ, наад хэргээ хая, намайг гэм буруугүй гэж үзэхгүй юм байна. Заавал Дээд шүүхэд өргөдөл бичээд байх шаардлагагүй” гэж байсан юм. Ямар ч байсан хүнээ гэм буруугүй гэж итгэж байсан учраас Дээд шүүхэд хянуулахаар өргөдөл бичсэн. Дээд шүүх ч шударга шийдвэр гаргаж цагаатгасан. Би өмгөөлөгч болоод 4 жил л болж байна. Энэ хугацаанд Дээд шүүх миний орсон хоёр ч хэргийг цагаатгалаа. Дээд шүүхийн шүүгчид үнэхээр хэргийг олон талаас нь шинжилж, зөв шударга шийддэг, аргагүй л дээд шатны шүүх юм байна лээ.

-Уучлаарай, зодуулаад нас барсан хүнд тусламж үзүүлээгүй гэхээр ёс суртахууны хувьд жаахан тийм харагдаад байх юм. Та яаж хараад үйлчлүүлэгчээ огт буруугүй гэж бодоод байсан юм бэ?

-Нас барсан хүний үхлийн шалтгаан нь зодуулсны улмаас хүнд гэмтэл авснаас болсон гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. Хэрэг хөдөө бригад дээр гарсан байдаг. Миний үйлчлүүлэгч тусламж үзүүлээгүй биш үзүүлсэн. Зодуулсан гэж мэдээгүй архи уугаад ухаангүй уначихаж гэж бодоод дулаан газар оруулаад гар хөлийг нь усанд дүрээд хучаад байгаад байдаг.

-Тэгээд орхиод явчихсан юм уу?

-Үгүй, байгаад л байдаг. Бригадын төвд гурав дөрөвхөн хүн л байдаг юм чинь тусламж үзүүлээд л байгаад байдаг. Хамаагүй халуун газар оруулж болохгүй гээд эхлээд хүйтэн байшинд оруулаад л, одоо дулаацуулъя гээд гал түлээд л, бүлээн юм балгуулаад л байгаад байдаг.  

-Хэрвээ тэгж тусламж үзүүлсэн юм бол шүүх яагаад буруутай гэж үзсэн хэрэг вэ?

-Би хуульчийн хувьд өөрийн бодлоо хэлье. Хохирогч гомдолтой гээд л байхаар шүүх ер нь ялын бодлого дээрээ их хатуу хандаад байдаг тал ажиглагддаг. Яг тэр хүнийг зодоод алчихсан хүн нь тодорхой 14 жилийнхээ ялыг аваад явчихсан ч хохирогчийн ар гэрийнхэн “Багийн дарга байж хариуцлагагүй хандсан. Сүлжээтэй газар руу гараад утсаар түргэн тусламж дуудчихсангүй” гээд л гомдоод байдаг. Гэтэл энэ хэрэг дээр хохирогчийн тухайд гаднаасаа айхтар ил шарх сорви харагддаггүй, зодуулсан гэж мэдэгдэхгүй байсан. Ийм нөхцөл шалтгаанууд байсан учраас би Дээд шүүхэд хандсан. Дээд шүүх ч хуулийн хүрээнд мэргэн шийдвэр гаргаж миний үйлчлүүлэгчийг цагаатгасан. Энд нэг зүйлийг зориуд хэлэх ёстой байх. Эрдэнэчимэг гуайн хэрэг дээр яг үнэнийг хэлэхэд би чин сэтгэлээсээ Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдэд маш их баярлаж байгаа. Энэ хүний ахуй амьдралын байдал тун хэцүү. Хэргийн тухайд ердөө л нэг айлын үхэрт гурван үхэр ирж нийлээд эзэн нь сураг сонсоод ирж авангуутаа Эрдэнэчимэг гуайг эрүүгийн хэрэгт холбогдуулчихаж байгаа юм. Хэрвээ Дээд шүүх ийм шийдвэр гаргаагүй бол өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэй хохирол төлөх байдалд хүрэх байсан.

-Та өмгөөлөгчөөр 4 жил ажиллахдаа Дээд шүүхээр гэхэд л хоёр хүнийг цагаатгуулжээ. Та хуульчаас өөр мэргэжилтэй юу?

- Би хуулийн л мэргэжилтэй. Ховд их сургуулийн эрх зүйн багшаар ажилладаг, бас өмгөөлөгч хийдэг л хүн.

-Та цагаатгуулсан хоёр хэргийнхээ Дээд шүүхийн хуралдаанд оролцсон уу?

-Би хөдөө байдаг учраас хуралдаануудад оролцож чадаагүй. Хяналтын гомдлоо хуулийн дагуу бичээд л явуулчихсан.  Гомдлын хүрээнд Дээд шүүх эдгээр хэргийг шударгаар шийдвэрлэсэн. Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид их голтой шийдвэр гаргадаг гэдгийг би өмгөөлөгчийн хувьд эдгээр хэргүүд дээр мэдэрсэн.

-Эдгээр хэргүүдийг хэн гэдэг шүүгчид илтгэснийг, ямар бүрэлдэхүүнтэй шийдвэрлэснийг та мэдэж байгаа юу?

-Үнэнийг хэлэхэд мэдэхгүй байна. Хөдөө орон нутгийн өмгөөлөгчид бид анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр учир дутагдалтай байна гэж үзвэл Дээд шүүхэд хандахдаа эцсийн шат гэдэг утгаар нь маш их итгэл найдвар тавьдаг. Заавал миний өмгөөлсөн хэрэг гэдэг талаасаа биш, хууль зүйн хувьд ингэж харах боломжтой юм байна гэж үзэж л найдлага тавьдаг. Миний хувьд зөвхөн эрүүгийн биш, 3 жил үргэлжилсэн газрын нэг маргаан дээр ч Дээд шүүхэд хяналтын гомдол гаргахад мөн л  шударга сайхан шийдвэр гаргасан байсан. Дээд шүүхийн шүүгчдийг үнэхээр л ур чадвар сайтай, хамгийн мундаг хуульчид байдаг гэдэгт би ердөө эргэлздэггүй, энэ нь хэрэг маргаан дээр ороод явахад илт харагддаг.