БНСУ-ын Үндэсний шүүхийн Захиргааны сайд тэргүүтэй төлөөлөгчид айлчилна

2013 оны 07 сарын 08 2300

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн урилгаар БНСУ-ын Үндэсний шүүхийн Захиргааны сайд, шүүгч Ча Хан-Сун тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын хоорондын Шүүхийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах аж. Мөн шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэх арга замын талаар харилцан туршлага солилцох, сургалт зохион байгуулах асуудлын талаар ярилцах юм байна.

Түүнчлэн айлчлалын хүрээнд БНСУ-ын Үндэсний шүүхийн төлөөлөгчид Нийслэлийн шүүхээр орж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяатай уулзан, давж заалдах шатны шүүхэд хийгдэж буй шинэчлэл, дагнасан шүүхийн ач холбогдлын талаар санал солилцох аж. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Д.Солонготой уулзаж, хуульчдыг бэлтгэх үйл ажиллагааны талаар ярилцах юм байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын шүүхүүдийн хоорондох найрсаг хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, шүүхийн шинэчлэлийн талаар харилцан суралцахад дөхөм болох томоохон айлчлал болно гэж үзэж байна.