Шүүгч, ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа

2016 оны 12 сарын 28 1515

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүхийн байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнажээ. Улсын Дээд шүүхийн шүүгч Батаагийн Батцэрэн, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дотоод аудитын хэлтсийн ахлах шинжээч Хайдавын Бадамжаргал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дагаагийн Байгалмаа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхам-Янжингийн Оюун, Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албаны референт Чүлтэмийн Жаргалсайхан нарыг “Алтан гадас” одонгоор шагнасан байна. Мөн Улсын Дээд шүүхийн шүүгч Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Гоошоохүүгийн Даваадорж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Батнасангийн Мөнхжаргал нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнажээ. Шагналыг гардуулах ёслолын ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлд болов.

“Алтангадас” одонгоор шагнуулсан Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн энэ үеэр "Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн түүхт ойн баярын мэнд хүргэе. Ийм торгон агшинд Төрийн дээд одон медалиар шагнуулж байгаадаа туйлын баяртай байна. Би 1996 оноос хойш шүүхийн байгууллагад ажиллаж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, туслах шүүгч, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд шүүгч, Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн зэрэг ажлыг эрхлэхдээ гар сэтгэл нийлсэн сайхан хамт олонтой байсандаа бахархдаг. Зөвхөн намайг биш надтай хамт ажиллаж байсан хамт олны минь хичээл зүтгэлийг давхар үнэлсэн шагнал гэж ойлгож, хүлээн авч байна. Монгол Улсад шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд их хувь нэмэр оруулах итгэл, хариуцлага хүлээлгэж байгаа шагнал гэж ойлгож байна. Ирж буй ондоо ажилдаа амжилт гаргаж, аз жаргалтай эрүүл энх байхыг хүсэн ерөөе” гэж хэллээ.