Төрийн болон төрийн бус байгууллагуудын мэндчилгээг хүлээн авлаа

2016 оны 12 сарын 27 2005

      Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэндчилгээг хүлээн авах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болов.

     Үндсэн хуулийн Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингис, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, ШШГЕГ-ын дэд дарга  Г.Туулхүү, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нарын тэргүүтэй хууль хяналтын байгууллагын хүндэт зочид хүрэлцэн ирж, Монгол Улсын Дээд шүүх хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг тогтоох үйлсийг нэр төртэй хэрэгжүүлж байгааг онцлон дурдаж, мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр Улсын Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр, Ч.Тунгалаг нарыг Үндсэн хуулийн Цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав. Мөн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Улсын Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр, Д.Эрдэнэбалсүрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Ч.Тунгалаг, Б.Цогт, Б.Батцэрэн, Х.Эрдэнэсувд нарыг “Прокурорын байгууллагын хүндэт тэмдэг”-ээр  шагнасныг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гардуулан өглөө. Түүнчлэн Ханнс Зайделийн сан, Шихихутаг хууль зүйн их сургууль зэрэг хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд ч сайн сайхныг хүсэн сэтгэлийн үгээ хэлцгээсэн юм.

     Мөн Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Сэлэнгэ, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Хөвсгөл, Дундговь, Орхон, Увс, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Төв аймаг болон Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, ажилтнуудын төлөөлөл хүрэлцэн ирж, Дээд шүүхийн шүүгч ажилтнуудад баяр хүргэн, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.

     Түүнчлэн Архангай, Өвөрхангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр 20 шахам жил ажилласан ахмад шүүгч Д.Даваа, Улсын Дээд шүүхийн шүүгч асан, Монгол Улсын гавъяат хуульч Л.Бямбаа, Улсын Дээд шүүхийн шүүгч асан Б.Цогням, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга, Судалгааны төвийн захирлаар ажиллаж байсан ахмад хуульч Ц.Бүжинлхам нарын нэр хүндтэй хуульчид хүрэлцэн ирж, амжилт хүсэн ерөөл дэвшүүллээ.