Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэд хүндэтгэл үзүүллээ

2016 оны 11 сарын 28 1358

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад “гавьяаны” амралтандаа гарч буй хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Б.Бат-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болов.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг энэ үеэр гардуулан өглөө.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, доктор Т.Уранцэцэг “Б.Бат-Эрдэнэ шүүгч 1979 оноос мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж 40 шахам жил хуулийн байгууллагад ажиллажээ. Хууль хэрэглээний онол, практикийн өндөр мэдлэгтэй, хамтарч ажиллаж буй залуу шүүгчдэдээ түшигтэй, ноён нуруутай таны орон зай Дээд шүүхэд, тэр тусмаа Эрүүгийн хэргийн танхимд үгүйлэгдэнэ.” хэмээн онцлоод эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Б.Бат-Эрдэнэ шүүгч “Одоогоос 11 жилийн өмнө би энэ танхимд шүүгчийн тангараг өргөсөн. Та бүхний өмнө өргөсөн тэрхүү тангаргаасаа няцаагүй, зөрчөөгүй, шүүгчийн албыг нэр төртэй хашсан гэдгээ хэлэх байна. 2002 онд ЭБШХ-ийн ажлын хэсэгт ажиллаж байхад Улсын Дээд шүүх хууль хэрэглээний асуудлыг хянаж үзэх талаар заалт хуульд туссан. 2005 онд  Улсын Дээд шүүхэд шүүгчийн орон тоонд шалгалт өгч тэнцэн энэ өндөр босгоор алхан орж байлаа. Энэ нь их дээд сургуулийн багш нар шууд Дээд шүүхэд орж ажилласан анхны тохиолдол байсан юм. Судлаач хүн Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж болох юм байна гэдгийг өөрийг биеэр баталж өгсөн минь нэр төрийн хэрэг гэж боддог. Би Дээд шүүхэд ороод онол, практикийн өндөр мэдлэгтэй сайхан шүүгчидтэй хамтран ажилласнаараа бахархаж явдаг. Хууль хэмээх хөлөгт нэг баг болон ажиллаж байсан үе үеийн Дээд шүүхийн шүүгчид, нэн ялангуяа Т.Уранцэцэг тэргүүтэй Эрүүгийн хэргийн танхимынхандаа баярлалаа. “ хэмээгээд хамт олондоо сайн сайхныг хүсэв.

Мөн ёслолын ажиллагааны үеэр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Д.Мөнхтуяа, Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв, Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга, гавьяат хуульч М.Дамирансүрэн болон бусад хүмүүс Б.Бат-Эрдэнэ шүүгчид хандан сэтгэлийн халуун дулаан үгээ хэлцгээсэн юм.