Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

2016 оны 10 сарын 21 1186

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

Д.Буяннэмэх нь Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан “ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг аргагүй хамгаалалт хийсэн хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар  хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотолвол зохих асуудлуудыг нотлоогүй, шалгавал зохих асуудлуудыг шалгаж тогтоогоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх гэсэн хуулийн заалтад нийцээгүй гэж үзэж, нэмэлт мөрдөн байцаалт буцаахаар шийдвэрлэв.