​Д.Мөнхтуяа: ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ТУХАЙД БИ ӨӨР БОДОЛТОЙ БАЙНА

2016 оны 10 сарын 05 917

https://d5nxst8fruw4z.cloudfront.net/atrk.gif?account=h1Nuk1agMW00G/"Эксперт" буландаа энэ удаа Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.МӨНХТУЯА-тай ярилцлаа. Бидний ярилцлага саяхан Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг тойрч өрнөв.

-Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31-ийн 6 дахь хэсгийг Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд түдгэлзүүллээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ олонхийн саналаар шийдвэрээ гаргадаг. Харин цөөнх болсон шүүгч өөрийн үндэслэлээ тайлбарлаж, тусгай санал бичиж олон нийтэд мэдээлдэг явдал нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах байдалд хүргэнэ гэх агуулгатай тайлбарыг Цэц хэвлэлийн мэдээндээ тусгасан байна лээ. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөх үед гэм буруугийн талаар болон маргааны үйл баримт, хэргийн нотлох баримтыг үнэлэх асуудлаар зөвлөлдсөн байдал, шүүгчийн гаргасан санал гэх мэтийг нууцлах шаардлагатай байдаг. Шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, аливаа этгээдийн “буруутай эсэх”-ийг ярьж байгаа нөхцөлд шүүх бүрэлдэхүүний хэн нь түүнийг “буруутай” гэсэн, хэн нь “үгүй” гэсэн нь нууц байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүгчийг санал гаргасных нь төлөө аливаа дарамт шахалтанд оруулахгүй, хараат бус байдлыг нь хангахын тулд зөвлөлдөх тасалгааны нууц гэх ойлголт гарч иржээ. Зөвлөлдсөн байдал нь нууц болохоос гаргасан шийдвэр нь нууц биш шүү дээ.

Анхан, давах, хяналтын шатны шүүхүүд тус бүрдээ онцлогтой. Хэрэг, маргааныг шийддэг шүүх нь анхан шатны шүүх юм. Өөрөөр хэлбэл, нэг хэргийг 3 удаа шийддэггүй, анхан шатны шүүх гэм буруу, үйл баримтыг тогтоож, нотлох баримтаа үнэлж хэргийг шийднэ, гомдол гарвал давж заалдах болон хяналтын журмаар өмнөх шүүхийнхээ гаргасан шийдвэрийг л хянадаг юм. Тийм ч учраас анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хэлэлцэхгүй хуультай.

Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрвөл Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах 3 үндэслэлийг хуульд заажээ. Шүүх хэргийг шийдэхдээ зөв хуулийг хэрэглэв үү, хуулийг зөв тайлбарласан уу, хэрэг шийдсэн шүүхийн үйл ажиллагаа нь процессийн хуульдаа нийцсэн үү гэдгийг л хяналтын шатны шүүх дээр ярина. Өөрөөр хэлбэл, хууль хэрэглээний маргаан шийддэг шүүх нь Дээд шүүх юм.

Хуулийн хийдэл, зөрчил, утга агуулгын тодорхойгүй байдал нь шүүхэд хууль хэрэглээний маргаан үүсгэдэг. Тухайлбал, Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийддэг маргаан нь төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэртэй холбоотой байдаг учраас бараг эрүү, иргэний хуулиас бусад бүх хуулийг хэрэглэдэг. Энэ олон хуульд хоорондоо зөрчилддөг, хэдэн янзаар тайлбарлах боломжтой байдлаар агуулга давхацдаг зүйл гарна, маргалдагч талууд өөрсдөдөө ашигтай байдлаар хуулийг тайлбарлана.

Хуулийн энэ заалтыг юу гэж ойлгох вэ, хэрэглэх ёстой юу гэдэг дээр шүүгчид үндэслэлээ ярилцдаг, санал хуваагдах, өөрсдийн хувилбарыг онцлох явдал гарна. Миний бодлоор, хуулийг тайлбарлах, хэрэглэх асуудлаар гаргасан шүүгчийн ямар ч санал нууц биш. Харин ч ил байх ёстой.

-Нэгэнт шүүх шийдвэрээ гаргаад, алхаа цохичихсон байхад араас нь шүүгч тусгай санал бичих ямар хэрэгтэй юм бэ?

-Юуны өмнө шүүхийн шийдвэр хэнд зориулагддаг талаар эхэлж ярья. Шүүхийн шийдвэрийг шүүгч нар өөртөө зориулж бичдэггүй. Нэгдүгээрт, хэрэг маргаанаа шүүхээр шийдүүлж байгаа иргэнд, хоёрдугаарт, өргөн утгаараа нийгэмд буюу олон нийтэд зориулж байгаа юм. Шүүх гаргасан шийдвэрээрээ нийгэмд шударга ёсыг хамгаалж байгаагаа харуулах ёстой.

Парламентын баталсан хууль амьдрал дээр яаж буудаг вэ гэдгийг шүүхийн шийдвэр харуулдаг. Хуульд агуулгын зөрчил байгаа учраас Дээд шүүхийн шүүгчид маргаж байна, шүүгч тусгай санал бичвэл энэ маргаан, хууль хэрэглээний зөрчил ил болно. Тусгай санал бичихгүй, түүнийг нийтлэхгүй бол энэ далд үлдэнэ. Олонхоороо гаргасан шийдвэрт тусгай санал нөлөөгүй боловч зөрчилдөөнтэй хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой. Нөгөө талаар, Дээд шүүхийн хууль хэрэглээн дээр гарсан маргаан тэр чигтээ хуулийн сургуулийн оюутнууд, эрдэмтэн, судлаачдад судалгааны сэдэв болно.

Дэлхий нийтэд орчин үеийн шүүхийн агуулга, хандлага их өөрчлөгдсөн гэж үздэг. Ялангуяа иргэний шүүхийг “үйлчилгээ” гэж хардаг болсон. Иргэд хэрэг маргаанаа шийдүүлэхийн тулд шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлдөг. Өөрөөр хэлбэл, төрөөс төлбөртэй үйлчилгээ үзүүлээд байна. Хүний мөнгийг авсан бол чанартай үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Чанартай гэдэг нь жижиг гэлтгүй асуудалд ач холбогдол өгч, маргааныг ул суурьтай, хэлэлцэж, шийдвэрлэхийг хэлж байгаа юм. Ер нь шүүхэд жижиг маргаан гэж байхгүй. Шүүхэд ирж байгаа маргаан бүр тухайн хүний хувьд чухал, магадгүй амь амьдралтай нь холбоотой, хамгийн чухал асуудал байгаа.

-Нөгөө талаар шүүгч нар тусгай санал бичсэнээр хэргээ шийдүүлсэн иргэдэд асуудлыг тал бүрээс нь мухарлаж хэлэлцсэн гэдгээ илэрхийлж байгаа юм байна?

-Шүүхийн маргаанд ялагдсан хүн бүр шүүхэд гомдоод байдаг гэж би боддоггүй. Асуудлыг олон талаас нь харсан, үндэслэлтэй шийдвэрийг хүлээж авсан хүн хэдий ялагдсан ч “за бас аргагүй л юм байна” гэх бодол төрнө, хуульч өмгөөлөгч нар ч хүлээн зөвшөөрдөг. Гомдоод байгаа асуудалд нь хариулт өгөхгүй, тодорхойгүй, бүрхэг шийдвэрт л сэтгэл ханамжгүй үлддэг.

Ер нь аль ч тохиолдолд шүүхээр хэрэг, маргаанаа шийдүүлж байгаа талуудад шүүх хэргийг шийдэхдээ “сэтгэл гаргалаа” гэх сэтгэл ханамж үлдэх ёстой. Шүүх иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаагийнхаа хувьд хэрэгт ач холбогдол өгч, хандлага, байгаа байдлаараа сэтгэл ханамж өгч байх хэрэгтэй гэж боддог. Үндэслэлтэй сайн шийдвэр, шүүгчийн сайн хандлага шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлнэ. Маргаантай асуудлыг шүүх шийдэхдээ шүүгч нар маргалдаж, олон санал гарч шийдвэрлэсэн байдал нийтэд ил болсноор харин ч шүүхэд тустай.

Хуулийг тайлбарлаж хэрэглэх талаарх олонхийн саналтай санал нийлээгүй шүүгч тусгай санал бичиж байгаа юм. Түүнээс хувь хүний талаар, нотлох баримтын талаар бичдэггүй. Шүүгч нар хууль хэрэглэж маргаан шийддэг тусгай эрхтэй этгээд. Хууль хэрэглэдэг, хууль тайлбарладаг ийм шүүхийн процесс дунд шүүгч өөр саналтай байх, түүнийг ил гарахад шүүгчийн хараат бус байдал зөрчигдөнө гэж үзэхгүй байна. Шүүгч нар өөрт хувиарлагдсан хэргээ унших, тогтоолоо бичих хуулийн хугацаатай, маш шахуу ажилладаг. Үүний хажуугаар тусгай санал бичиж байгаа нь ажил багатай, завтайдаа биш юм.

-Эрүү, иргэн, захиргааны төрлөөр дагнасан шүүгч бүгд л цөөнх болсон тохиолдолд тусгай санал бичдэг үү. Зөвхөн Дээд шүүхийн шүүгч нар тусгай санал бичдэг үү?

-Шүүхийн тухай хуулийн 31.5, 31.6 дээр зааснаар бүрэлдэхүүнтэй шийдэж байгаа тохилдолд шүүгч бусадтайгаа санал нийлэхгүй бол тусгай санал бичих эрхтэй. Зөвхөн Дээд шүүхийн шүүгч биш, бүх шатны шүүхийн шүүгчид ийм эрх байгаа гэсэн үг. Шинэ юм ч биш л дээ. Бүр социализмын үед 1967 оны Иргэний байцаан шийтгэх хуульд тусгай санал бичих заалт байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ч байсан, одоо ч байгаа. Ялгаа нь юу вэ гэхээр, ил хэвлэхгүй, уншиж сонсгохгүйгээр шүүхийн шийдвэрт хавсаргаж явуулдаг байжээ. Сүүлд шүүхийн шийдвэрийг цахим санд олон нийтэд ил байршуулахтай холбоотойгоор зөвхөн Дээд шүүхийн шүүгчийн

тусгай саналыг Дээд шүүх өөрийн цахим хуудсандаа байршуулдаг болсон.

-Ер нь шүүхийн шийдвэрийг яах гэж ил болгож байгаа юм бэ?

-Шүүхийн шийдвэр, түүний үндэслэлийг нуудаггүй. Үндэслэлээ ил болгохгүй бол хэрэг, маргаанаа шийдүүлсэн хүний гомдол тайлагдахгүй. Өмнө нь зөвхөн хэргийн оролцогч нарт ил байсан, мөн Дээд шүүхийн тогтоолыг эмхтгэж хэвлэдэг байсан бол одоогийн хуулиар бүх шүүхийн шийдвэрийг цахимаар олон нийтэд ил болгосон юм. Бусад олон улс оронд шүүхийн шийдвэрийг ингэж цахим хэлбэрээр олон нийтэд ил байлгадаг. Эрүүгийн хэргийн шийдвэрийн хувьд зарим хязгаарлалт бий. Энэ дэвшилтэд үзэл санааг л манайх саяхнаас хэрэгжүүлсэн юм. Шүүхийн шийдвэрийг ингэж ил байлгаснаар нэг талаар шүүх олон нийтийн хяналтад орж, шүүх асуудлыг “өөрийн дур зорго”-оор шийдээгүйг харуулах, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар судлаачид, эрдэмтэд байр сууриа илэрхийлэх, шүүхийн шийдвэр чанаржих олон ач холбогдолтой. Үндэслэлтэй гаргасан шийдвэрээ нуух биш харин ч олон нийтэд ил тавьж, болдог бол сурталчилж баймаар байгаа юм.

-Би Дээд шүүхийн вэб сайтыг үзсэн. М.Батсуурь шүүгч та хоёрын бичсэн тусгай саналууд байна лээ. Жишээ нь та тусгай санал бичихдээ “үүнээс болоод надад аюул занал учрах вий, хараат бус байдал алдагдах вий” гэж бодож байсан уу?

-Шүүгчийн тусгай саналыг нийтэлбэл шүүгчийн хараат бус байдал алдагдана гэсэн дүгнэлт Цэцийн саяын шийдвэрийн нэг үндэслэл болчихлоо. Би өөр бодолтой байна.

Шүүгчийн хараат бус байдлыг яривал, нэгдүгээрт тогтолцооны хараат бус байдал гэж бий. Тогтолцооны хараат бус байдлыг хуулиар бий болгоно. Ерөнхий шүүгчээсээ хамааралгүй байх, улс төрийн нам, албан тушаалтан, Засгийн газар, УИХ-аас хамааралгүй байх хамгаалалтыг хуулиар хангаж өгөхийг хэлж байгаа юм. Үлдсэн хэсэг нь өөрөөс нь хамаарна. Өөрөөр хэлбэл, хараат бус байдал нь шүүгчийн өөрийнх нь үзэл бодол, итгэл үнэмшил, оюун ухаанаар хамгаалагдана, өөр хаанаас ч хайгаад хэрэггүй. Өөрөө бусдаас хараат бус байх итгэл үнэмшил, хүсэл зориггүй, итгэлгүй бол ямар ч тогтолцоогоор хангаад нэмэргүй. Тийм учраас зөвлөлдөх тасалгаанд маргаад, нэг шүүгч нь тусгай санал бичихээр, түүнийг нь ил тавьчихаар бусдынх нь, эсвэл өөрийнх нь хараат бус байдал алдагдчихдаг юм ерөөсөө биш. Харин ч үндэслэлээ ил хэлээд өөр санал гаргаж байгаа нь үндэслэл хэлэхгүй олонхитой нэгдэж байгаагаас хавьгүй илүү, хараат бус байдлаа хамгаалж байгаа явдал гэж би хувьдаа үздэг.

-Дээд шүүхийн шийдвэр дандаа зөв байх албагүй биз дээ. Хүн шийдвэр гаргаж байгаа учраас алдаа гаргах үе байдаг л байлгүй. Хэрвээ Дээд шүүхийн шүүгч нар олонхиороо буруу шийдвэр гаргасан бол дараа нь сургамж авахад тусгай санал бичсэн шүүгчийн үндэслэл их хэрэг болно доо.

-Хэн ч тэр, шүүх ч тэр туйлын үнэнийг тогтоох боломжгүй. Харьцангуй үнэнийг л бид эрж хайдаг. Тухайн тохиолдолд үнэн, зөв байх шийдэл гэсэн үг л дээ. Таван шүүгчийн 3:2-оор шийдэж байгаа асуудал дээр эргээд харахад алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Хэдэн зуун жилийн шударга ёсны баталгаа гэх америкийн шүүх ч алдаа гаргадаггүй гэх баталгаагүй. Гэхдээ шүүхийн алдаа гэдэг нь шүүгчийн гэхээсээ илүү хуулийн алдаанаас хамаарч байдаг. Нөгөө янз бүрээр тайлбарлаж болохоор, давхардал, хийдэлтэй хуулиудын зөрчил, алдааны илрэл. Шүүгч тусгай санал бичсэнээр энэ зөрчил ил болж, алдаа зөрчил засагдах, шүүх алдаа гаргах эрсдэлийг багасах, магадгүй дараа ижил төстэй маргаан шийдвэрлэхэд уг асуудлыг өөр талаас нь илүү нягтлах үндэс суурь болохыг үгүйсгэхгүй.

-Өмнө нь Цэцийн гишүүн тусгай санал бичдэг байсныг Цэц хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн байна гээд дүгнэлтээ гаргаж байж. Цэцээс албан ёсоор мэдээлснээр саяын шийдвэрийг гаргахдаа өмнө нь Цэцэд яг ийм маргааныг ингэж шийдэж байсан гэсэн байна. Өөрөөр хэлбэл, жишиг байдлаар ингэж шийдэж болох уу. Цэц, шүүх хоёрыг харьцуулж болох уу?

-Үндсэн хуулийн Цэц бол институцынхаа хувьд ижил төстэй мэт боловч эрх зүйн байдал нь Дээд шүүхтэй адилгүй л дээ. Нэгдүгээрт Цэц бол зөвхөн Үндсэн хуулийн хүрээнд асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана. Зарчим ярьдаг гэх үү дээ. Ердийн шүүхүүд Үндсэн хуулиас бусад бүх хуулийг амьд баримт үйл явдал, амьдрал дундаас гарсан тохиолдолд тулгуурлан хэрэглэж, тайлбарлаж байна. Энэ бол зарчим ярихаас огт өөр асуудал. Хоёрдугаарт, Цэц бол Дээд шүүхийг бодоход харьцангуй улс төрөөс хараат институц. Цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ өөрөө хүнээ сонгож, томилдог. Аль нам олонхи байна, түүний сонгосон, дэмжсэн хүн томилогдож байна. Энэ тохиолдолд, зарим шийдвэрт улс төрийн бодлогын нөлөө орохыг үгүйсгэхгүй. Цэцийн аль нэг гишүүн, хувь хүндээ биш, тогтолцооны хараат байдал гэж үүнийг хэлээд байгаа юм. Дээд шүүхийн шүүгчийг УИХ сонгож, томилдоггүй, Ерөнхийлөгч томилдог боловч өөрөө бас сонгодоггүй. Сонгох процесс нь тусдаа хуулиар, тусдаа явдаг. Хэрвээ УИХ Дээд шүүхийн шүүгчийг томилдог бол тухайн парламентын олонхийг бүрдүүлдэг намд таалагдсан хүн шүүгч болно гэдэгтэй маргах хэрэггүй байх. Цэц, шүүх хоёр эрх зүйн байдлын хувьд ийм л ялгаатай байна. Тэгэхээр Цэцэд маргаан хянан шийдвэрлэх процессд хугацаатай томилогддог Цэцийн гишүүн тусгай санал бичих, түүнийгээ ил хэлнэ гэдэг түвэгтэй, томилсон этгээдийн бодлого ил далд нөлөөлдөг асуудал байхыг үгүйсгэхгүй. Ийм учраас Дээд шүүхийн шүүгч, Цэцийн гишүүн хоёрын шийддэг, ярьдаг, бичдэг асуудал нь өөр, эрх зүйн байдал нь өөр байхад жишиг байдлаар адилтган шийдэж болохгүй.

-Цөөнх болсон шүүгч тусгай саналыг заавал бичих, заавал нийтлэх албатай юм уу. Заавал нийтэд харахаар байршуул гэж үүрэгжүүлсэн нь хараат бус байдалд нь нөлөөлөхөөр байна гэж Цэцээс мэдээлсэн байна лээ?

-Хуулийн агуулгыг тэгж тайлбарлаж болохгүй л дээ. Агуулга нь “хэрвээ тусгай санал гарвал нийтэлнэ” л гэж байгаа юм. Шүүгчийг албадаад байгаа зүйл огт байхгүй. Тусгай санал бичээгүй нь энэ асуудлаар огт маргаагүй гэсэн үг ч биш. Шүүгч өөрийн бодолдоо тууштай байгаад, миний санал ач холбогдолтой гэж үзвэл тусгай саналаа бичиж байгаа. Тусгай санал бичсэн бол веб сайтад нийтлэхнь шүүгчийн биш тамгын газрын үүрэг байдаг. Тусгай санал бичих эсэх нь тухайн шүүгчийн сонголтын л асуудал юм. Заавал бичих үүрэг хүлээлгээгүй. Харин шүүгч тусгай санал бичсэн бол Дээд шүүх цахим хуудсан дээрээ тавих, хэвлэн нийтлэхийг үүрэгжүүлсэн заалт байгаа. Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэг юм даа. Энд шүүгч нарыг үүрэгжүүлсэн юм байхгүй.

-Жишээ нь та зөвлөлдөх тасалгаанд ороод, бусад шүүгчтэйгээ санал хуваалцаж ялагдсан тохиолдолд тусгай саналаа заавал бичнэ гэж боддог уу?

-Маргаан шийдэхэд хууль тайлбарлаж, хэрэглэнэ гэдэг бол миний хувьд сонирхолтой ажил.Шүүхийн шийдвэр гэдэг бол маш үндэслэлтэй, маш сайн бичигдэх ёстой. Шүүгч нар хоорондоо маргана, тэгээд маргасан үндэслэлээ бичнэ гэдэг бол хууьчийн хувьд өөрийгөө сорьсон ажил байхгүй юу. Шал утгагүй, үндэслэлгүй юм бичээд, тэрийгээ нийтлүүлбэл ичгэвтэр биз дээ. Өмгөөлөгчид, хуульчид, судлаачид, шүүгч нар уншина шүү дээ. Тийм учраас гарцаагүй үндэслэлтэй гэж өөртөө итгэлтэй байгаа нөхцөлд тусгай санал бичих гэж суудаг. Бүх шатны шүүгч нарын хувьд тусгай санал бичих нь харьцангуй шинэ үзэгдэл байна л даа. Нийтлэг биш. Гэхдээ хяналтын шатны шүүхээсээ эхэлж, шүүгч тусгай санал бичих нь муу зүйл биш гэх ойлголтыг шүүгч нартаа өгөх, сайн соёлыг зөв нутагшуулах хэрэгтэй юм.

Хэн ч юу ч хэлэхгүй бол, шүүгч нар хуулийн алдаа зөрчлөөр маргахгүй, хэлж бичихгүй бол энгийн хүмүүс хэлэхгүй. Дээд шүүх л хуулийг хэрэглэхэд, хэрэгжүүлэхэд гараад байгаа маргаантай асуудлыг ил болгохгүй бол өөр хэн хэлэх билээ. Ийм учраас шүүгчийн тусгай санал бол шүүгч нарт олдсон ховорхон боломж, эрх гэдэг талаас нь хардаг. Зарим хүн шүүгч нар тусгай санал бичихээр нэгнийхээ эсрэг үзэл бодлоо бичиж, муудалцаад байна гэж боддог байж болох юм. Гэхдээ үгүй ээ. Тусгай саналыг хувь шүүгч рүү хандуулж, хувь хүний үзэл бодолтой маргаж бичдэггүй, хууль зүйн “асуудал” хөндөж бичдэг юм.

-Товчхондоо номын зохиогч нар бусдаар шүүмж бичүүлдэгтэй адилхан биз дээ?

-Тийм. Цөөнхийнхөө байр суурийг сонсч байна шүү дээ. Үндсэн хуулиар хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Хэрвээ ямар ч өөр санал гарахгүй бол энэ сайны дохио биш. Аливаа асуудлыг шийдэхдээ бусдынхаа санаа бодлыг сонсч, юмыг олон талаас нь харж, үнэлж дүгнэж байж хөгждөг хөгжлийн нийтлэг зүй тогтол байна. Түүнээс биш өөр үзэл бодлыг ил гаргаж болохгүй гэж хаачихаад зөв буруу нь хамаагүй, олонхи шийдсэн бол түүнийг үг дуугүй дэмжих ёстой гэдэг зүйл байж болохгүй. Тэртэй тэргүй шүүх олонхиороо шийдсэн шийдвэр ил гарч байгаа тохиолдолд цөөнх болсон шүүгчдийн санал ил байх ёстой. Өөр санал гаргаж, түүнийг ил болгосноор хэн нэг шүүгчийн хараат бус байдалд халдаад байна гэвэл үнэндээ логикгүй.

-Цөөнх болсон шүүгч нар тусгай санал бичихдээ хэр дуртай байдаг бол. Ядаргаа гэж хүлээж авдаг хэсэг бий юу. Жишээ нь, Цэцэд гомдол гаргасан иргэд шүүгчдийн энэ хандлагаар өргөдөл гаргасан байх боломжтой юу?

-Мэдэхгүй. Гаднын шүүхийн шүүгч нарын хууль хэрэглээний талаарх маргааныг би унших дуртай. Ялангуяа“dissenting opinion” буюу шүүгчийн өөр санал, олонхитой санал нийлээгүй саналбол сонирхолтой. Аль шүүгч ямар үндэслэл дэвшүүлж вэ гэдэг нь ил байдаг. Олонхи зөв шийдсэн байхад цөөнх болсон шүүгч мөн л үндэслэлээ маш гоёор дэвшүүлсэн байдаг. Би шүүгч болохоосоо өмнө Монголд маргаантай хэрэг шийдсэн шүүхийн шийдвэрүүдийг уншаад “ямар ч өөр саналгүй, дандаа бүгд л нэг дуугаар санал нэгдэж, шийдвэрээ гаргадаг юм байх даа” гэж боддог байсан. Шүүхийн гадна байсан надад тэгж санагдаж байсан. Олон өмгөөлөгч, хуульч нар хууль хэрэглээний талаар бодууштай үндэслэл гаргаж, маргаантай асуудлаар олон талаас шүүхэд маргаад байхад хагалж өгдөггүй, тал талаас нь харж, маргаад байгаа үндэслэлүүдийг нэг бол няцааж, нэг бол үнэн зөвийг тогтоож өгөхгүй бол шүүхийн шийдвэр хүлээн зөвшөөрөгдөхгүй шүү дээ. Шүүх засаглал учраас биднийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг ойлголт ард хоцорсон. Шүүгч гаргаж байгаа шийдвэрээрээ бусдад, хэргийн оролцогчдод, цаашлаад нийгэмд өөрөө хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Шүүх үр нөлөөтэй байх эсэх нь олон нийтийн итгэлд үндэслэгдэнэ. Шүүх учраас иргэд итгэх үүрэгтэй биш. Шүүхэд хандвал үнэн мөнөө олно гэсэн итгэлийн үндсэн дээр хүний эцсийн найдвар шүүх л байдаг. Миний хувьд, тусгай санал бичихэд ямар ч ядаргаатай юм байхгүй, хийх ёстой зүйлээ л хийж байна гэж хүлээж авдаг. 

Г.Улсболд

 

“itoim.mn” сайтад 2016 оны 10-р сарын 5-ны өдөр нийтлэгдсэн.