Ажил олгогчоос 550 023 589 төгрөг гаргуулж ажилтанд олгохоор шийдвэрлэсэн байна

2014 оны 01 сарын 06 1852

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн онд 759 хэргийг  хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 124 нь  хөдөлмөрийн эрх зүйн маргаан  байна.

Дээрх 124 хэргийн нэхэмжлэл бүгд “...ажлаас үндэслэлгүй халагдсан..” агуулгатай   бөгөөд  72.5 хувь буюу 90 нэхэмжлэлийг шүүхүүд  үндэслэлтэй гэж үзэж,  ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэжээ.

Эдгээр  90 хэрэгт судалгаа хийж үзэхэд 39 нь төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, 51 нь хувийн аж ахуйн нэгжийн албан тушаалтанд холбоотой байна.  Хувийн аж ахуйн нэгжийн албан тушаалтанд холбогдохоос бусад  39 байгууллагын 9 нь Засаг даргын тамгын газар, 11 нь сургууль цэцэрлэг, 6  нь эмнэлэг зэрэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэл   байна.

Ажилтныг хуучин ажилд нь эгүүлэн тогтоохдоо шүүх нийт 563 012 444 төгрөг ажил олгогчоос гаргуулж, 550 023 589 төгрөгийг ажилтанд, 15 338 855 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид оруулахаар шийдвэрлэжээ.

Ажил олгогчийн төлөх   563 012 444 төгрөгөөс   89 124 727 төгрөгийг төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, 473 887 717 төгрөгийг  хувийн аж ахуйн нэгж төлөх юм.

Төрийн өмчит хуудийн этгээд, улсын үйлдвэрийн газраас гарах 89 124 727 төгрөгийн 86 509 758 төгрөгийг ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд, 2 614 969 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид оруулахаар шийдвэрлэжээ. Харин хувийн аж ахуйн нэгжээс гарах 473 887 717 төгрөгөөс 461 163 831 төгрөгийг ажилтанд, 12 723 886 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр шийдвэрлэсэн байна.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ