БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн харъяа Шүүгчдийн коллежийн төлөөлөгчид Улсын дээд шүүхэд айлчиллаа

2016 оны 08 сарын 31 1331

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн О.Зандраа нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Шүүгчдийн коллежийн дарга, Шүүгчдийн коллежийн намын хорооны дарга, Дээд шатны шүүгч Хуанг Ёнг Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Танхимын  тэргүүн  М.Батсуурь уулзалтын үеэр төлөөгч нарыг Монгол Улсад айлчлал хийж байгаад нь талархал илэрхийлээд хоёр орны шүүхийн хамтын ажиллагааны хүрээнд 2007 оноос хойш БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн харьяа Шүүгчдийн коллежэд давхардсан тоогоор нийт 160 гаруй шүүгч ажилтан нар  хамрагдсан нь Монголын шүүхэд оруулж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт болсоныг цохон тэмдэглэв. Мөн Танхимын  тэргүүн  М.Батсуурь Улсын Дээд шүүх болоод Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн талаар товч  танилцуулж,  бусад улс орнуудын, ялангуяа  бүс нутгийн хөрш, хил залгаа орнуудын шүүхүүдтэй гадаад хамтын ажиллагааг  бүхий л талаар өргөжүүлэхийг Монгол Улсын Дээд шүүх хөхиүлэн дэмждэгээ илэрхийлэв.

 

БНХАУ-ын Шүүгчдийн коллежийн дарга, шүүгч Хуанг Ёнг Вэй өнгөрсөн онд БНХАУ-ын Шүүгчдийн коллеж өргөтгөн шинэчлэгдсэн бөгөөд цаашид Монголын шүүхийн шүүгч нарыг өргөн бүрэлдэхүүнтэй сургалтанд хамруулах илэрхийлж, бүс нутгийн болоод орон нутгийн шүүхүүд цаашид хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлсэн юм.  

Төлөөлөгчид Монгол Улсад шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хэрхэн хангадаг, шүүгчийн орон тоо, цалин хөлс, шүүхийн төсөв, шүүхийн үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал, зэрэг асуудлуудын талаар сонирхон асууж, харилцан ярилцав.