Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Иргэний зориг ногоон намын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч ИЗНН-аас СЕХ-ны 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар мөн хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СЕХ-ны 5 дугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-д даалгаж шийдвэрлэлээ.