Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон О.Зандраад баяр хүргэлээ

2016 оны 05 сарын 25 2039

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр зарлигаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон Улсын Дээд шүүхийн шүүгч, Монгол Улсын Гавъяат хуульч О.Зандраад баяр хүргэх ёслолын ажиллагаа боллоо.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг хамт олноо төлөөлж О.Зандраад баяр хүргээд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүхийн шинэчлэлийг эрчимжүүлэх талаар их зүйлийг хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Мөн О.Зандраа шүүхийн байгууллагад 35 жил ажилласан шүүгч, шүүх, шүүхийн захиргааны ажил гэж юу байдгийг сайн мэдэх, жаргал зовлонг нь ойлгох хүн гээд Дээд шүүхээс сонгогдсон гишүүний хувьд энэ хоёр байгууллагын хооронд бат бөх, чанартай гүүр болж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ. Түүнчлэн О.Зандраа нь Улсын Дээд шүүхийн шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн гэсэн албан тушаалыг хашна гэдгийг онцолсон юм.

О.Зандраа хамт олныхоо итгэлийг дааж ажиллах үүд хаалга нээгдсэнд баяртайгаа байгаагаа илэрхийлээд “Улсын Дээд шүүхийн шүүгч хэмээх төрийн өндөр албан тушаалд 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр томилогдсоноос хойших 15 жилийн хугацаа ажил амьдралд минь үр нөлөөтэй, маш их зүйлийг сурсан он жилүүд болж өнгөрлөө. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэх, засч залруулах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах гээд санаж сэдэж хийх ажил их байгаа. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүх, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, шүүгчдийг шилж сонгох тал дээр Дээд шүүхийн хамт олонтойгоо зөвлөлдөн олон зүйлийг хийж хэрэгжүүлнэ” хэмээв.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь “О.Зандраа шүүгчийг мэдэхгүй хүн байхгүй. Захиргааны хэргийн шүүхийг бэхжүүлэх, төлөвшүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан. Цаашид шүүхийн захиргааг бэхжүүлэх төлөвшүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хэрэгжүүлэхэд том хувь нэмэр оруулна гэдэг эргэлзэхгүй байна.” гэлээ.

 Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг 35 жилийн өмнө О.Зандраатай хамт нэг зарлигаар шүүгч болж байснаа дурсаад шүүгч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шүүгчийн эрх зүйн байдалтай холбоотой хууль тогтоомжид анхаарал хандуулан ажиллахыг хүсэв. Мөн О.Зандраа шиг өндөр мэдлэг чадвартай, ажлын нөр их дадлага туршлагатай, шударга зарчимч, ноён нуруутай хүнээр Дээд шүүх дутах болно гэж онцоллоо.

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв Тамгын газрынхаа хамт олны өмнөөс баяр хүргээд захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.