Иргэний хэргийн танхимаас уулзалт-ярилцлага зохион байгууллаа

2016 оны 04 сарын 15 2905

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчидтэй  “Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт-ярилцлагын үеэр энэ оны нэгдүгээр улирлын иргэний хэргийн шүүн таслах ажиллагаа, алдаа зөрчлийн тоймыг хэлэлцсэнээс гадна гэрээний үүрэг, орон сууцны талбайн хэмжээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх асуудал, гэрлэгчдийн дундын өмчлөлийн орон сууц ипотекийн зээлд хамрагдсан бол зээлийн үлдэгдлийг гэр бүлийн гишүүдэд хэрхэн хуваарилах, өмгөөлөгчийн зардлыг хохиролд тооцон гаргуулах зэрэг асуудлаар хууль хэрэглэх талаар харилцан ярилцан санал солилцжээ.

Дашрамд дурдахад улсын хэмжээнд давж заалдах шатны журмаар  хянан шийдвэрлэдэг нийт хэргийн 63 орчим хувийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэдэг байна. Мөн Дээд шүүхээр хянан хэлэлцсэн иргэний хэргийн 70 орчим хувийг тус шүүхийн хянан шийдвэрлэсэн маргаан эзэлдэг ажээ.