Улсын Дээд шүүхийн шүүгч, ажилтнууд Испанийн Вант улсын Дээд шүүхэд сургалтад хамрагдаж байна.

2016 оны 01 сарын 26 2407

            Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д.Серраногийн урилгаар Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн тэргүүтэй төлөөлөгчид тус улсын Мадрид, Барселон хотуудад 2016 оны 01 дүгээр сарын 23-31-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

            Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Испанийн Вант Улсын Дээд шүүхийн холбогдох албан тушаалтнуудтай Монголын шүүхийн шүүгчдийг шүүн таслах ажиллагааны тодорхой чиглэлүүдээр мэргэшүүлэн сургах талаар уулзалт, яриа хэлэлцээр хийхийн зэрэгцээ Испанийн Вант Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Барселон хот дахь шүүхийн сургуулиар зочилж үйл ажиллагаатай нь танилцах, шүүгчдийн мэргэжил, мэргэшил, туршлага судлах чиглэлээр сургалтад хамрагдах юм.

            Энэ удаагийн сургалт-уулзалт ярилцлага нь шүүн таслах ажиллагаа дахь хүний эрхийг хангах, шүүгчээс хууль хэрэглэх асуудлыг хөндөж буйгаараа онцог бөгөөд дараагийн ээлжийн сургалтыг энэ оны сүүлээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

            Дашрамд дурдахад Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д.Серраногийн урилгаар Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тус улсын Мадрид хотноо 2015 оны 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчилж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох, тэр дундаа Монгол Улсын шүүхийн шүүгч нарыг Испанийн Вант Улсын шүүхэд мэргэшүүлэн сургах талаар харилцан санал солилцож, тодорхой шийдэлд хүрсэн бөгөөд энэ хүрээнд дээрх сургалт зохиогдож байна. 

            Нэмж хэлэхэд Монгол Улсын Дээд шүүх удахгүй Бразил болон БНСУ-ын дээд шүүхээс зохион байгуулагдах сургалтад оролцох 10 хүртэл шүүгчдийн бүрэлдэхүүнтэй багаа илгээх бэлтгэл ажил хангагдаад байна.