Ерөнхий шүүгч Ц.Зориг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол хүртлээ

2016 оны 01 сарын 20 2836

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүх эрх мэдлийн шинэтгэлд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Цэвэгмидийн Зоригийг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр шагналаа.

            Цэвэгмидийн Зориг нь 1982 оноос хойш шүүх, арбитрын байгууллагад 34 жилийн турш тасралтгүй ажилласан бөгөөд 2010 оноос Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг хашиж байгаа юм.

            Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудыг боловсруулж, батлуулах, дагнасан шүүхийн мэргэшсэн шүүгчдээр хэргийг шийдвэрлүүлэх, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, гадаад харилцааг өргөжүүлэх, шүүхийн эдийн засгийн баталгааг хангах, шүүгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг сургалтад хамруулах зэргээр багагүй ажлыг амжуулснаар нь Монголын шүүх, шүүгч, ажилтнууд бахархдаг билээ.  

Ц.Зориг нь 1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Улсын Дээд шүүх, Хууль зүй, арбитрын яаманд арбитрч, 1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч, 1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн, 1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2010 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.