“Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл” амжилттай хэрэгжлээ

2016 оны 01 сарын 18 2637

Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА” болон Монгол Улсын Дээд шүүхийн хооронд “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2010-2015 онд 2 үе шаттай хэрэгжин, дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлэн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дууслаа.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад иргэний болон гэр бүлийн эрх зүйн хэрэг, маргааныг шүүх, арбитрийн журмаар шийдвэрлэхээс гадна шүүхийн бус журмаар гуравдагч этгээдийн дэмжлэгтэйгээр талуудыг эвлэрүүлэн, маргааныг шийдвэрлэх аргыг хэрэглэх болсон нь манай улсын эрх зүйн тогтолцоонд тухайн аргыг хэрэглэх нэг нөхцөл болсон юм.

“Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл” нь иргэний болон гэр бүлийн хэрэг, маргаанд эвлэрүүлэн зуучлах аргыг хэрэглэх тогтолцоогулсынхэмжээнд нэвтрүүлэх зорилт дэвшүүлсэн бөгөөд энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгсөн талаар төсөл хэрэгжүүлэгч Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА’’-ийн зүгээс өндөрөөр үнэлсэн байна.

Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлаас шүүхийн багц хуулиуд баталсны нэг нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль юм. Энэхүү хуулиар эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, улмаар тухайн ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах болсноор хэрэг, маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн болно.

Ийнхүү Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдснаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хуульд заасан нөхцөл журмын дагуу явагдаж, олон мянган хэрэг, маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан байна.

Тухайлбал: улсын хэмжээнд 2014 онд нийт 5122 хэрэг маргаан шийдвэрлэснээс 2847 хэрэг маргаан буюу 55 хувь нь амжилттай болж байсан бол 2015 онд нийт 11854 хэрэг, маргааныг шийдвэрлэсний 7881 хэрэг, маргаан буюу 66,4 хувь нь амжилттай болж, өмнөх оноос 2,2 дахин илүү хэрэг, маргааныг шийдвэрлэсний гадна амжилттай болж эвлэрлийн гэрээ байгуулагдсан хэрэг маргааны чанар 11,4 хувиар өсжээ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан нийт 11854 хэрэг маргааны 8829 буюу 74,4 хувь нь иргэний эрх зүйн хэрэг, маргаан, 106 буюу 1 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан хэрэг, маргаан, 2919 буюу24,6 хувь нь гэр бүлийн эрх зүйн хэрэг, маргаан эзэлж байна. Иргэний эрх зүйн хэрэг маргааны 84,7хувь, хөдөлмөрийн ганцаарчилсан хэрэг, маргааны 44,3 хувь, гэр бүлийн эрх зүйн хэрэг, маргааны 12 хувь амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулагджээ.

Түүнчлэн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар нийт эвлэрлийн гэрээ байгуулагдсан 7881 хэрэг маргаан нь анхан шатны бүх шүүхийн 2015 онд шийдвэрлэсэн нийт 40674 иргэний хэрэгтэй харьцуулахад 19,3 хувийн шүүхийн ачааллыг бууруулсан гэж үзэхээр байна.

Монгол улсад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжихээс өмнө Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА” болон Улсын Дээд шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос хэрэгжүүлж буй “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийн хүрээнд болон хууль хүчин төгөлдөр болсноос хойш нийт 19 удаагийн Эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх сургалтаар улсын хэмжээнд нийт 643 эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгээд байна.

Эвлэрүүлэн зуучлагчид тооны хувьд олон хэдий ч зарим алслагдсан аймагт 4-7 эвлэрүүлэн зуучлагч бэлтгэгдсэн нь хангалттай бус байсан тул орон нутагт эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх сургалтыг явуулсан нь ач холбогдолтой болсон гэж үзэж байна.

Түүнчлэн эвлэрүүлэн зуучлагчийг зөвхөн тооны хувьд бус тэдгээрийг бэлтгэх, давтан сургах сургалтын агуулгыг зөв тодорхойлох, тухайлбал  тэдгээрт сургалтаар олгох шинэ мэдлэг, эвлэрүүлэн зуучлагчийн ур чадвар, эвлэрлийн гэрээг боловсруулах, улмаар эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүй, өөрсдөдөө сэтгэлгээний өөрчлөлт хийх шаардлага зэрэг зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, мэдээллийг сургалтын хөтөлбөрт тусган явуулсан болно.

Улсын Дээд шүүхийн шүүгчид, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн онол, арга зүйн тайлбарыг гаргасан нь тэдэнд тухайн хуулийг нэг мөр ойлгож хэрэглэхэд дөхөм үзүүлэх, ижил стандартыг мөрдөхөөс гадна уг тайлбарыг оюутан, багш, судлаачид сургалтын болон судалгаандаа ашиглах боломжтой болсон юм.

Энэхүү бүтээл нь эвлэрүүлэн зуучлах тогтолцоог манай оронд төлөвшүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт болно хэмээн найдаж байна.

“Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөл болон Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх ажиллагаа” хичээлийн хөтөлбөрийн гарын авлага номыг хэвлүүлэн, энэ хичээлийн жилээс ирээдүйн эрх зүйч, хуульчдад эвлэрүүлэн зуучлалын тухай хичээл сургалтын хөтөлбөрт багтан орсон нь Эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог төлөвшүүлэхэд чухал гэж үзэж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн цахим бүртгэлийн нэг модул болгон “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” нэртэй нэгдсэн цахим бүртгэлийн систем боловсруулж өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ашиглаж эхлэх юм.

Ийнхүү эвлэрүүлэн зуучлах ажиллагааны бүртгэл цахим хэлбэрт орсноор эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хөдөлгөөнийг удирдах, судалгаа, мониторинг хийх, мэдээ тайлан үнэн зөв, шуурхай гарах бололцоотой боллоо.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжсэнээр иргэн, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж, Монгол улсын үндэсний эрх зүйн тогтолцоо “Эвлэрүүлэн зуучлалын эрх зүй” хэмээх шинэ салбараар хүрээгээ тэлэх нөхцөл бүрдсэний гадна Иргэн, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйн харилцааны процессийн нэг чухал институц болон хөгжиж байна.

Ингэснээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхийн ажлын ачааллыг багасгахаас гадна шударга ёс, хүний эрхийг хамгаалах, улмаар үндэсний эв нэгдлийг хангах, иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болсон гэж үзлээ.

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ