Ока Хидеог “Улсын Дээд шүүхийн Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

2015 оны 12 сарын 11 2315

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 85 дугаар захирамжаар Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн ахлах зөвлөх Ока Хидеог “Улсын Дээд шүүхийн Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өгөх ёслолын ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болов.

Шагналыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр гардуулан өгч, Монгол Улсад “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөл амжилттай хэрэгжсэнийг тэмдэглээд үүнд ноён Ока Хидеогийн ажил мэргэжлийн туршлага, хувь нэмэр их байсныг онцоллоо.

Ёслолын ажиллагаанд Улсын Дээд шүүгч асан, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг,  Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид, Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв, Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын засаглалын салбар хариуцсан төлөөлөгч А.Сайхантуяа болон албаны бусад хүмүүс байлцав.

 

 

 

Улсын Дээд шүүх, Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка”  байгууллагатай хамтран 2010 оноос "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд манай улсад эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо амжилттай бүрдсэн. Төсөлийг хэрэгжүүлснээр Иргэний шүүн таслах ажиллагааны ачаалал тодорхой хэмжээнд буурсан эерэг үзүүлэлтүүд гарч байна. Төслийн үйл ажиллагаа нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор дуусгавар болж байна.