Эрүүгийн хэргийн танхимаас хэвлэлийн бага хурал зохион байгуулав

2015 оны 12 сарын 07 2653

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хуралд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүхээс хэрэгжүүлсэн байдлын талаар, шүүгч Д.Ганзориг тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасны дагуу ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлсэн талаар, шүүгч Б.Батцэрэн тус хуулийн 5 дугаар зүйлийн дагуу ялаас өршөөн хассан, 7 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэл хийв.

Мөн Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын Ассамблейн 14 дэх удаагийн чуулганд Монголын шүүгчид оролцоод ирсэн талаар, шүүгч Б.Батцэрэн Шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулиудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн эдгээр асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагджээ

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс шүүх хэрэгжүүлж эхэлсэн байна. 

2015 оны 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд анхан шатны шүүхүүд хорих ял шийтгүүлж өршөөлд хамрагдах ялтуудын материалыг хүлээн авч, 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 27 хорих анги, баривчлах болон цагдан хорих байруудад 4-5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй очиж хуралдан асуудлыг шийдвэрлэжээ.

Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлэн сулласан байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдсан бөгөөд дээрх заалтуудаар нийт 1930 ялтан суллагдсан аж. Эдгээрийн 651 нь нийслэлд харьяалагдах хорих ангиудаас, 1279 нь орон нутгийн хорих ангиудаас суллагджээ. 

Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгдээгүй торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлсэн байна.

Үүнээс гадна 2015 оны 12 дугаар сарын 4-ний байдлаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагдсан байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1 дэх хэсэгт зааснаар /үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх) 1252 ялтныг эдлээгүй үлдсэн хорих ял болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж суллажээ. Судалгаанаас үзвэл хорих ялаас гадна  нэмэгдэл ял болох эд хөрөнгө хураах ял шийтгүүлсэн 51, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял шийтгүүлсэн 973 ялтан энэ заалтад хамрагджээ.  

Суллагдсан 1252 ялтнаас насанд хүрээгүй 11, эмэгтэй 87, эрэгтэй 1165, анх удаа гэмт хэрэг үйлдсэн 701, урьд 2 удаа гэмт хэрэг үйлдсэн 308, урьд 3 ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн 243 ялтан байна.  Түүнчлэн урьд Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж байсан 27 ялтан дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан аж.

Энэ хэсэгт зааснаар суллагдсан ялтнуудын үйлдсэн гэмт хэргийг төрлөөр авч үзвэл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тухайлбал бусдын эд хөрөнгийг хулгайлсан 693, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан 99, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн  38, нийт 830 ялтан суллагдсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар суллагдсан ялтнуудын 60 орчим хувийг эзэлж байна  

Мөн хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 122 ялтан суллагдсан нь 9 орчим хувийг эзэлж байгаа бол хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн 1 ялтан, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 9 ялтан суллагджээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар (хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх) үндсэн ялын шинж чанартай оногдуулдаг торгох ял шийтгүүлсэн 119, албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн 63, баривчлах ял шийтгүүлсэн 130 этгээдийн гүйцэтгэгдээгүй ялаас эдлээгүй буюу гүйцэтгэгдээгүй үлдсэн хэсгийг шүүхээс өршөөн хэлтрүүлсэн байна. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар (ялаас өршөөн хасах) 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагджээ.

Суллагдсан хүмүүсийн дотор эмэгтэй 20, эрэгтэй 658, анх удаа гэмт хэрэг үйлдсэн 535, урьд 2 удаа гэмт хэрэг үйлдсэн 93, урьд 3 ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн 50 ялтан байна. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт насанд хүрээгүй 6 хүн хамрагдаж эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хасч, үлдэх ялаа эдэлжээ. Насанд хүрээгүй эдгээр хүмүүсийн 4 нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх , 1 нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 1 нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаар суллагдсан нийт 678 ялтны үйлдсэн гэмт хэргээс доорхи гэмт хэргүүд дийлэнхи хэсгийг эзэлж байна. Үүнд бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 201, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 53, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 190, танхайрах гэмт хэрэг үйлдсэн 234 ялтан байна.

Өршөөл үзүүлэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасаж үлдэх ялаа эдэлж байгаа ялтны үйлдсэн гэмт хэргээс доорхи гэмт хэргүүд дийлэнхи хэсгийг эзэлж байна. Үүнд бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 604, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан 6, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 77, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 580,танхайрах гэмт хэрэг үйлдсэн  493 ялтан байна.

Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийт 1760 ялтан хамрагдсанаас 678 ялтан нь суллагдаж, 1082 ялтан үлдэх ялаа эдэлж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар (эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох) улсын хэмжээнд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар  338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Үүнээс 79 яллагдагчид холбогдох 73 эрүүгийн хэргийг шүүх хуралдааны өмнө шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь нийт хэрэгсэхгүй болгосон хэргийн 25.7 хувийг эзэлж байна.

Харин шүүх хуралдаанаар нийт хэргийн 74.3 хувийг буюу 259 хүнд холбогдох 211 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэгт холбогдсон нийт 338 хүний 87.9 хувь буюу 297 нь эрэгтэй, 12.1 хувь буюу 41 нь эмэгтэй хүн байна.

Хэрэгт холбогдогчдын 2.9 хувь буюу 10 нь насанд хүрээгүй, 184 хүн буюу 54.4 хувь нь 18-29 насны залуучууд, 94 хүн буюу 27.8 хувь нь 30-34 насныхан, 14.8 хувь буюу 50 хүн нь 35-аас дээш насны хүмүүс байгаа аж.

Анхан болон давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нийт 284 эрүүгийн хэргийг гэмт хэргийн төрлөөр үзвэл 26 хувь буюу 97 хүнд холбогдох 74 хэрэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 14 хувь буюу 42 хүнд холбогдох 41 хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, 9 хувь буюу 38 хүнд холбогдох 28 хэрэг нь танхайрах, 7 хувь буюу 23 хүнд холбогдох 20 хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг байх бөгөөд үлдсэн 44 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг байна.

ОЭУШ-д Монгол Улсын төлөөлөл сонгогдох боломжийн талаар ярилцжээ

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Нидерландын Вант Улсын Гааг хотноо 2015 оны 11 дүгээр сарын 18-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын чуулган 14 дэх удаагийн хуралдаанд  оролцжээ.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм нь Олон улсын байнгын ажиллагаатай эрүүгийн шүүхийг байгуулах тухай  олон улсын гэрээ бөгөөд 1998 онд Ром хотод анх батлагдаж 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнн юм. Монгол Улс Ромын Дүрмийг  2002 онд  соёрхон баталж ОЭУШ-ийг үүсгэн байгуулагч 60 улсын тоонд багтсан аж. 123 орныг эгнээндээ нэгтгээд буй Ромын дүрмээр гишүүн улсууд төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дотооддоо шүүн тасалж, ял шийтгэл оногдуулан эдлүүлэх, ингэх боломжгүй бол Олон улсын эрүүгийн шүүхэд уг этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг байна.

Энэ удаагийн хуралдаанаар Шүүхийн үйл ажиллагааны ерөнхий тайлан болон зарим зөвлөл, хорооны тайланг сонсож,  нэр бүхий зөвлөл болон хорооны зарим гишүүдийг сонгожээ.

Мөн эзлэн түрэмгийлэх гэмт хэргийг Олон Улсын Эрүүгийн шүүхийн  харьяалалд шилжүүлэх тухай Кампаллагийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэх үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай, Терроризмийн гэмт хэргийг Олон Улсын шүүхийн харъяалалд шилжүүлэхийн ач холбогдлын тухай, Хүний эрхийн ноцтой зөрчлийн эсрэг тэмцэх, эдгээр хэргүүдийг илрүүлэх, шүүн таслахад иргэний нийгмийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх тухай зэрэг анхаарал татсан асуудлуудыг салбар хуралдаануудаар авч хэлэлцсэн байна. Түүнчлэн Олон Улсын Эрүүгийн шүүх дэх өмгөөллийн үйл ажиллагааг бэхжүүлэх, бие даасан байгууллага байгуулах санаачлагыг дэмжих, тус шүүхийн харьяаллын хэргүүдийг шүүн таслах, ял оногдуулах үндсэн стандарт тогтоох, Олон Улсын Эрүүгийн шүүхийн болон гишүүн улсуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай, зарим улсын нутаг дэвсгэрт Олон Улсын Эрүүгийн шүүхийн захирамж, тогтоолуудыг биелүүлэхэд учраад буй бэрхшээл, саадыг арилгах арга замын тухай асуудлууд яригджээ.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар ОУЭШ-ийн ерөнхийлөгч Силвиа Фернандес дө Гурмэнди, Чуулганы ерөнхийлөгч Сидики Каба нартай биечлэн уулзаж, Монгол Улсын шүүгчид анх удаа чуулганд оролцож буйг дурдаад Ромын дүрмээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх талаар үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан хичээн ажиллаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн тус шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг манай иргэн Н.Орчлонтой уулзаж, Монгол Улсын төлөөлөл тус шүүхийн шүүгчээр сонгогдох боломж, арга замын талаар ярилцжээ. 

Манач шүүгчид 8 өдрийн хуралдаанд оролцож, Монгол Улсад хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэхэд хэрэг болох үнэтэй санаа, зөвлөмжүүдийг авч ирсэн байна.

Шинэчлэн найруулагдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай

хуулийн талаар

УИХ-ын 2015 оны 12 дугаар сарын 3-4-ний өдрийн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хамтад нь баталлаа.

Улсын Дээд шүүхийн шүүгчид эдгээр хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийг боловсруулахдаа Эрүүгийн хуулийн сайн зохицуулалтыг уламжлан авч үлдэхээс гадна дэлхийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болоод Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтад нийцүүлсэн ажээ.

Тухайлбал, Монгол Улс цаазаар авах ялыг халах Олон улсын гэрээнд нэгдсэний хувьд энэ ялыг халсан. Авлигын эсрэг НҮБ-ийн конценцэд заасан агуулгаар авилга, албан тушаалтанд холбогдох хэргийг томьёолсон байна.

Ял шийтгэлийн хувьд уламжлалт хорих, торгох ялаас гадна нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах зэрэг ялыг шинээр нэмснээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой албадлагын арга хэмжээний төрлийг шинээр хуульчилсан аж.

Шинээр орсон бас нэг чухал зохицуулалт бол гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнийг үйлдсэн гэмт хэргээс нь хамааран ялаас чөлөөлөх, ялыг хөнгөрүүлж оногдуулах заалтыг хуульчилсан байна. Ингэснээр дийлэнх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой болж байгаа бөгөөд энэ нь цаг хугацаа хэмнэхээс гадна эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой, шүүхийн ачааллыг бууруулна.

Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдож байсан 36 үйлдлийг зөрчилд тооцож, гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэргийн ангиллыг хуулиас хасаж, зөвхөн гэмт хэргийн шинж чанар буюу үйлдлээр нь гэмт хэргийг тодорхойлдог болжээ. Өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын хууль болон Эрүүгийн хуульд ижил үйлдэлд захиргааны зөрчил, эрүүгийн гэмт хэрэг гэсэн давхардсан стандартууд тогтоосныг үгүй болгож, гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргасан этгээдэд хүлээх хариуцлага тодорхой болсон байна.

Өмнөх хуульд байсан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэх мэт гэмт хэргийн ангиллыг хуулиас хасаж, гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол барагдуулсан эсэхээс шалтгаалан ял, албадлагыг ялгавартайгаар хэрэглэх боломж бүрджээ.

Мөн ялын шинэ төрлүүдийг бий болгож, хорих ялын доод хэмжээг бууруулснаар /7 хоногоос нэг сар/ яллагдагчийн засрал хүмүүжлээс шалтгаалан ялын хэмжээг уян хатан байлгахаар зохицуулсан байна.

“Нэг хэргийн улмаас хоёр удаа ял шийтгэхгүй” гэдэг хуулийн үндсэн философийн дагуу давтан гэмт хэрэг нэрээр ялыг хүндрүүлдэг байдлыг халжээ. Түүнчлэн хөнгөн ялыг хүндэд багтаадаг байсныг халж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оноохоор болсон аж.

Мөн гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож, хүүхдийн ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар сольсон байна. Түүнчлэн “эрүүгийн хариуцлага” гэсэн ерөнхий ойлголтыг “ял”, “албадлагын арга хэмжээ” хэмээн тусад нь зааж өгчээ.

Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталсантай холбоотойгоор өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүй болгож, салбарын хуулиудад орсон давхардсан заалтуудыг Эрүү, Зөрчлийн хуулиар зохицуулахаар болжээ.

Бэлтгэл ажил хангахтай холбогдуулан УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийг 2016 оны есдүгээр сарын нэгний өдрөөс  хэрэгжүүлэхээр болсон байна.