Олон Улсын Эрүүгийн шүүхийн чуулганд Монголын шүүгчид анх удаа оролцлоо

2015 оны 12 сарын 01 2377

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Нидерландын Вант Улсын Гааг хотноо 2015 оны 11 дүгээр сарын 18-26-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын Ассамблейн 14 дэх удаагийн чуулганд оролцоод иржээ.

Чуулганы хуралдаанаар Олон Улсын Эрүүгийн шүүхийн үйл ажиллагааны ерөнхий тайлан болон Хохирлын сангийн захирлын зөвлөл, Чуулганы тэргүүлэгчдийн зөвлөл,   Шүүхийн барилга, байгууламжийн хяналтын хорооны тайланг сонсож,  Хохирлын сангийн захирлын зөвлөлийн 5 гишүүн, Төсөв санхүүгийн хорооны 1 ажилтан, Шүүгчдийг нэр дэвшүүлэх зөвлөх хорооны гишүүдийг сонгосон байна.

Мөн эзлэн түрэмгийлэх гэмт хэргийг Олон Улсын Эрүүгийн шүүхийн  харьяалалд шилжүүлэх тухай Кампаллагийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэх үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай, Терроризмийн гэмт хэргийг Олон Улсын шүүхийн харъяалалд шилжүүлэхийн ач холбогдлын тухай, Хүний эрхийн ноцтой зөрчлийн эсрэг тэмцэх, эдгээр хэргүүдийг илрүүлэх, шүүн таслахад иргэний нийгмийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх тухай зэрэг анхаарал татсан асуудлуудыг салбар хуралдаануудаар авч хэлэлцжээ. Түүнчлэн Олон Улсын Эрүүгийн шүүх дэх өмгөөллийн үйл ажиллагааг бэхжүүлэх, бие даасан байгууллага байгуулах санаачлагыг дэмжих, тус шүүхийн харьяаллын хэргүүдийг шүүн таслах, ял оногдуулах үндсэн стандарт тогтоох, Олон Улсын Эрүүгийн шүүхийн болон гишүүн улсуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай ч яригдсан байна.

Үүнээс гадна зарим улсын нутаг дэвсгэрт Олон Улсын Эрүүгийн шүүхийн захирамж, тогтоолуудыг биелүүлэхэд учраад буй бэрхшээл, саадыг арилгах арга замын тухай асуудлууд салбар хуралдааны анхаарлын төвд байлаа.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар энэ үеэр Олон Улсын Эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Силвиа Фернандес дө Гурмэнди, Чуулганы ерөнхийлөгч Сидики Каба нартай биечлэн уулзаж, хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж Монгол Улсын шүүгчид анх удаа чуулганд оролцож буйг дурдаад Ромын дүрмээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх талаар үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан хичээн ажиллаж буйгаа илэрхийлжээ.

                  

Ноён Силвиа Фернандес дө Гурмэнди, Сидики Каба нар нь Олон Улсын Эрүүгийн шүүх бүрэн эрх хэмжээгээ хэрэгжүүлж ажиллахад гишүүн улсуудын хамтын ажиллагаа онцгой чухал болохыг энэ уулзалтын үеэр тэмдэглэсэн байна.

Мөн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Олон Улсын Эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг манай иргэн Н.Орчлонтой уулзаж, Монгол Улсын төлөөлөл тус шүүхийн шүүгчээр сонгогдох боломж, арга замын талаар ярилцжээ.  

Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын Ассамблейн 14 дэх удаагийн чуулганы хуралдаанаас Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн  Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар өөрийн оронд хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэхэд үнэтэй санаа, зөвлөмжүүдийг авч ирсэн байна.

Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм нь Олон улсын байнгын ажиллагаатай эрүүгийн шүүхийг байгуулах тухай  олон улсын гэрээ бөгөөд анх 1998 онд Ром хотод батлагдаж, 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм.

Монгол Улс Ромын Дүрмийг  2002 онд  соёрхон баталж, ОУЭШ-ийг үүсгэн байгуулагч 60 улсын тоонд багтсан аж. Одоогийн байдлаар 123 улс Ромын дүрмийн гишүүнээр нэгдээд байна. Ромын дүрмээр гишүүн улсууд “төрлөөр устгах, хүн төрөлхтөний эсрэг, дайны, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг” үйлдсэн этгээдийн хэргийг дотооддоо шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүхэд уг этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг юм байна.

Дашрамд дурдахад 2015 оны 3 дугаар сарын 11-нд анх удаа эмэгтэй хүн Олон Улсын Эрүүгийн шүүхийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Хатагтай Фернандез Де Гурменди нь 1954 онд төрсөн, Олон Улсын Эрүүгийн шүүхийн байнгын орон тооны шүүгчээр ажиллаж байсан, Аргентин гаралтай юм байна.