Эрүүгийн хэргийн бүх шүүхүүдтэй уулзалт-ярилцлага зохион байгууллаа

2015 оны 11 сарын 03 1992

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг шүүхийн хэмжээнд нэг мөр ойлгох  зорилгоор улсын хэмжээн дэх эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчидтэй уулзалт-ярилцлагыг 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болсон уг уулзалт-ярилцлагад нийслэл, дүүргийн шүүхийн шүүгчид ирж оролцсон бол орон нутгийн шүүхүүд онлайнаар холбогдож, Дээд шүүхийн шүүгчдээс энэ талаар тулгамдаж буй асуултдаа хариулт авсан юм.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэнээр 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа аж.

Уулзалт-ярилцлагын үеэр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс тус хуулийг хэрхэн хэрэглэх талаар бичгээр болон амаар ирсэн асуултад хариулт өглөө.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг яаж шийдвэрлэх, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд уг хуулийг хэрхэн хэрэглэх  зэрэг асуудлууд шүүгчдийн анхаарлыг хамгийн их татаж байв.  

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг  өршөөлд хамрагдах ялтнуудын материалыг прокуророос ирсэн тохиолдолд яаралтай судалж, хорих анги дээр нь хуралдаан хийж, энэ долоо хоногтоо багтаан өршөөн суллахыг үүрэг болголоо.