Бүлэг дээрэмчдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээв

2015 оны 10 сарын 29 1785

  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Тэмүжин нарт холбогдох хэргийг ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

   У.Тэмүжин, У.Баярсүрэн, Г.Магнай, М.Мөнх-Отгон нар нь бүлэглэн 2011 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Өргөө” кинотеатрын баруун урд талд С-г такси барих гэж байхад нь автомашинд суулган авч явж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, 400 гаруй мянган төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн. Энэ үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирч удаан хугацаанд эмчлэгдэж байгаад нас барсан, өөрөөр хэлбэл шунахайн сэдэлтээр биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн бусдыг санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.

   Мөн У.Тэмүжин, Г.Магнай, У.Баярсүрэн, М.Мөнх-Отгон, Б.Тайван, Т.Бархасболд нар нь 2011 оны 2 дугаар сарын 9-нөөс 2012 оны 1 дүгээр сарын 10-ны хооронд удаа дараагийн үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн аж.

   Түүнчлэн У.Тэмүжин, Г.Магнай, У.Баярсүрэн, М.Мөнх-Отгон нар нь давтан үйлдлээр бүлэглэн иргэн Л, Э нарыг хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

  Анхан болон давж заалдах шатны шүүхээс У.Тэмүжинд 19 жил 6 сар, М.Мөнх-Отгонд 19 жил, Г.Магнайд 18 жил, У.Баярсүрэнд 17 жил 1 сарын хорих ялыг тус тус чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Б.Тайванд  6 жил, Т.Бархасболдод 3 жил 5 сар хорих ял тус тус оногдуулсан байна.

  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.