Ц.Ууганбаатарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

2015 оны 10 сарын 27 1945

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Ууганбаатарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.  

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ц.Ууганбаатарыг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, жирийн дэглэмтэй хорих ангид 4 жил хорих ял оногдуулсан юм.  

Улсын Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болон үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “...хууль бус тушаал, захирамж өгсөн этгээдэд гэм хор учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд С.Саранбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан албан тушаалын гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж тогтоох нь тогтоол гарахад чухал ач холбогдолтой гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.