Польш Улсын Шүүхийн Үндэсний Зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015 оны 09 сарын 22 2374

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь Бүгд Найрамдах Польш Улсын Шүүхийн Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Варшавын цэргийн тойргийн шүүхийн шүүгч, хурандаа ноён Пиотр Рачковски тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв болон албаны бусад хүмүүс байлцав.

Энэ үеэр Танхимын тэргүүн М.Батсуурь манай улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн шинэтгэлийн талаар товч танилцуулга хийсэн бол ноён Пиотр Рачковски өөрийн орны шүүхийн тогтолцооны талаар танилцуулж, харилцан санал солилцсон найрсаг уулзалт боллоо.  Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь уулзалтын төгсгөлд төлөөлөгчдөд хандан манай улсад айлчлан ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд хоёр орны шүүхийн хамтын ажиллагаа бүхий л талаар өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.  

Дашрамд дурдахад Польш Улсын Шүүхийн Үндэсний зөвлөлийн төлөөлөгчид Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ажээ. Польш Улсын Дээд шүүх нь Эрүү, Иргэн, Олон нийтийн,Хөдөлмөрийн болоод Цэргийн гэсэн танхимтай бөгөөд жилд 6000 орчим гомдлыг хяналтын журмаар шийдвэрлэдэг байна. Энэ нь тус улсын анхан шатны шүүх жилд шийдвэрлэдэг 15 сая орчим хэрэг маргаантай харьцуулвал 0.04 хувь нь л хяналтын шатны шүүхээр хянагддаг аж.