О.Зандраа “Монгол Улсын Гавъяат хуульч” цол хүртлээ

2015 оны 07 сарын 08 2781

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2224 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Улсын Дээд шүүхийн шүүгч О.Зандраад “Монгол Улсын Гавъяат хуульч” цол хүртээлээ.

Мөн Улсын Дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн, Захиргааны хэргийн хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч Шархичигийн Даваадулам нарыг “Алтан гадас” одонгоор, Улсын Дээд шүүхийн эмч Агваанчүлтэмийн Ариунболорыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнажээ.

Шинэхэн Гавъяат хуульч болон төрийн дээд одон, медалиар шагнагдсан шүүгч, ажилтнуудад баяр хүргэх ёслолын ажиллагаа 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улсын Дээд шүүхэд боллоо.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг “Монгол Улсын Гавъяат хуульч” хэмээх өндөр нэр хүндтэй шагналыг хүртсэн О.Зандраад хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. О.Зандраа 1981 оноос хойш тогтоол гүйцэтгэгчээс эхлээд бүх шатны шүүхэд шүүгчээр хоёргүй сэтгэлээр 34 жилийн турш зүтгэснийг та бид мэднэ. Захиргааны хэргийн дагнасан шүүхийг байгуулах, төлөвшүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлэвч баршгүй юм. Мөн шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, Шүүхийн багц хуулийг боловсруулах, хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэ шагналыг олгосон гэж ойлгож байна. Бидний дундаас Гавъяат хуульч “төрж”, хамтран ажиллах болсондоо баяртай байна” гээд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь  танхимынхаа хамт олны өмнөөс баяр хүргээд “О.Зандраа шүүгч 2004 оноос хойш арав гаруй жилийн хугацаанд Захиргааны хэргийн шүүхийн шавыг тавьж, шанг татсан гавъяатай хүн. Гавьяат хуульч хэмээх энэ эрхэм шагнал нүдээ олжээ” гэж онцоллоо.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг “Бүх шатны шүүхэд шүүгчээр ажиллаж, Захиргааны хэргийн дагнасан шүүхийн тулгын чулууг тавьж, өрхний оосрыг таталцсан, хийсэн юмтай, хэлэх үгтэй Гавъяат хуульчаараа бахархаж байна” хэмээв.  

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр шүүхийн бүхий л шатанд нэр хүндтэй ажилласан О.Зандраа шүүгчийг “Монгол Улсын гавъяат хуульч” хэмээх өндөр шагнал хүртсэнд баяртай байгаагаа илэрхийлээд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.  

Түүнчлэн Монголын Шүүгчдийн холбоо, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчид Монгол Улсын Гавъяат хуульч О.Зандраад сэтгэлийн сайхан үгсээ хэлж, эрүүл энх аз жаргалыг хүссэн юм.

Шинэхэн Гавъяат хуульч О.Зандраа хамт олондоо хандаж хэлсэн үгэндээ “Шүүх хэмээх том айлын босгыг алхаж, та бүхний эд эс болж 34 жилийн турш ажиллажээ. Энэхүү шагналыг хүртсэн нь миний хийгээд та бүхний нэр төрийн хэрэг байлаа. Та бүхэнгүйгээр би хэн сэн билээ. Хамт олны хүч гэж оломгүй далай юм. Цаашид ч их зүйлийг хийнэ гэж бодож байна” гээд хамт олондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.

Мөн төрийн дээд одон, медаль хүртсэн шүүгч ажилтнуудад ч хамт олон нь ажлын амжилт, аз жаргал хүсэж, сэтгэлийн сайхан үгсээ хэлэв. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг “Алтан гадас” одон хүртсэн Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг “оюунлаг шүүгч” хэмээн тодотгоод хамт олныхоо өмнөөс аз жаргал хүссэн юм. 

 

“Алтан гадас” одон хүртсэн Захиргааны  хэргийн хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч Ш.Даваадулам 1982 оноос хойш шүүхэд ажиллаж байгаа, шүүхэд өөрийн бүхий л амьдралаа зориулсныг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон Танхимын тэргүүнүүд онцоллоо.

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн эмч А.Ариунболорыг “Ганц дайчин ганцаардахгүй гэдгийн үлгэрээр шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийн хамгаалахад асар их хувь нэмэр оруулж байгаа” хэмээн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Танхимын тэргүүнүүд тэмдэглэсэн юм.