“Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслийн эхний шат өндөрлөлөө

2013 оны 07 сарын 01 2046

“Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслийн  эхний шатны 2 дахь ээлжийн сургалт  2013 оны 6 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд  боллоо. Сургалт өнгөрсөн ням гаригт өндөрлөж, оролцсон шүүгчдэд сертификатыг нь гардуулав.

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр  хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслөөс нийт 200 шүүгчдэд явуулах сургалтын эхний шат  ийнхүү дууссан байна.

Төслийн эхний шатны хаалтын ажиллагаанд Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, Улсын Дээд шүүхийн шүүгч А.Доржготов, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Энхбаяр, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Төслийн менежер Карлос Эскудеро, зөвлөх Т.Алтангэрэл, зохицуулагч Ц.Дэлгэрцэцэг  нар оролцов.

Хаалтын үеэр  Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Төслийн менежер Карлос Эскудеро, Танхимын тэргүүн Б.Ундрах нар  сургалтад оролцсон шүүгч нарт талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн шүүгч-багш болох Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Нийслэлийн шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Э.Золзаяа, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Т.Алтантуяа, Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгч Х.Байгальмаа, Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч С.Өмирбек,  Нийслэлийн захиргааны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, докторант С.Гэрэлмаа нарын  явуулсан сургалт   ач холбогдолтой, өгөөжтэй, чанартай сайн  болсон талаар тэмдэглэн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсчээ.