Улсын Дээд шүүхийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд зарлах уралдааны удирдамж

2013 оны 09 сарын 12 2314

Нэг: Ерөнхий зүйл

1.1. Сэдэв: Шүүхийн шинэчлэл ба хүний эрх

1.2. Агуулга: Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хэлбэрээр хүний зөрчигдсөн эрхийг шүүх хамгаалсан тохиолдлоос иргэд, хуулийн этгээдэд сургамжтай тохиолдлыг тод томруун дүрслэн харуулах, шүүхийн шинэчлэл нь хүний эрхийг нөхөн сэргээхэд ямар нөлөө үзүүлэх талаар харьцуулан дүгнэлт, бодомж бүхий агуулгатай байх.

1.3. Зорилго: Шүүхээс хүний эрхийг хамгаалж буй үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн талаар бодит ойлголтыг олон нийтэд төлөвшүүлэх

Хоёр: Уралдааны хугацаа:

Сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдааныг 2013 оны 9 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд зарлаж байна.

Гурав.Бүтээлд тавигдах шаардлага:

3.1. Тухайн материал уралдааны сэдэв, агуулгад бүрэн нийцсэн буюу шүүхээс хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж буй үйл ажиллагааны талаар тодорхой тусгасан байх.

3.2. Сэтгүүлзүйн бичлэгийн шаардлагыг хангасан байх.

3.3. Үнэн зөв, бодит мэдээллийг тусгасан байх.

3.4. Хуулийн үг хэллэг, шүүхийн процесс үйл ажиллагааны талаарх үг хэллэгийг зөв томъёолон хэрэглэсэн байх.

3.5. Уралдааны хугацаанд буюу 2012 оны  9 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын сарын 10-ны хооронд нийтлүүлж, нэвтрүүлсэн байх.

Тусгайлсан шаардлага: Сонин болон сайтын бичлэгийн тухайд нийтлэл, ярилцлага, сурвалжлага,тэмдэглэл,  эсээ аль ч төрлөөр бичигдсэн, сонины тал нүүрээс багагүй хэмжээтэй байх. Эсвэл тухайн сэдвийн дагуу бичигдсэн 5 мэдээг нэг материалд оруулан тооцож болно.

-Телевиз, радиогийн нэвтрүүлгийн тухайд 20-оос дээш минутын бие даасан нэвтрүүлэг байх, мөн тухайн сэдвийн дагуу нэвтрүүлсэн 5 мэдээ, тодруулгыг нэг материалд оруулан тооцож болно.

Дөрөв .Бүтээлийг хүлээн авах

4.1.Уралдаанд оролцуулах материалыг 2013 оны 12 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд  Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс / өрөө 102/-т хүлээн авна.

4.2. Сонины материалыг нийтэлсэн эхээр нь тухайн өдрийн сонины дугаартай авчрах;

4.3. Сайтын материалыг огноо, линк зэрэгтэй нь сайтаас татан хавсаргасан байх.

4.4. Tелевиз, радиогийн нэвтрүүлгийг хальсанд хуулан авчирч өгөх, зарлагдсан болон гарсан талаарх баримт хавсаргах;

Тав: Шагнал

Бүтээлийг телевиз, радиогийн буюу сонин, сайтын гэсэн 2 төрлөөр дүгнэж, тус бүр эхний 3 байрт шагнал олгоно. Шагналын нийт сан- 2 сая төгрөг байна.

1 дүгээр байр – 500 000 төгрөг, батламж

2 дугаар байр - 300 000 төгрөг, батламж

3 дугаар байр – 200 000 төгрөг, батламж

Уралдааны талаар тодруулах зүйл байвал 
Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн 321193 дугаарын утсаар лавлана уу.