Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-03-05
Дугаар 001/ХТ2020/00132
Хэргийн индекс 182/2018/02933/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч А.А
Хариуцагч Э.Б
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

А.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00262 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 638 дугаар магадлалтай,

А.А-ийн нэхэмжлэлтэй,

Д ХХК, Э.Б- нарт холбогдох

Гэм хорын хохиролд 6.061.949 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч А.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д ХХК-аас 2009 оны 07 сард 50 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, үнийг төлсөн сууцаа шилжүүлээгүй, төлсөн мөнгийг ч буцаан олгоогүй тул шүүхэд хандаж, 2010 оны 12 сарын 20-ны өдрийн 1231 дугаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчаас 60.441.940 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэлгүй, төлбөрийг төлөхөөс санаатай зайлсхийдэг байсан. Энэ 9 жилийн хугацаанд маш ихээр хохирсон, 2016 оны 06 сард бие эрс муудаж БНХАУ-ын Бээжин хотод маш яаралтай хагалгаанд орох болсон. Энэ үед Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан бөгөөд Д ХХК-ийн төлбөл зохих мөнгөн дүнгийн 31.550.615 төгрөг үлдсэн байсан үед харилцан тохиролцож, 30.000.000 төгрөг болгож, Э.Б- үнийн дүнд тохирсон автомашиныг 2016.08.20-ны өдөр Япон Улсаас оруулж ирж өгөхөөр тэмдэглэл үйлдэн, гарын үсгээр баталгаажуулсан. Э.Б- тэтгэврийн зээлээ аваад эмчилгээгээ хийлгэ, дараа нь машинаа зараад авсан зээлээ төл гэж хэлээд зээл авахуулсан юм. Хаан банкнаас зээл авч Бээжин явж 2016.07.13-ны өдөр эхний хагалгаанд, 2016.07.23-ны өдөр 2 дахь хагалгаанд орж, зөвхөн эмчилгээний зардалд 123.928 юань төлж 2016.07.27-ны өдөр эмнэлгээс гарч 2016.07.29-ний өдөр Монголд буцаж ирсэн. Түүний дараа Д ХХК-ийн захирал Э.Б-гаас тохирсон ёсоор автомашинаа авах гэж холбогдоход мөнгийг өгөөгүй. 2017 оны 07 сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хэрэг үүсгүүлэн шалгуулахад 2 хоногийн дараа 12.800.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь нэн даруй өгнө гэж хэлээд хэргээс мултарсан. Энэ хугацаанд бие улам муудаж 2017 оны 11 сараас нээлттэй хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмч нарын дүгнэлт гарсан. Хэрэв Д ХХК, Э.Б- нь анхнаасаа 2 өрөө орон сууцаа надад худалдана гэж 40.000.000 төгрөг аваагүй, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн, 30.000.000 төгрөгөө төлсөн, зээл авахуулаагүй байсан бол эхнэр бид 2 олон зээл авч банкинд удаан хугацаагаар хүү төлж, хохирсон дээрээ нэмж хохирох шаардлагагүй байсан. Д ХХК, Э.Б- нь 30.000.000 төгрөгөө тохирсон хугацаандаа өгөөгүй буюу 2016.07.05-ны өдрөөс эхлэн зээлээ төлж дуусгасан 2018.06.19-ний өдрийг хүртэл Хаан банкнаас зээлсэн мөнгөний хүү 6.034.849 төгрөг, шүүхэд хандахын тулд нотариатаар баримт батлуулсан 6.100 төгрөг, баталгаат орчуулгаар орчуулга хийлгэсэн 17.000 төгрөг, архивын лавлагаа авахад төлсөн 4.000 төгрөг, нийт 6.061.949 төгрөгийг Д ХХК-иас болон Э.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгч Э.Б-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2 өрөө байраа 40 сая төгрөгөөр худалдах гэрээ хийсэн. Гэвч нэхэмжлэгч 40 сая төгрөгөө 60 сая болгон буцаан авсан. 2011 оны 2 дугаар сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Аавынхаа байрыг зарж 2013 оны 04 дүгээр сард 15 сая төгрөг өгч байсан. 2015 онд нэг удаа автомашин өгөх гэхэд аваагүй. Шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн үед А.А-, бид гурав уулзаж ярьсан зүйлсээ тэмдэглэж тэмдэглэл үйлдсэн. Тэмдэглэлийн гол утга нь миний бие өөрийн найз н.Доржнямбуугаас 2016.02.20-ны өдөр Япон улсаас орж ирэх автомашиныг зээлээр авч А.А-ийн төлбөрт 30.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин, эсвэл хэд хэдэн автомашин өгөхөөр тохиролцож А.А- нь тухайн автомашиныг зах зээлийн үнээр бодож авна гэсэн. Эхний ээлжинд өгч байхаар Тоёота сента /Toyota sienta/ маркийн автомашиныг зах зээлийн ханш нь 9.500.000 төгрөгийн машиныг 9.000.000 төгрөгөөр тооцож аваач гэхэд А.А- авахгүй гэсэн. Хариуцагч Э.Б- хариуцлагаа хүлээж, санаачлага гаргасан боловч А.А- тохиролцоо хийсний дагуу автомашинаа аваагүй. Хариуцагч төлбөрийг төлж дуусгасан ба нэхэмжлэгч өөрөө тохиролцсон зүйлээсээ буцаж байсан. А.А- нь Хаан банкнаас авсан зээлийн хүүгээ өөрөө төлөх үүргийг хүлээсэн, Э.Б- болон Д ХХК нар нь дээрхи гэрээний үүрэгт хамааралгүй, эдгээр үйл явдлуудын хооронд гэм хор учирсан гэх шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00262 дугаар шийдвэрээр Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан Э.Б-аас 2 990 532 төгрөгийг гаргуулж А.А-т олгож, нэхэмжлэгчийн 3 071 417 төгрөгийн болон Д ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Э.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжинд 62 798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 111 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 638 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б-гаас 2 990 532 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 071 417 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын Монгол Улсын гэснийг хасч, Э.Б-гаас гэснийг Э.Б-гаас гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 798 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч С.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Магадлалд “...Хариуцагч Э.Б- нь 2016 оны 8 сарын 20-ны үеэр 30.000.000 төгрөгийн үнэлгээтэй япон машин өгөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн Цагдаад хандсан үйл баримт, 2017 оны 7 сард цагдаад шалгагдах үедээ хариуцагч нэхэмжлэгчид 12.800.000 төгрөг төлсөн үйл баримт, “30.000.000 төгрөгт үнэлж өгөх гэсэн машин нь 20.000.000 төгрөгийн машин байсан. Шахаа хийх гэсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байдал, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон гэж үзнэ. Хариуцагч нь үүргээ хугацаандаа биелүүлсэн, хоёр удаа машин санал болгосон гэдгээ нотолж чадаагүй. Хариуцагч нь 30.000.000 төгрөгт машин өгч чадаагүй харин 2016 оны 11 дүгээр сард 4.000.000, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 500.000, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300.000, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4.138.000 төлж дуусгавар болсон үйл баримт тогтоогджээ. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалт нь зөвхөн гэрээний төдийгүй гэрээний бус бүх үүрэгт хамаарах юм. Хариуцагч Э.Б- нь шүүхийн шийдвэрийн дагуу хүлээсэн үүргээ, тэр дундаа төлбөр авагчтай тохиролцсон хугацаа, үүргээ зөрчсөн, энэхүү үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь зээл авах шаардлага үүсч, зээлийн хүү төлж, эд хөрөнгийн алдагдалд орсон гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй. Иймд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчсөн хариуцагч Э.Б-гаас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2.990.532 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулах нь зүйтэй байна...” гэж дүгнэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл”, 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг тус тус хүлээнэ” гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаар нэхэмжлэгч А.А- нь өөрийн хүсэл зоригийн дагуу банкнаас зээл аваад түүнийгээ өөрийн эд хөрөнгө, мөнгөөр төлөх үүргийг хүлээхээр заасан байхад уг зээлийн хүүг Э.Б-гаар төлүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Харин Иргэний хуулийн 497-р зүйлд заасан гэм хорын хохирол бол уг зээлийн гэрээний үүрэгтэй заавал шалтгаант холбоотой байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч А.А-, хариуцагч Э.Б- нарын хооронд зээл авч эмчилгээнд явах тэр мөнгийг нь Э.Б- төлөх талаар ямар нэгэн тохиролцоо байхгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлөгдөх байсан төлбөрт автомашин өгөхөөр тохиролцсон боловч А.А- өөрөө уг автомашиныг авахаас татгалзсан байх тул энэ байдлыг А.А-ийн авсан зээлийн үүрэгт хамааруулан Э.Б-гаас зээлийн хүүг гаргуулан шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Гэм хорын хохирол бол хууль бус үйлдлийн улмаас учирсан байхыг шаарддаг бөгөөд Э.Б- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас зугтаасан, хөрөнгөө нуун дарагдуулсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл гаргаагүй, энэ асуудлыг тухайн үед А.А-ийн гомдлоор Цагдаагийн байгууллага Э.Б-г шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэсэн үндэслэлээр шалгаад тийм үйлдэл болоогүй байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан байхад энэ байдлыг шүүх анхааралгүйгээр гэм хорын хохирол гэж үзэн гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн шүүх Э.Б- болон А.А-ийн эхнэр Д.Цэцгээ нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, тохиролцоо явагдаагүй байхад түүний нэрээр авсан зээлийн хүүг төлүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А.А-, Д ХХК, Э.Б- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 6.061.949 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э.Б-гаас 2.990.532 төгрөг гаргуулж А.А-т олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хариуцагч Д ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар, мөн хуулийн болон хариуцагчийн нэрийг буруу бичсэнийг залруулж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

1. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Нийслэлийн шүүхийн 2010.12.20-ны өдрийн 1231 дугаар магадлалаар Д ХХК-с 60.441.940 төгрөг гаргуулж, А.А-т олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан биелүүлэх  ажиллагааг явуулжээ.

Д ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд тэр нь Э.Б- болохыг зохигч маргаагүй байна.

Д ХХК төлбөр төлүүлэх ажиллагаа 2011 оноос 2018 оны 06 сар хүртэл явагдсаныг зохигч маргаагүй бөгөөд 2016 оны 06 дугаар сараас нэхэмжлэгч А.А-ийн бие муудаж БНХАУ руу явж яаралтай хагалгаанд орох болсноос мөнгөний хэрэгцээ гарч, Э.Б-гаас төлбөр төлөхийг удаа дараа шаардсан, тэрээр 2016 оны 7 дугаар сард төлбөрийн үлдэгдэл 31.550.615 төгрөгийг 30.000.000 төгрөг болгон багасгаж, Э.Б- уг мөнгөний үнийн дүнд тохирох автомашиныг Япон улсаас оруулж ирэн 2016.08.20 гэхэд нэхэмжлэгчид өгч төлбөр барагдуулахаар талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тохиролцсон ч, уг хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байна.

Нэхэмжлэгч өөрийн болон эхнэр Д.Цэцгээгийн нэр дээр 2016 оны 6 сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл нийт 9 удаа тэтгэврийн зээл авсан, энэ хугацаанд 3 удаа хагалгаанд орж эмчилгээний төлбөр төлсөн нь тогтоогдсон ба шүүх зээл авсан, хагалгаанд орсон болон хариуцагчийн төлбөр төлөх баталгаа гаргасан цаг хугацааг харьцуулж нэхэмжлэгчийн зээлийн хүүд төлсөн төлбөрөөс 2.990.532 төгрөгийг хариуцагчийн буруутай үйлдлээс учирсан хохирол гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангасан нь хууль зөрчөөгүй байна.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэм буруутайгаас учирсан гэм хор буюу зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх өөрчилснийг буруутгах үндэслэлгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.А- төлбөрийн хэмжээг багасгаж, хариуцагч Э.Б- төлбөрийг эд хөрөнгөөр гүйцэтгэхээр хугацаа зааж, талууд харилцан тохиролцсон нь талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн, уг үүргээ зөрчсний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг зөрчихгүй байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгэгч шаардах эрхтэй”, 219 дүгээр зүйлийн 219.2-т “үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 219.3-т “нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно.” гэж тус тус заасан байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасан хугацааг хожимдуулсан зөрчлөөс гадна үүргийн гүйцэтгэлд саад болох бүхий л нөхцөл байдалд учирсан хохирлыг төлүүлэхэд хэрэглэгдэх ерөнхий хэм хэмжээ болно.

Иймд нэхэмжлэгч А.А- зээлийн хүү төлсөн нь түүнд учирсан хохирол буюу эд хөрөнгийн алдагдал бөгөөд энэ нь хариуцагчийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэм буруутай шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хуульд нийцнэ.

3. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй“ гэсэн гэм хорыг арилгах хэмжээг тодорхойлсон заалтыг мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай хамтад нь шаардах эрхийн эрх зүйн үндэслэл гэж үзсэн нь оновчтой болоогүй байна. Иймд энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 638 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “229 дүгээр зүйлийн 229.1” гэснийг хасч, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 62.798 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                        Г.АЛТАНЧИМЭГ