Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-13
Дугаар 001/ХТ2020/00099
Хэргийн индекс 181/2018/02157/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Б.А, Г.Н, Т.Г нар
Хариуцагч Э.Б, Э.Г, Ё.Э нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.А, Г.Н, Т.Г нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00239 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 516 дугаар магадлалтай,

Б.А, Г.Н, Т.Г нарын нэхэмжлэлтэй,

Э.Б, Э.Г, Ё.Э нарт холбогдох

Газар албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Эийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгч Г.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А, Г.Н, Т.Г нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Хангайн 23 задгайд орших 630 м.кв газрыг Д.Бд 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дугаартай захирамжаар 61 тоот байсан хаяг 75 тоот болон өөрчлөлт орж, 700 м.кв сунган Д.Б, хамтран өмчлөгчөөр Б.А, Т.Г нар хууль ёсны өмчлөгч болсон байдаг. Аав маань 2008 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Аав, ээж хоёр хэдийгээр тусдаа амьдарч байсан хэдий ч албан ёсны баталгаатай гэр бүл байсан. Бид 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн, Хангайн 23 дугаар гудамжны 61 тоот газрыг аав Д.Бгээс өвлөн авч, 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлээс гэрчилгээ гарснаар бидний өмчлөлийн хөрөнгө болсон. Бид амьдарч байгаа, хариуцагч нараас дээрх газрыг суллан өгөхийг удаа дараа шаардсан боловч бид удаан амьдарч байгаа одоо бидний газар болсон гэх үндэслэлээр бидний газрыг хууль бусаар эзэмшсээр байна. Иймд хариуцагч нараас бидний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Хангай 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Б, Э.Г, Ё.Э нарын шүүхэд гаргасан тайлбар: ...Нэхэмжлэлд дурдагдаад байгаа Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод 1998 оноос хойш хууль ёсоор амьдарч байгаа билээ. Б.А нар ээж Ё.Эт холбогдуулан уг нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд шүүгч Ө.Уянга уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир бид нарт холбогдуулан дахин нэхэмжлэл гаргасан байна. Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Э.Г, Э.Б, Ё.Эийн хамт Төв аймгийн Баянчандмань суманд амьдардаг байсан. Гэтэл манай ээжийн нагац ах н.Ганболд гэж хүн өөрийн аавын дүү болох н.Үржинбадам гэдэг ахыгаа асардаг байсан ба биднийг ирж туслаач, бие биендээ дэм болоод манай хашаанд хамтдаа амьдаръя гэж дуудсан. Тэгээд бид 1998 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хотод нүүж ирээд Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 61 тоотод амьдарч эхэлсэн. Ингээд ээж 2000 оны хавар Д.Б гэдэг хүнтэй хамтран амьдарч эхэлсэн учир нисэхэд байрлах Д.Бгийн ээжийн хашаанд хэсэг амьдарсан. Гэтэл н.Ганболд ах яриад н.Үржинбадам гуай нас барчихлаа, эргээд ирээд цуг амьдраач гэсэн учир 2000 оныхоо зун буцаад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангай 23 дугаар гудамж, 75 тоотод суурьшиж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Н.Ганболд нь 2001 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр автомашины ослоор зуурдаар нас барсан. Тэгээд манай ээжийн эгчийн хүүхэд Шажинбат гэдэг ах ажил явдлын үеэр ээжид маань н.Ганболд эхнэр хүүхэдгүй хүн, чи энэ газрыг аваад сайхан арчлаад яваарай гэж хэлсэн. Ээж маань тухайн үед ажилтай завгүй байдаг байсан учир Д.Бд энэ газрын гэрчилгээг авах ажлыг даатгасан байсан. Хожим Д.Бгээс гэрчилгээний талаар асуухад чамайг хоёр хүүхдийн чинь нэр дээр гэрчилгээ гаргуулсан байгаа, санаа зоволтгүй гэж хэлж байсан. Дараа нь би талийгаачийг нас барсны 1 сарын дараа Д.Б, Б.А, Т.Г нарын нэр дээр газрын бичиг баримт гарсныг мэдсэн. Бид 1998 оноос хойш энэ газар дээр шударгаар амьдарч байгаа тул Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоот гэр бүлийн зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ газар удаан амьдарч байсан гэх үндэслэлээр гаргаж байна. Уг газрыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар өмчилж авна. Өөрөөр хэлбэл Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3-д зааснаар гэрчилгээ гаргаж байж авдаг. Тийм учраас Ё.Э нь өөрөө тухайн үед ямар нэгэн байдлаар Газрын алба, хорооны Засаг даргад хандаж уг газрыг эзэмших, өмчлөх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй. Одоо удаан амьдарч байгаа тул уг газар минийх гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00239 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах 18643314454227 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг Э.Б, Э.Г, Ё.Э нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Э.Б, Э.Г, Ё.Э нарын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс 23 400 төгрөг, Э.Гаас 23 400 төгрөг, Ё.Эээс 23 400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт, хариуцагч Э.Б, Э.Г, Ё.Э нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 516 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00239 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Эийн хяналтын журмаар гаргасан гомдолд ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Учир нь Ё.Э би өөрийн төрсөн хүүхдүүд Э.Б, Э.Г нарын хамт 1998 оноос хойш Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо. Хангайн 23 дугаар гудамж. 75 тоотод оршин суудаг. Гэтэл 2000-2008 оны хооронд хамтран амьдарч байсан Д.Б нь хуурамч баримт бичиг бүрдүүлэн тухайн газрыг өөрийн төрсөн охин Б.А нэр дээр авчихсан байсан. Шүүх хэргийг Ё.Э, Э.Б, Э.Г нар нь тухайн газрыг Ё.Эийн ээжийн талын хамаатан болох Ганболд гэдэг хүний амьдарч байсан, Ё.Э, Ганболд нарын садан төрлийн холбоог архивын лавлагаагаар нотлосон хэдий ч шүүх уг баримтыг үнэлсэнгүй. Энэхүү газрыг Д.Б өмчлөлдөө авах үедээ надтай хамт амьдарч байсан болох нь нотлох баримтаар нотлогдсоор байтал 20 жилийн турш тусдаа амьдралтай, өөр хүнтэй хамтын амьдрал зохиогоод явчихсан Г.Нг хууль ёсны эзэмшигч гэж шүүх үзэж байгаад иргэн миний зүгээс туйлын гомдолтой байна. Шүүх дээрх нөхцөл байдал, тэдгээрийг нотолсон нотлох баримтуудыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.А, Г.Н, Т.Г нар Э.Б, Э.Г, Ё.Э нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэл, хариуцагч нар газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасныг хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул тэдгээрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэйг тус тус заажээ. Нэхэмжлэгч Б.А, Г.Н, Т.Г нарын газар өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэгдсэн боловч хариуцагч Э.Б, Э.Г, Ё.Э нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй байна.

Хэргийн баримтаас үзвэл Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 75 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газарт хариуцагч Ё.Эийн хамаатан болох С.Ганболд, нагац ах Ш.Үржинбадамын хамт   анх амьдарч байсан, 1998 оны 3 дугаар сард Ё.Э хүүхдүүдтэйгээ Төв аймгаас нүүж ирсэн, Ё.Э нь Д.Бтэй 2000 оноос хойш хамтын амьдралтай байсан энэ үед эдгээрийн хэн алинд газар эзэмших эрх хууль ёсоор олгогдоогүй байжээ.

Ш.Үржинбадам 2000 онд, С.Ганболд 2001 онд, Д.Б 2008 онд нас барсан бөгөөд Ё.Э, түүний хүүхдүүд Э.Б, Э.Г нар одоог хүртэл уг газарт амьдарч байгаа нь тогтоогдсон байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж хэрэгжиж эхэлсний дараа Д.Б 2003 оны 06 дүгээр сард тухайн газрын эзэмших эрхийг анх өөрийн нэр дээр баталгаажуулж авсан, энэ үедээ Ё.Этэй хамтын амьдралтай байсан боловч 2003 оны 12 дугаар сард газрыг өмчлөх шийдвэрийг өөрийн болон тухайн газарт оршин суудаггүй охин Б.А, зээ хүү Т.Г нарын нэр дээр гаргуулсан байна. Түүний энэ үйлдлийг хариуцагч нар Д.Бг нас барсны дараа мэдсэн гэх бөгөөд улмаар энэ тухай Сүхбаатар дүүргийн газрын албанд хандаж хариу авч байсан баримт хэрэгт авагджээ.

Дээрх байдлуудаас үзэхэд хариуцагч Ё.Э, Э.Б, Э.Г нар 1998 оноос эхлэн өдийг хүртэл газрыг эзэмшсэн байдал нь эзэмших эрхийг олж авах нөхцөл болох эсэх, улмаар хуульд заасны дагуу уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхийг үүсгэх эсэх, Д.Б, түүний охин Б.А, зээ Т.Г нарт маргааны зүйл болсон газрыг өмчлүүлсэн эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийн талаар хариуцагч нар гомдол гаргасан эсэх нь маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Өөрөөр хэлбэл, нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй атал шүүх газрын өмчлөгчөөр тогтоолгох хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Иймд хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00239 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 516 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ