Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-01-30
Дугаар 001/ХТ2020/00044
Хэргийн индекс 182/2018/03086/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч “Х” ХК-д холбогдох,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00344 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 629 дүгээр магадлалтай

Н.Г-ын нэхэмжлэлтэй,

“Х” ХК-д холбогдох,

6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Г- би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамж, Капитал центрийн 14 давхар барилгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд уг барилга байрлаж байгаа газрын хууль ёсны эзэмшигч нь юм.

“Х” ХК нь Эрчим хүчний яамтай байгуулсан гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны орчмын кабелийн шугамын ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд кабелийн шуудуу ухах үед зургийн трасс нь авто замын голоор 45 метр ухаж хийхээр байсан.

Ингээд “Х” ХК-ийн зүгээс эзэмшил газар дээгүүрээ кабель шугам явуулах зөвшөөрөл өгөөч гэсэн саналыг нэхэмжлэгчид тавьсан бөгөөд уг саналыг Н.Г- хүлээн зөвшөөрч улмаар 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ярианы тэмдэглэл үйлдэн “Х” ХК нь кабель шугамыг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар доогуур тавьсан.

Ингэхдээ нэхэмжлэгчид 6 000 000 төгрөгийг нэхэмжлэхээр шилжүүлэхээр тохиролцож гарын үсэг зурсан боловч өнөөдрийг хүртэл уг мөнгийг өгөөгүй байгаа учраас “Х” ХК-иас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр баригдах гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах ажлын үргэлжлэл Багц-17 ажлыг хийж гүйцэтгэхээр Эрчим хүчний яамтай гэрээ байгуулсан.

Энэ ажлыг хийж гүйцэтгэх явцад иргэн Н.Г- байшингийнхаа зүүн талын нийтийн эзэмшлийн явган хүний замыг миний эзэмшлийн газар гээд ажил хийлгэхгүй 7 хоног ажил зогсоож, саад учруулсан бөгөөд яамнаас наад хүнтэйгээ өөрсдөө ярилцаж, тохиролц гэсэн үүргийг өгсөн.

Тухайн үед Эрчим хүчний хөгжлийн төвийн хяналтын инженер Б.Мөнхзориг, зургийн автор н.Бээжин, “Х” ХК-ийн ерөнхий инженер Б.Бат-Эрдэнэ, инженер Ж.Түмэндэлгэр нар газар дээр нь зөвшилцөж авто замын голоор 45 метр явуулах боломжгүй Замын цагдаагийн газар, Авто замын хөгжлийн газар зөвшөөрөл олгохгүй. Цаашид ашиглалтын явцад ямар нэгэн гэмтэл гарах засвар үйлчилгээ хийхэд зориулж явган хүний зам доогуур явуулах нь зүйтэй гэж шийдсэн.

Манай компани улсын төсвийн хөрөнгөөр хийж буй ажлыг зогсоохгүй нь тулд иргэн Н.Г-тай харилцан ярилцаж явган хүний зам доогуур норм стандартын дагуу кабель шугам татсан бөгөөд магадлашгүй ажлын зардал орж ирэх юм бол 6 000 000 төгрөгийг шилжүүлнэ гэж тухайн үед ярилцаж тохиролцсон.

Ингээд Эрчим хүчний яамнаас магадлашгүй ажлын зардалд оруулж авахаар төлөвлөсөн байсан ч энэ нь хууль зүйн хувьд боломжгүй гэсэн үндэслэлээр уг тохиролцсон 6,000,000 төгрөгийн санхүүжилт олгогдоогүй болно.

Мөн манай компанийн зүгээс иргэн Н.Г-т ямар нэг материаллаг хохирол учруулаагүй, кабель сунгаж булсан хэсгийн явган хүний замыг бүрэн нөхөн сэргээсэн, барьсан барилгынх нь доогуур кабель шугам татаагүй, нийтийн эзэмшлийн явган хүний зам доогуур татсан бөгөөд манай компани захиалагчийн захиалсан ажлыг хийж гүйцэтгэсэн учраас энэ хэргийн хариуцагч биш.

Ийм учраас Н.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00344 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 206 дугаар зүйлийн 206.1-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХК-иас 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Г-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “Х” ХК-иас 110 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 629 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00344 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2019 оны 02-р сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/00344 дугаар шийдвэртэй, 2019 оны 04-р сарын 08-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 629 дугаартай магадлалыг 2019 оны 04-р сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт ач холбогдолгүй хуулийг хэрэглэн буруу тайлбарласан, маргааны үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлээр шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах замаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн магадлал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага талуудын хоорондын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой агуулгаар, эсхүл Иргэний хуульд заасан өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласантай холбоотой төлбөрийг аль нь болохыг тодруулах шаардлагатай байна” гэж хянасан нь илтэд үндэслэл муутай байна.

Учир нь нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө өөрийн эзэмшлийн газраар Кабел шугам тавиулсны төлбөрт 6 000 000 төгрөг гаргуулах тухай гээд тодорхой тусгасан байгаа бөгөөд мөн ярианы тэмдэглэл үйлдэн хэлцэл байгуулсан нь ИХ-д заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзнэ. Иргэн Н.Г- болон “Х” ХК нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба “Х” ХК нь тохиролцсон 6 000 000 төгрөгийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхгүй байгаан улмаас шүүхэд хандан шаардаж байгаа болно.

Хэрэв иргэн Н.Г- нь багц-17 Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах ажлыг ямар нэгэн байдлаар саад учруулсан зүйл байхгүй, харин нэхэмжлэгч талын зүгээс харилцан тохиролцсон хэлцлийн дагуу өөрийн эзэмшлийн газар доогуур шугам татуулах үүргээ зохих ёсоор биелүүлсэн бөгөөд 2017 оны 12-р сарын 12-ны өдрийн 56/2016 тоот актаар улсын комисст ажлаа хүлээлгэж өгсөн нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж болох юм. Мөн “Х” ХК нь “УБЦТС” ТӨХК-ийн хийсэн зураг төсвөөр ЭХА-020/2017 тоот гэрээний дагуу өөрөөр хэлбэл, авторын хийсэн зургаар кабел шугам нь авто замын голоор явхаар байсан.

Гэтэл авторын хийсэн зураглалын дагуу шугам хоолой суурьлуулаагүй бөгөөд хариуцагч талаас тайлбарлахдаа авто замын зорчих хэсгийн дагуу чиглэлд кабел шугам явахыг хориглодог тул Эрчим хүчний яамнаас наад хүнтэйгээ өөрсдөө ярилцаж, тохиролц гэсэн үүргийг өгсөн гэх Эрчим хүчний яамнаас магадлашгүй ажлын зардалд оруулж авахаар төлөвлөсөн байсан ч энэ нь хууль зүйн хувьд өгөх боломжгүй гэсэн үндэслэлээр уг тохиролцсон 6 000 000 төгрөгийн санхүүжилт олгогдоогүй гэж тайлбарладаг нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Мөн “Х” ХК нь 2017 оны 12-р сарын 12-ны өдрийн 56/2016 тоот актаар улсын комисст хүлээлгэж өгснөөр “УБЦТС” ТӨХК-ийн хийсэн зураг төсвөөр ЭХА-020/2017 тоот гэрээний дагуу гүйцэтгэл дуусч төлбөр мөнгөө бүрэн барагдуулж авсан бөгөөд гэрээний эрх зүйн харилцаа нь дуусгавар болсон байдаг.

Иймд 2019 оны 02-р сарын 26-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа бөгөөд 2019 оны 04-р сарын 08-ны өдрийн 629 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэн Н.Г- “Х” ХК-д холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Н.Г- өөрийн эзэмшлийн газар дээгүүр кабелийн шугам явуулсны төлбөр нэхэмжилсэн ба хариуцагч нь улсын ажлыг гүйцэтгэсэн, захиалагч Эрчим хүчний яам нэхэмжлэлийг хариуцах ёстой гэж маргажээ.

Хариуцагч “Х” ХК нь 2017 онд Эрчим хүчний яамтай байгуулсан “Гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах ажлын үргэлжлэл багц-17 /Улсын хэмжээнд/-ын \ХV.1.1\ ажлыг гүйцэтгэх” гэрээний хүрээнд кабель шугамын ажлыг хийж гүйцэтгэх явцад авто замын голоор явахаар тусгагдсан кабелийн шугамыг явган хүний зам доогуур явуулж, кабель явсан замыг бүрэн нөхөж сэргээсэн байна. Тухайн явган хүний зам иргэн Н.Г-ын эзэмшлийн зам гэж байсан тул түүнд 6 000 000 төгрөгийг өгөхөөр тохирч, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн ба дээрх төлбөрийг магадлашгүй ажлын зардалд оруулж Эрчим хүчний яамнаас авахаар төлөвлөсөн боловч яам нийтийн эзэмшлийн зам гэж үзэн, төлбөр өгөх хууль зүйн боломжгүй гэх үндэслэлээр тус төлбөрийг төлөх санхүүжилтийг олгоогүй гэж хариуцагч тайлбарлажээ.

Маргаж буй үйл баримт, зохигчийн хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байж болзошгүй үндэслэлээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчөөс “...кабель шугам явсан 45 м явган хүний замын зурвас хэсэг хэний эзэмшилд харъяалагддаг, хил заагийг тодруулахаар Чингэлтэй дүүргийн газрын албанаас лавлагаа гаргуулах”-аар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх бүрэн шийдвэрлээгүй нь шүүх нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтыг биелүүлээгүй гэж үзэх тул энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 629 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР  

                           ШҮҮГЧ                                                    Х.ЭРДЭНЭСУВД