Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-01-30
Дугаар 001/ХТ2020/00045
Хэргийн индекс 181/2018/02483/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч НШШГ-Т холбогдох
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

“А Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00264 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 574 дүгээр магадлалтай

“А Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

НШШГ т холбогдох,

“А Х” ХХК-ийн Таяннуурын МҮ-15377А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий орд газар, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Тогтохбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал, Г.Ганбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар шийдвэрээр “А Х” ХХК-иас нийт 31 170 540,96 ам.доллар, 15 736,04 евро, 1 138 549,1 Английн фунтыг гаргуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

НШШГ  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “А Х” ХХК-ийн хөрөнгүүдийг хөрөнгийг үнэлгээний “Сэлэнгэ эстимейт” ХХК-иар үнэлгээ тогтоолгож, Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таяннуурын баяжуулах үйлдвэрийг 2 948 450 000 төгрөгөөр, ашигт малтмалын ашиглалтын 15377А тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр үнэлгээ тогтоосон байх бөгөөд үнэлгээг “А Х” ХХК-нд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 4/15116 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.

Шинжээчийн дүгнэлтэд дээрх хөрөнгүүдийг ямар үндэслэлээр ийнхүү үнэлж байгаа нь тодорхойгүй, дэлхийн зах зээлийн үнэ ханш, хөрөнгүүдийн өөрийн үндсэн үнэ өртгөөс хэт доогуур үнэлж улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгүүдийг үнэлсэн байдал ойлгомжгүй, хэт явцуу хүрээнд үнэлсэн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгө үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэл болгон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр анх мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийг 122.5-д ...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд... энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд...гаргана гэж заасны дагуу тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд “А Х” ХХК-ний Говь Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таяннуур баяжуулах үйлдвэрийг 2 948 450 000 төгрөгөөр, ашигт малтмалын ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч байх тул дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар шийдвэрээр “А Х” ХХК-иас нийт 31 170 540,96 ам.доллар, 15 736,04 евро, 1138 549,1 Английн фунтыг гаргуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч “А Х” ХХК-д Арбитрын шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг олон удаа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан хөрөнгүүдэд үнийн санал ирүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлсэн. “А Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд компанийн эд хөрөнгийн талаар үнийн санал өгөх эрх олгогдоогүй бөгөөд энэхүү эрхийг зөвхөн “А Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх боломжтой юмаа.

Хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийг хуралдуулах талаар хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн боловч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа, үнийн санал ирүүлэх боломжгүй талаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн захирал Р.Тогтохбаяр тайлбар ирүүлсэн.

Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч А Х ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таяннуурын баяжуулах үйлдвэрийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 2 948 453 000 төгрөгийн 70%-иар тооцон 2 063 917 100 төгрөгөөр, ашигт малтмалын 15377А тоот тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгийн 70%-иар тооцон 99 253 474 469 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тус тус тогтоосон.

Ингээд төлбөр төлөгч шүүхэд үнэлгээний гомдол гаргасан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхээс түдгэлзүүлсэн байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Европын сэргээн босголт хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Төлбөр төлөгч “А Х” ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар санаачлага муутай,төлбөрөө төлөхгүй, удааширч байгаа, эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байна гэсэн шалтаг зааж шүүхэд өгөөд цаг хугацаа ихээр алдагдуулж байна.

Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж буй хугацаа нь хяналтын шатны тогтоол гарах хүртэл дунджаар 9 сар байна. Энэ хугацаанд “А Х” ХХК нь олборлолт явуулсаар байвал хамгийн багадаа 2,4 сая тонн буюу 259 200 000 төгрөгийн төмрийн хүдэр олборлож улмаар ордны үнэ цэнэ үнэлгээ буурах нөхцөл үүсээд байна.

Өөрөөр хэлбэл тус компанийн нэг жилд олборлож буй дундаж 3,2 тонноор тооцвол “А Х” ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайд одоо байгаа 61,25 сая тонн төмрийн хүдрийн нөөцийг 19 жилд, харин уурхайн үндсэн хүчин чадал болох нэг жилд 6,5 сая тонн олборлох хүчин чадлаар тооцвол 9 жилийн хугацаанд олборлож дуусахаар байна. Энэ нь тусгай зөвшөөрлийн талбай дахь ашигт малтмалын нөөц буюу үнэ цэнэ жил тутам 11 орчим хувиар буурч байна гэсэн үг юмаа.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, 72, 73 дугаар зүйлд зааснаар шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг бууруулах ёсгүй байтал төлбөр төлөгч олборлолтын үйл ажиллагаа явуулж хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00264 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №UN153003 дугаар шийдвэрээр “А Х” ХХК-иас нийт 31 170 540,96 ам.доллар, 15 736,04 евро, 1 138 549,1 Английн фунтыг гаргуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай 12823 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу явагдсан ажиллагаа болох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 574 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00264 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Цээл сум, Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Таяннуурын баяжуулах үйлдвэрийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 тоот дугаартай, 2104 м.кв 90%-ийн гүйцэтгэлтэй ажилчдын амрах байрыг 2 948 453 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, ашигт малтмалын 015377А тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 35 100 төгрөгийг гаргуулж “А Х” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Тогтохбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “А Х” ХХК Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 574 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дараах байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал:

1. Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчин, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон нотлох баримтууд хэрэгт цугларсан байгааг үнэлж үзэлгүйгээр ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00264 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн “Говь-Алтай аймгийн Цээл сум, Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Таяннуурын баяжуулах үйлдвэрийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 тоот дугаартай 2104 м/кв 90%-н гүйцэтгэлтэй ажилчдын амрах байрыг 2 948 453 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, ашигт малтмалын 015377А тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулан шийдсэн.

НШШГ  тус компанийн Таяннуурын баяжуулах үйлдвэр болон ашигт малтмалын ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрлийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 157/02, 157/02 дугаар тогтоолоор хурааж, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4/12496 дугаар мэдэгдлээр үнийн санал өгөхийг мэдэгдсэн бөгөөд “А Х” ХХК 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 412/18 дугаар албан бичгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр үнийн санал өгөх эрхгүй талаар хариуг өгсөн.

Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таяннуурын баяжуулах үйлдвэрийг 2 948 450 000 төгрөгөөр, ашигт малтмалын ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг 4/15116 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.

НШШГ  эд хөрөнгүүдийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас 2 хоногийн өмнө, төлбөр төлөгчид үнийн санал өгөхийг мэдэгдсэн мэдэгдлээс 15 хоногийн өмнө, “А Х” ХХК-ийн үнийн санал өгөх эрхгүй талаар өгсөн хариу албан бичиг өгөхөөс 25 хоногийн өмнө буюу 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 177 дугаар Шинжээч томилох тогтоол үйлдсэн байх бөгөөд улмаар тус тогтоолын дагуу “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК эд хөрөнгүүдийн үнэлгээг гаргасан байна.

Гэтэл шүүх “2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаар шинжээч томилох тогтоолд “...Таяннуурын баяжуулах үйлдвэр болон ашигт малтмалын ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрөлд үнэлгээ тогтоох талаар заасан” гэж, тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч хэт доогуур үнэлсэн гэх тайлбар гомдлоо нотлоогүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн.

Хариуцагч НШШГ  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын шимтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчин, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон талаар нотлох баримтууд хэрэгт цугларсан байгааг үнэлж үзэлгүйгээр ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

2. Мөн НШШГ  “А Х” ХХКомпаний ашигт малтмалын ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрөл буюу биет бус хөрөнгийн үнэлгээг гаргуулахаар шинжээч томилсон байхад “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрлийг бус харин ашиглалтын тоот тусгай зөвшөөрөлтэй төмрийн хүдрийн орд газрын өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон үнэлгээ нотлох баримтууд хэрэгт цугларсан байгааг үнэлж үзэлгүйгээр ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

“Ашиглалтын тусгай зөвшөөрөл” болон “Ашиглалтын тоот тусгай зөвшөөрөлтэй төмрийн хүдрийн орд газар” гэдэг 2 өөр ойлголт. “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт ”ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ гэж, харин ”ашигт малтмалын орд”-г мөн хуулийн 41.9 дэх хэсэгт гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг хэлнэ гэсэн.

Гэтэл хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг бус харин ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, чанар нөөц нь хэдийнээ тодорхойлогдсон, эдийн засгийн хувьд ашигтай, эрдсийн хуримтлал буюу төмрийн хүдрийн орд газрын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ, ашиглаж байгаа төрөл зориулалтыг тодорхойлж, орд газрын орлого олох боломжийг дүгнэн, орд газрын үнэлгээг 800.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолон зах зээлийн хандлагын аргаар 356 691 729 143 төгрөг гэж, жил тутам олох орлогыг 141 790 677 813 төгрөгийн үнэ цэнэтэй байна гэж гаргасан.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримт болох үнэлгээний тайланд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 13.2.5 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсгийг буруу ойлгон дүгнэлт гаргасан байгааг, мөн биет бус хөрөнгийг үнэлэх олон улсын үнэлгээний стандарт болох ОУҮС-201 баримтлан үнэлгээ гаргасан, хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байдлаар, биет бус хөрөнгийн үнэлгээ гаргах үндэслэл, арга, аргачлалыг огт хэрэглэлгүй, үнэлгээний зүйлээ буруу тодорхойлон тайлан гаргасан байгааг шүүх анхаарч үнэн зөв талаас нь үнэлж үзэлгүйгээр ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3. Мөн хэргийг хянан шийдвэрлэсэн 2 шатны шүүх шинжээч томилсон тогтоолыг өөр өөр байдлаар шийдвэр болон магадлалдаа зааж, дүгнэн ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зүйлд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/00264 дугаар шийдвэрт “2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 282 дугаартай тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон” гэж харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 574 дугаар магадлалд “2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаар шинжээч томилох тогтоолд ...үнэлгээ тогтоохыг заасан” гэж дүгнэсэн. Гэтэл хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн гаргасан 2 үнэлгээний тайланд “2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 177 дугаар Шинжээч томилох тогтоолын дагуу үнэлгээний ажлыг гүйцэтгэсэн” гэсэн нотлох баримт хэрэгт байдаг.

Мөн тусгай зөвшөөрлийн үнэлгээг гаргасан хэмээн гарын үсэг зурсан 9 үнэлгээчдээс зөвхөн туслах үнэлгээчин А.Хишигтамир ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй Таяннуурын уурхай дээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 8 дугаар сарын 01 өдөр хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үед 177 дугаар шинжээч томилох тогтоолын хамт очсон байгаа үйл баримтыг шүүх бүхэлд нь судлаж, дүгнээгүй.

Бусад үнэлгээчид тусгай зөвшөөрлийг үнэлэх үнэлгээг бус харин туслах үнэлгээчин А.Хишигтамирын авсан уурхайн ерөнхий байдлын фото зураг дээр үндэслэн төмрийн хүдрийн орд газрын үнэлгээг гарган улмаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2.1 дэх хэсэгт заасан хуулийг зөрчсөн нотлох баримтууд хэрэгт цугларсан байгааг үнэлж үзэлгүйгээр ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 181/ШШ2019/00264 дугаар шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, залруулаагүй, нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлын үндэслэлд тусгасан “ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрлийг 141.790.677.813 төгрөг хэмээн зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, ямар үндэслэлээр ийнхүү үнэлж байгаа нь тодорхойгүй, дэлхийн зах зээлийн үнэ ханштай харьцуулж үзээгүй, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг үндсэн үнэ өртгөөс хэт доогуур, ойлгомжгүй хэт явцуу хүрээнд үнэлж дүгнэлт гаргасан” гэснийг үнэлээгүй, гомдолд тусгагдаагүй боловч зайлшгүй тогтоох шаардлагатай үйл баримтыг тогтоогоогүй, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судлаагүй, үнэлээгүй нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зүйлд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ийнхүү хуулийг буруу тайлбарлан улмаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан хууль зөрчин гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн тус компанийн ашигт малтмалын 015377А тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь 20 орчим жил олборлох төмрийн хүдрийн нөөцтэй, жилд 60 000 000-70 000 000 долларын борлуулалт хийх хүчин чадалтай, улсад зохих татвар хөлж, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг бий болгон хөгжүүлэх, байгалийн баялгийг зохистой ашиглаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулан нийгэм, эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулахаар зорин 700 гаруй ажлын байрыг бий болгон ажиллаж байгаа уул уурхайн салбар дахь Үндэсний, цөөн тооны аж ахуйн нэгжийн нэг болох “А Х” ХХК-ийг гадаадын нэг банкинд алдах үндэслэлийг үүсгэж, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаад гомдолтой байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “А Х” ХХК-ийн жилийн борлуулалтын дүнд ч хүрэхгүй төгрөгөөр буюу 141 790 677 813 төгрөгөөр ашигт малтмалын 015377А тусгай зөвшөөрлийг хууль зөрчин үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 574 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

“А Х” ХХК  нь НШШГ т холбогдуулан “А Х” ХХК-ийн Таяннуурын МҮ-15377А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий орд газар, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж, “А Х” ХХК-ийн ажилчдын байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий орд газрыг үнэлсэн үнэлгээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12823 дугаартай захирамжаар  Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн UN153003 дугаар шийдвэрийг баталгаажуулсныг үндэслэн бичигдсэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1095 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

“А Х” ХХК төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй тул шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Таяннуурын уурхай, тоног төхөөрөмжийг 2018 оны 03 дугаар 23-ны өдөр битүүмжилж, 2018 оны 08  дугаар сарын 01-ний өдөр хураасан тухай актуудыг үйлдсэн, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 4/12496 тоотоор дээрх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналаа 08 дугаар сарын 19-ний дотор ирүүлэхийг мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн байна.

Дээрх мэдэгдлийг төлбөр төлөгч хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 412/18 тоотоор ““А Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн эд хөрөнгийн үнийг шийдвэрлэх тул үйлдвэрийн дарга компанийн эд хөрөнгийн үнэлгээний талаар санал өгөх боломжгүй” тухай хариу өгчээ.

НШШГ   2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4/15116 тоот мэдэгдлээр Таяннуурын баяжуулах үйлдвэрийг 2 948 453 000 төгрөгөөр, ашиглалтын тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр тус тус үнэлсэн, дээрх үнийн 70%-иар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг мэдэгдсэнийг төлбөр төлөгч эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.

Хөрөнгө үнэлэх шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх”-ээр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д “...дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж зохицуулжээ.

Хуулийн дээрх заалт нь шийдвэр гүйцэтгэгч хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиролцох эсэхийг тодруулж, тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилж эд хөрөнгийг үнэлүүлэх дараалалтай байна.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд тус компани 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 177 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг үндэслэж үнэлгээ хийсэн гэжээ.

Шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгийг хураах тогтоол үйлдсэн, төлбөр төлөгчид үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өгсөн, төлбөр төлөгч эд хөрөнгийн үнийн саналын талаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариу өгсөн байхад дээрх ажиллагаа явагдахаас өмнө буюу эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхээс өмнө талуудаас үнийн санал авалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасан дарааллыг зөрчсөн, төлбөр төлөгчид хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй  гэж үзнэ.

Хэргийн 1 дүгээр хавтас 125 дугаар талд авагдсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээч томилох тухай 177 дугаартай тогтоолд шинжилгээ хийлгэх байгууллага, шинжээчийн нэрийг заагаагүй, шийдвэр гүйцэтгэгч шинжээчээр хуулийн этгээд эсхүл хувь хүнийг томилсон нь тодорхойгүй, түүнчлэн тогтоолд  шинжилгээ хийх хугацааны талаар тусгаагүй нь Шинжээч томилох тухай тогтоол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Шинжээч томилсон тогтоолыг шинжээч Г.Отгонбаатар гэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан атлаа шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтад шинжээч Г.Отгонбаяр гарын үсэг зурсан нь хуулийн дараах зохицуулалтад нийцээгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шийдвэр гүйцэтгэгч тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн  сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг гардуулан өгч, эрх үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж гарын үсэг зуруулна гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон, эсхүл хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээ хийнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.1.-д үйлчлүүлэгч болон үнэлгээчин харилцан тохиролцсон бол хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийнэ гэж зохицуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т заасан дээрх ажиллагааг хийгээгүй, зөвхөн Г.Отгонбаяр гэх хүнд эрх, үүрэг танилцуулсан атал шинжилгээг “Сэлэнгэ эстимэйт” ХХК хийж гүйцэтгэж, дүгнэлтэд нэр бүхий 9 хүн гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл Г.Отгонбаяраас бусад шинжээчдэд тухайн дүгнэлтийг үнэн зөв гаргах хуулиар хүлээсэн үүргийг танилцуулаагүй тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гарсан эсэх талаар үнэлэх боломжгүй.

Хариуцагч НШШГ  шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээч томилсон байхад үнэлгээг гаргасан “Сэлэнгэ эстимэйт” ХХК “...талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг үндэслэн үнэлгээг хийсэн...” гэж үнэлгээний тайланд тусгажээ.

Хэрэгт НШШГ , “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгийн үнэлгээний гэрээ авагдаагүй тул үнэлгээг гэрээний дагуу хийгдсэн, хууль ёсны, нотлох баримтын шаардлага хангасан, үндэслэл бүхий баримт гэж үнэлэх үндэслэлгүй.

Иймд төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэлүүлэх шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд нийцээгүй тул хууль бус ажиллагааны үндсэн дээр хийгдсэн үнэлгээний талаар дүгнэлт хийх боломжгүй.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй, Таяннуурын баяжуулах үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хамт битүүмжлэн, хурааж, эдгээр хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон байхад шинжээч  тогтоолд заагаагүй “Алтайн” Хүдэр ХХК-ийн ажилчдын байрыг үнэлжээ.

Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон, үнэлгээний энэ хэсгийг хүчингүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцжээ.

3. Шийдвэр гүйцэтгэгч ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ба шинжээч ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий орд газрын өнөөгийн зах зээлийн үнийг тодорхойлсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл дангаараа барьцааны зүйл болохгүй гэжээ.

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс битүүмжлэн, хураасан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцааны зүйл гэж тайлбарлаж байх боловч хэрэгт дээрх тайлбарыг нотлох тусгай зөвшөөрлийг барьцаалсан барьцааны гэрээ, үүргийн гүйцэтгэлийг  барьцааны хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэр авагдаагүй байна.

Түүнчлэн барьцаалуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч барьцааны хөрөнгийг эрх бүхий этгээдэд шилжүүлэх тухай хүсэлт гаргах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ажиллагаа Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар явагдах тусгайлсан зохицуулалттай байгааг шийдвэр гүйцэтгэгч анхаарсангүй.

Дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн “А Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 574 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00264 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар “А Х” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Таяннуурын баяжуулах үйлдвэрийн ажилчдын байр, ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД