Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-18
Дугаар 001/ХТ2020/00111
Хэргийн индекс 181/2018/02269/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “З З”ХХК
Хариуцагч Г.Э, Т.Ц
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

 “З З”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/02248 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 641 дүгээр магадлалтай,

“З З”ХХК-ний нэхэмжлэлтэй

Г.Э, Т.Цнарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 39 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадырбек, хариуцагч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Чинбат, Т.Мөнхтуяа нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу харилцан тохиролцож бетон зуурмаг худалдах, худалдан авах хэлцлийг амаар хийсэн болно. Уг хэлцлийн дагуу худалдагч тал нийлүүлсэн бетоны үнэ 49 280 000 төгрөгийг шаардах эрхтэй ба худалдан авагч Г.Э, Т.Цнар үнийг төлөх үүрэг хүлээсэн боловч 2014 оны 6 сарын 30-ны өдрийн тооцоо хийлсэн актаар 2 тал хүлээн зөвшөөрсний дагуу 39 800 000 төгрөгийн авлага үүссэн. Нийт 49 280 000 төгрөгийн бетон зуурмагийг 2013 оны 5 сарын 01-нээс 2014 оны 6 сарын 25-ны хооронд нийлүүлсэн. Түүнээс 9 480 000 мөнгийг төлөөд 39 800 000 төгрөг үлдсэн. Иймд уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа. Тасралтгүй араас нь явж байсан. Захирал н.Баяр-Эрдэнэ Г.Э 2 олон удаа уулзаж байсан. 2 машин зуурмагийн үнэнд ланд 100, инфинити 2 машин өгье гээд бөхийн өргөөний зүүн хаалга хот буузны гадаа хаалганы талбай дээр дуудаж уулзаад үнэ нь өндөр байна гээд тохиролцоогүй. Дараа нь бартерын гэрээ хийнэ гээд төмөр замд уулзсан. Их олон удаа уулзахад төлөх л юм ярьдаг байсан. Энэ байраа улсын комисс ашиглалтад орж чадаагүй төлнө л гэдэг. Г.Э бас өндөр үнэтэй байр санал болгож байсан. Сүүлдээ утсаа авахаа больж холбогдохгүй болоод шүүхэд нэхэмжлэл гаргаж хаягтаа байхгүй гэж татгалзсан, 2018 оны 1 сард эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Т.Цэнэ хоёр Баянгол дүүргийн хаягтай байсан ч хаягаа өөрчилсөн байсан. Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүрэгт гэсээр хугацаа алдсан. Сүхбаатар дүүргийн хаягаар нэхэмжлэл гаргасан хайж утсаар ярьсаар байгаад сүүлдээ утсаа авахаа байсан. Хамгийн сүүлд 2014 оны 9 сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөг хийсэн байдаг. Г.Эаас Т.Цруу хийгээд Т.Цманайх руу хийсэн. 2018 оны 01 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. 2014 онд байнга Т.Цэнгэлмаатай уулзаж байсан. 2016 онд 2017 онд утсаар ярьж уулзаж байсан гэжээ.

Хариуцагч Т.Цшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Цнь “З З”ХХК-иас 39 800 000 төгрөгийн бетон зуурмагийн гэрээг байгуулаагүй, зуурмагийг өөртөө аваагүй. Харин Г.Э нь өөрийн өмчлөлийн 10 дугаар хороолол 35 айлын орон сууц барьсан, энэ явцад барилгадаа бетон зуурмагийг хүлээн авч хэрэглэсэн гэдэг нь нотлогдож байна. Г.Э нь жинхэнэ хариуцагч мөн. Надад Г.Э мөнгө өгөөд би захиалдаг, зуурмаг барилга дээр нь 3 удаа буусан. Г.Э өөрөө эхнэртэйгээ хүлээж авдаг байсан. Г.Э намайг зээлээр хямд материал ол гэсний дагуу зуурмагийн компанийн захирал н.Баяр-Эрдэнийн ээж н.Цэцэгээтэй сайн танилын хувьд уулзаж гуйж зээлээр зуурмаг авч өгсөн. Падан дээр миний бас Г.Эы гарын үсэг байгаа. 40 000 000 төгрөгийн зуурмаг авснаас хагас нь төлөгдсөн. Г.Эд Т.Цямар нэгэн төлбөргүй. Г.Э барилгаас хувь өгнө гэж амалснаар нь түүний барилгад гурван жил гаруй хугацаанд 1 ч төгрөгийн хөлс авалгүй зүтгэж хүчээ зарцуулсан, үнэндээ Т.Цэнгэлмаагийн хүчээр л маш хямд боссон орон сууц. Одоо бол Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 35 айлын 6 давхар орон сууц бүхэлдээ иргэн Г.Эы өмч. Т.Цэнгэлмааг хариуцагчаас чөлөөлөх үндэслэлтэй байх тул чөлөөлж өгнө үү. Г.Э бүрэн төлнө гээд тооцоо нийлсэн акт болон баталгааны баримт дээр гарын үсэг зурсан байдаг. 2017 оны өвөл Г.Э бөхийн өргөөний зүүн хаалганы талбай дээр н.Баяр-Эрдэнэтэй уулзаж, төлбөртөө тооцож ланд 100, инфинитив маркийн 2 авто машиныг түүний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Баянголын татвар дээр бас зуурмагны мөнгөө төлнө гэдгээ хэлж байсан, төлөхгүй гэж байгаагүй төлнө төлнө гэсээр өдий хүрсэн гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Америк нэгдсэн Улсад амьдарч байгаад ирсэн. н.Эрдэнэчулуун барилгад хамтарч ажиллая гэсэн, гэтэл барилгыг ямар ч бичиг баримтгүй хаяад явсан тул алдагдалд орсон. 2015 онд би газрын гэрчилгээг өөрийн нэр дээр болгож авсан. Иргэн Г.Э нь 10 дугаар хорооллын барилгаа барьж дуусгасан. “З З”ХХК-тай аман болон бичгээр гэрээ байгуулж байгаагүй. н.Эрдэнэчулуун нартай аман хэлцлээр хамтарсан. н.Билэгсайхан, н.Эрдэнэчулуун нар барилгад хөрөнгө оруулна гэсэн, зуурмагийг тэд нар олох ёстой байсан тул гэрээ байгуулснаараа хариуцна. Т.Цэнгэлмааг анх би танихгүй байсан, тэр хүмүүс л танилцуулсан. Бадмаараг өргөө ХХК-ийн захирал н.Билэгсайхан, н.Эрдэнэчулуун нар надаас барилгад оруулна гэж 200 гаруй сая төгрөг авсан. Нийт 49 280 000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн, 9 480 000 мөнгийг Т.Цэнгэлмаагаар дамжуулж төлөөд 39 800 000 төгрөг үлдсэн. Тооцооны баримтад би гарын үсгээ зурсан. Би н.Баяр-Эрдэнэтэй 2017 оны өвөл бөхийн өргөө дээр уулзсан, 2018 оны эхээр ч ажил дээр ирж уулзаж мөнгөө нэхэж дарамтлах янзтай хүмүүс дагуулж ирсэн. Тухайн байранд амьдарч байгаа хүмүүст гэрчилгээг нь гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Арматур, бетон зуурмагийн тодорхой хэсгийг Бадмаараг өргөө ХХК хариуцна. Бетон зуурмаг хүлээж авсан баримтууд 2014 оны баримтууд. Нэхэмжлэгч шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. 2018 оны 01 дүгээр сард шүүхэд хандсан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн н.Эрдэнэчулуун нарыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа. Гар утсаар бичлэг хийснийг мэдээгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/02248 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Г.Эаас 39 800 000 төгрөгийг гаргуулж “З З”ХХК-д олгож, нэхэмжлэлээс Т.Цэнгэлмаад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас 356 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 641 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/02248 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э, Т.Цнарт холбогдох 39 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “З З”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Эаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 356 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек хяналтын гомдолдоо:1. Магадлалын үндэслэх хэсэгт “...талууд 2014-06-30-ны өдөр үлдэгдэл төлбөр 39 800 000 төгрөгт тооцоо нийлж, тооцооны үлдэгдэл баталгаа хийж, ...үүнээс хойш 2014-09-09-ний өдөр хариуцагч Г.Эаас зуурмагийн төлбөрт 1 500 000 төгрөг шилжүүлснээс хойш нэхэмжлэгч, тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч нар ямар нэгэн хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх баримт хэрэгт авагдаагүй тул ИХ-н 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бетон зуурмагийн үлдэгдэл 39 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргадаггүй ба гагцхүү, нэхэмжлэгч шүүхэд хандах хуулийн хугацаа хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж, мөн давж заалдах гомдлоо энэхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацаа ИХ-н 75.2.1-т заасан хуулийн хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж гаргасан гомдлын хүрээнд давж заалдах шатны шүүх, гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Гэтэл хавтаст хэргийн 76-78 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлийн 8-11 хуудсанд тэмдэглэн үйлдэгдсэн, хэргийн оролцогчийн тайлбар, үндэслэл, хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч Т.Ц...Баяр-Эрдэнэ, Г.Э нар өчнөөн олон удаа уулзаж байсан, бөхийн өргөөний хот буузны гадаа очоод, 2017 оны 08-р сард байх, хоёр машин зуурмагийн төлбөрт өгнө гэж байсан, машин нь Ланд 100, Инфинитив гэж байсан..., дараа нь Баянгол дүүргийн татвар дээр төмөр замын тэнд дуудаж уулзаад, ядаж та бартерийн гэрээ хий гэж уулзахад, Г.Э орон сууцаа, м.кв, 1 600 000 төгрөгөөр гээд, Баяр-Эрдэнэ болохоор 1 100 000 төгрөгөөс илүү авмааргүй байна гээд, ингээд удаж байгаа юм чинь, мөн баруун 4 замын хойно Г.Э бид нар уулзаж, үлдэгдэлдээ яаж төлөх вэ гээд ярилцаж байгаад, байраар гэрээ хийх үү гэсэн чинь, Т.Цэгчээ байр ашиглалтад ороогүй байхад. байраар гэрээ хийвэл бид нар буруутах юм байна гэж хэлж байсан. Тасралтгүй уулзаж байсан, яг нарийн он сарыг сайн хэлж чадахгүй байна гэх тайлбар, хариуцагч Г.Энхртайваны ...2016 оноос хойш Баяр-Эрдэнэтэй олон удаа утасаар ярьж, уулзаж байсан, 2 машин санал болгосон нь үнэн, Ланд 100 байхгүй, Инфинитив унадаг нь үнэн, Бөхийн өргөөгийн тэнд уулзаж байсан уу гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад, уулзаж байсан гэх тайлбар, Баянгол дүүргийн тэнд уулзаж байсан, зөндөө олон удаа уулзаж байсан гэх тайлбарууд хавтаст хэрэгт авагдсан, ба анхан шатны шүүх дээрх талуудын тайлбар, үндэслэл нь ИХШХШТХ-н 37.2-т заасан хэргийн нотлох баримтаар үнэлж, мөн талуудын дээрх тайлбарууд нь маргааны үйл баримтад нийцсэн ямар нэгэн нотлох баримтаар үгүйсгэгдээгүй тул ИХШХШТХ-н 42.1 зохиогчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байна, 42.4 нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй нь тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэснийг үндэслэж, дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэн, анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Угтаа бол нэхэмжлэгч болон хариуцагч Г.Э нар дээрх байдлаар бетон зуурмагийн үлдэгдэл төлбөрийн талаар удаа дараа уулзаж, төлбөр барагдуулах талаар хариуцагч, машин, байр оролцуулах, бартер хийх зэргээр тодорхой санал гаргаж, төлбөр төлөхөө илэрхийлж байсан үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Э нь бетон зуурмагийн төлбөрийг төлөх баталж, нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үйлдлүүд хийж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн юм. Харин давж заалдах шатны шүүх энэхүү анхан шатны шүүхийн дүгнэлтийг тодорхой хууль зүйн үндэслэлээр үгүйсгэж чадаагүй ба дээрх хэрэгт авагдсан үйл баримтад ямар ч дүгнэлт хийлгүйгээр талууд 2014-06-30-ны өдөр акт үйлдсэн, үүнээс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь тун ойлгомжгүй зүйл болжээ. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судлах, хуулийн зарчмыг хэрэгжүүлээгүйгээс магадлал хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй юм. Тухайлбал: Талуудын хооронд төлбөр барагдуулах талаар олон удаа уулзаж байсан үйл баримтууд, талуудын тайлбар, үүнд үндэслэж хийгдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл зэргийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах, шийдвэртээ үндэслэлээ тодорхой дурдах, ИХШХШТХ-н 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянах зэрэг чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь магадлалын үндэслэх хэсгээс тодорхой харагдах юм. Иймд магадлал нь ИХШХШтХ-н 37.2, 40.2, 42.1, 42.3 дах заалтыг зөрчиж, Иргэний хуулийн 79.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “З З”ХХК нь 2018 оны 08 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч Г.Э, Т.Цнараас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 39 800 000 төгрөгийг гаргуулахыг хүсчээ. Хариуцагч Т.Цжинхэнэ хариуцагч биш гэж, хариуцагч Г.Э нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, хамтран ажиллаж байсан Бадмаараг өргөө ХХК хариуцан зуурмагийг авч байсан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Эаас 39 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч Т.Цэнгэлмаад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, “З З”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байсан нь тогтоогдоогүй гэж үзжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заажээ.

2017 оны өвөл, бөхийн өргөөний орчим Г.Этай уулзаж төлбөртөө автомашин авах талаар ярьсан тухай нэхэмжлэгч “З З”ХХК-ийн захирал М.Баяр-Эрдэнэ, хариуцагч Т.Цнарын тайлбар, хариуцагч нарыг эрэн сурвалжлах тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00660 дугаар шийдвэр зэрэг баримтад тулгуурлан хариуцагч үүргээ хүлээн зөвшөөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж, шинээр тоолсон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хэм хэмжээг зөрчөөгүй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй, үнэн зөв үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд “З З”ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 49 280 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг Г.Эы барьж буй барилгад нийлүүлж, Г.Э нь гэрээний дагуу 9 480 000 төгрөгийг Т.Цэнгэлмаагаар дамжуулж “З З”ХХК-д төлсөн, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөр 39 800 000 төгрөгийг төлөх тооцоо нийлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 9-11 дүгээр тал/

“З З”ХХК, Г.Э нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж болох бөгөөд гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

“З З”ХХК нь гэрээний дагуу 49 280 000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлж үүргээ биелүүлсэн бол Г.Э нь үнийг бүрэн төлөөгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Хариуцагч Г.Э нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “З З”ХХК-тай тооцоо нийлж, бетон зуурмагийн үлдэгдэл 39 800 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зуржээ./хх-9,10/ Иймд гэрээ байгуулаагүй, өөр этгээдүүд үнийг төлөх ёстой гэх татгалзал үндэслэл муутай юм.

Хариуцагч Т.Цнь Г.Эы барьж буй барилгад ажиллаж байхдаа зуурмаг хүлээн авсан, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан этгээд тул  хариуцагч биш байна. Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үздэггүй бөгөөд энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байдаг тул Г.Э зуурмагийн үнийг хариуцах ёстой байна.

Анхан шатны шүүх гэрээний талууд, гэрээгээр хүлээсэн үүрэг, биелүүлэх үүргийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 641 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/02248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 05 сарын 09-ний өдөр төлсөн 356 950 төгрөгийг буцаан олгосугай.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА