Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-06
Дугаар 001/ХТ2020/00075
Хэргийн индекс 181/2018/03269/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Ц.Н
Хариуцагч НШШГГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ц.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00362 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 621 дүгээр магадлалтай,

Ц.Нын нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/31262 дугаартай анхны албадан дуудлага худалдааны үнийн саналын мэдэгдлийг хүлээн аваад эс зөвшөөрсөн тул 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4/752 дугаар мэдэгдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол ХД39 дүгээр байрны 63 тоот орон сууцыг 178 417 000 төгрөгөөр үнэлсэн мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот орон сууцыг 95 220 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар мэдэгдсэн. Үнэлгээг эс зөвшөөрөн гомдол гаргасан тул албадан дуудлага худалдаа явуулах нь үндэслэлгүй талаар бичгээр мэдэгдсэн боловч дуудлага худалдаа явагдсан болохыг сүүлд мэдсэн. Анхны албадан дуудлага худалдаа нь шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захирамж гарахаас өмнө явагдсан тул уг хариу үндэслэлгүй юм. Иймд тус шүүхэд хандаж, НШШГГын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч НШШГГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаар захирамжаар Ц.Наас 188 732 222 төгрөгийг гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.Над шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нь өөрөө үнэлэх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж, үнэлгээ тогтоолгох талаар хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн. Талуудын хүсэлтийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилсон ба шинжээч Сүхбаатар дүүргийн дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-39 дүгээр байрны 63 тоотын 77 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 178 417 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 16 мкв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 95 220 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Нын өмчлөлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/31262 тоот албан бичгээр мэдэгдэж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад Ц.Н нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1560 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгчийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 585 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1283 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1532 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. НШШГГаас барьцаа хөрөнгүүдийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Ц.Н нь үндэслэлгүйгээр гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00362 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Ц.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 621 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Нын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-д заасан “...гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхээ хэрэгжүүлээгүй. 2. Магадлалд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр дээрх шийдвэрээр тогтоогдсон үйл баримтаар маргах эрхгүй гэжээ гэвч энэ маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол байхгүй байхад ингэж дүгнэж байгаа нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй юм. 3. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасан үндэслэлээр маргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ. Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй ба харин хууль хэрэглээний талаар алдаатай эрх зүйн дүгнэлт хийснийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Ц.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан “албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...шүүхэд үнэлгээний талаар гомдол гаргасан болохыг мэдсээр байж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарахаас өмнө дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан, ...үнэлгээний асуудал шийдвэрлэгдээгүй байхад дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан...” гэсэн байна. Энэ үндэслэлээ нэхэмжлэгч хяналтын гомдолд дурдаж, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1200 дугаар захирамжаар Ц.Н нь Есөн шижир инвест ББСБ ХХК-д 183 723 222 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 543 225 төгрөгийн хамт төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба уг захирамжид шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх-ийн 22-24/

Төлбөр төлөгч нь албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00585 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1283 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2018/01532 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 51-57/

Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадлагын арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл гүйцэтгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасан боловч мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан үндэслэлээр шүүгч, 27.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн түдгэлзүүлж болдог байна.

Төлбөр төлөгч Ц.Н нь хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2018/01560 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байжээ. Уг захирамжийг гарахаас өмнө, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч  албадан дуудлага худалдааг явуулах тогтоол гаргасан байсан ба шүүгчийн дээрх захирамжийн дагуу дуудлага худалдаа явагдаагүй, үндсэндээ төлбөр төлөгчийн эрх зөрчигдөөгүй юм. Үүнээс гадна нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2018 оны 12 дугаар 28-ны өдөр тогтоолгосон тул үүнээс хойш 2 сарын дотор буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2 дугаар  тогтоолоор албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д заажээ. Энэ заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан зохицуулалттай адил агуулгатай бөгөөд нэхэмжлэгч өмнө нь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасан хэм хэмжээ нь хэрэглэх ёстой хууль биш юм. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээний талаар гомдол гаргах журмыг зохицуулсан, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол талууд шүүхэд хандаж болох боловч шийдвэр гүйцэтгэлийн байгууллага шүүгчийн захирамж эсвэл шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас бусад тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь зохистой эсэхийг бүрэн эрхийн дагуу шийдвэрлэх эрхтэй юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу явуулсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар   сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00362 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 621 дүгээр  магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА