Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-13
Дугаар 001/ХТ2020/00094
Хэргийн индекс 101/2018/3880/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Э.Л, Н.А
Хариуцагч НШШГГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Э.Л, Н.Анарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03885 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 597 дугаар магадлалтай,

Э.Л, Н.Анарын нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Дарь- Эх 6 дугаар гудамж, 176 тоотод байрлах 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Г-0000000000 дугаартай, 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 58 376 503 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Л, Н.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2015 оны 4 дүгээр сард Капитал банкнаас 28 500 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлөлтийг 2015 оны 5 дугаар сараас хугацаа хэтрүүлж эхэлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.5.30-ны өдрийн 1870 дугаар захирамжаар нэхэмжлэгч нараас 24 616 265 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Зээл авахад эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь Эх 6 дугаар гудамж, 176 тоотод байрлах, 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, Г-0000000000 дугаарт бүртгэлтэй 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалсан бөгөөд уг газар болон хувийн сууцыг шийдвэр гүйцэтгэх газрын томилсон шинжээч нь 58 376 503 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгө үнэлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх газрын 2018.6.14-ний өдрийн мэдэгдэх хуудсыг 2018.6.15-ны өдөр хүлээн авсан. 2018.6.16, 17-ны өдрүүд нь бямба, ням гариг байсан тул ажлын өдөр буюу 2018.6.18-ны өдөр цаг хугацааны хувьд боломж байгаагүй учир үнийн саналаа өгч чадаагүй. Шийдвэр гүйцэтгэгч 2018.6.21-ний өдөр хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг шинжээчээр томилж, 2018.8.13-ны өдөр дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь-Эх 6 дугаар гудамж, 176 тоот хаягт байршилтай, 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, нэгж талбарын 18644312603967 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй газрыг нийт 58 376 503 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч нар 2018.8.15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газарт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Уг хөрөнгөд үнэлгээ хийхэд 2018.8.1-ний өдрөөс болон 2018.12.1-ний өдрүүдэд засвар үйлчилгээ хийгдээд л явж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийг 2018.5.30-ны өдөр хураасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах хугацааг 2018.6.30-ны өдөр хүртэл тогтоох ёстой байсан бөгөөд үнийн санал авах мэдэгдлийг эд хөрөнгийг хурааснаас хойш 14 хоногийн дараа буюу 2018.6.14-ний өдөр үйлдсэн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан 1 сарын дотор гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн НШШГГын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.5.30-ны өдрийн 1870 дугаар захирамжаар Э.Л, Н.Анараас 24 616 265 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э.Л, Н.Анар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эх 6 дугаар гудамж, 176 тоотод орших 226 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, 248 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт битүүмжлэн хурааж талуудаас үнийн санал авахад үнийн санал ирээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 58 376 503 төгрөгөөр үнэлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03885 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Дарь Эх 6 дугаар гудамж, 176 тоотод байрлах 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-0000000000 дугаартай, 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 58.376.503 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Э.Л, Н.Анарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Л, Н.Анарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 16264 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 597 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэлийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл хяналтын гомдолдоо: 1. Тус магадлалд  “...Нэхэмжлэгч нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, үнэлгээг хийхдээ хөрөнгө үнэлэхэд тохиромжгүй аргыг хэрэглэсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно...” гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 25.1.3, 47.1 дэх хэсэгт тус тус заасан байдаг. Талуудын маргаж байгаа гол асуудал нь Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2018 оны 08 сарын 13-ны өдрийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй эсэх байсан. Иймээс нэгэнт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг газрын байршил, зах зээлийн үнэ цэнэ, барилгын хийц, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой эсэх, зориулалт зэрэг олон талаас нь шинжлэн, судалсны үндсэн дээр нэгдсэн үнэлгээг гаргадаг ба шүүх бүрэлдэхүүн болон зохигчид нь энэ талаарх мэдлэггүй тул тус үнэлгээг тодруулах үүднээс хөндлөнгийн тусгай мэдлэгтэй этгээдийг шинжээчээр оролцуулан дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон. Ингээд нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад удаа дараа шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан боловч шүүхээс тухай бүрт энэхүү хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болж байгаа үндэслэл нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдохоос бус нэхэмжлэгчээс гаргах баримтаар нотлогдох боломжгүй байтал шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй. Иймд нэхэмжлэгчийн хуульд заасан эрх болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим зөрчигдсөний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий эсэх нь эргэлзээтэй болсон байхад давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2. Мөн магадлалд “...Хариуцагч тухайн эд хөрөнгийг хураах тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ирүүлэхийг төлбөр төлөгч нарт хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хугацаанд нийцнэ. Дээрх хуулийн заалт нь шийдвэр гүйцэтгэх хугацааг хэтрүүлэлгүйгээр эд хөрөнгийн үнэлгээг хийлгэх, хугацааг хэтрүүлэхийг хориглосон, төлбөр төлөгч нараас үнийн санал авах хугацааг шууд 1 сараар тогтооход чиглэгдээгүй байна...” гэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн үнийн санал ирүүлэх тухай 2018 оны 06 сарын 14-ний 4/10141 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч нарт 2018 оны 06 сарын 15-ны өдөр хүргүүлсэн бөгөөд 2018 оны 06 сарын 16, 17-ны өдрүүд нь нийтээр амрах өдрүүд байсан тул өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авсны үндсэн дээр тодорхойлж үнийн саналаа мэдэгдэлд зааснаар 2019 оны 06 сарын 19-ний өдөр ирүүлэх боломжгүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд ...гэж заасан байдаг. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс дээр дурдсан энэрэнгүй ёсны зарчим, шударга ёсны зарчмын дагуу нэхэмжлэгч нарт үнийн саналаа ирүүлэх ердийн боломжит хугацаа олгох нь зүйтэй байсан боловч хэтэрхий богино хугацаа тогтоож тэдний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “...уг үл хөдлөх эд хөрөнгө нь бүрэн баригдаж дуусаагүй, зах зээлд худалдан борлуулах эд хөрөнгөтэй харьцуулах боломжтой эд хөрөнгө биш учир үнэлгээний компани буюу мэргэжлийн байгууллага тогтоосон журмын дагуу зардлын хандлагаар үнэлгээ хийснийг буруутгах боломжгүй, үнэлгээний байгууллага хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бүрэн дуусгавар болж ашиглалтанд орсон, мөн зах зээлийн үнийн цэнийн хувьд хотын төвд байршилтай, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ орон сууцны зориулалтаар ашиглагдах боломжтой барилга тул үнэлгээний газраас тодорхойлсон үнээс зах зээлд хавьгүй өндөр үнээр борлуулагдана. Хувийн эрх зүй болон иргэний эрх зүйн харилцан ашигтай байх зарчмын үүднээс зөвхөн барилга байгууламж барихад ашигласан материал, ажилчдын зардал болон бусад зардлыг тооцох байдлаар дээрх үнэлгээ гаргасан нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2, 172.2,1 дэх хэсэгт ...гэж заасан байдаг. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Л, Н.Анар нь хариуцагч НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор гаргасан байна. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж маргажээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Э.Л, Н.Анар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01870 дугаар захирамжийн дагуу 24 616 265 төгрөгийг Капитал банкинд төлөх, төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь-Эх 6 дугаар гудамж, 176 тоотод орших 226 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, тус хаягт байрлалтай 248 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргийг хүлээжээ.

Тэрээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Барьцааны зүйлийг 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 18260291/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18260291/02 тоот тогтоолоор хураасан, үл хөдлөх хөрөнгийн үнийг талууд тохиролцоогүй, үнийн саналаа ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох “...хариуцагч нь шинжээч томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хугацааг зөрчсөн, үл хөдлөх хөрөнгийг нийт 58 376 503 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээ зах зээлийн бодит үнээс зөрүүтэй, дутуу барилгыг барьж, үнэлгээ өөрчлөгдсөн...” гэх байдал тогтоогдоогүй талаар шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд зохих дүгнэлтийг хийсэн, энэ үндэслэлээр “нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03885 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 597 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

             ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА