Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-11
Дугаар 001/ХТ2020/00082
Хэргийн индекс 102/2018/04177/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Э СӨХ
Хариуцагч Д.О
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Э” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00167 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 513 дугаар магадлалтай

“Э” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Д.Од холбогдох,

Түрээсийн төлбөрт 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашнямын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням, хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О нь “Э” СӨХ-той 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Дундын өмчлөлийн эд хөрөнгө түрээслэх гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу 1 сарын түрээсийн төлбөр 150 000 төгрөг бөгөөд 2018 оны 5 сараас 10 сарыг дуусталх түрээсийн төлбөрт 900 000 төгрөгийг Д.О төлөөгүй.

Гэрээн дээр нь түрээсийн сарын төлбөрийг 120 000 төгрөг гэж бичсэнээ 150 000 төгрөг болгож засварласан байдаг. Тухайн үед түрээсийн төлбөрийг хөнгөлөлттэй үнээр 120 000 төгрөг гэж байгаад 150 000 төгрөг болгосон. Энэ талаар Д.О мэдэж байгаа гэж хэлсэн. Д.Од өр төлбөрөө төлөх талаар маш олон удаа хэлж сануулж, мэдэгдэл өгч байсан ч өнөөг хүртэл ямар ч төлбөр хийгээгүй.

Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний төлөөгүй төлбөр 900 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байр 30 жил ашиглагдаж байгаа тул зоорийн давхар дахь дулааны шугам сүлжээ болон бохирын шугам сүлжээ нь ихээхэн муудсан, байнга бохир болон халуун хүйтэн ус алдаж байдаг. Би уг подвалийг 2004 онд хүлээж аваад барилгын их засвар хийлгэж байсан. Сүүлийн 15 жилийн хугацаанд подвальд үйлчилгээ явуулж байхдаа засварын хөлсийг түрээсийн төлбөрөөс хасч тооцуулдаг байсан.

Тус СӨХ нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Орон сууцны байранд болон түүний хонгилын хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас авах засвар үйлчилгээний үнийн жишиг тариф”-аар түрээсийн гэрээний үнийг тогтоогоогүй.

Түүнчлэн би 2018 оны 3-4 сард хийсэн засварын хөлс 642 000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасуулах хүсэлтэй байна. Тус СӨХ нь түрээслэгч нарын гомдлыг хүлээж авалгүйгээр сарын төлбөрийг 150 000 төгрөг болгож гэрээ хийсэн байдаг. Би 120 000 төгрөгөөр эхний саруудад төлж байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед түрээсийн төлбөрийг 150 000 төгрөг болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Би түрээсийн төлбөрийг 120 000 төгрөгөөр тооцож, засвар хийсэн 642 000 төгрөгөө хасаж, үлдэгдэл төлбөр төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00167 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигин овогт Дашзэвэгийн Оюунчулуунаас 720 000 /долоон зуун хорин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 180 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 21 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 513 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00167 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Д.Оыг “Э” СӨХ-той байгуулсан түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг 120 000 төгрөгөөр бууруулан 720 000 төгрөгийг хариуцагч Д.Оаас гаргуулах шийдвэр гаргасан.

Д.Отай байгуулсан “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний нэг сарын төлбөрийн дүнг 120 000 төгрөг гэж бичээд 150 000 төгрөг болгон гэж засвар хийж үсгээр бичиж баталгаажуулсан байдаг боловч үүнийг нэхэмжлэгч манай талын буруутай үйлдэл гэж ойлгон, ИХАШШ-ийн хэргийн материалыг судлан нягталж зөв шийдвэр гаргасан гэж үзэн хүлээн авсан.

Хариуцагч Д.Оы Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан баримт нотолгоогүй, үндэслэлгүй гомдолд нэхэмжлэгч “Э” СӨХ-оос дэлгэрэнгүй тайлбар гаргасан боловч давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.1, 289.2.2 дахь заалтуудыг үндэс болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Иргэний хуулийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 290.2, 290.3-д заасан ...биет байдлын болон эд хөрөнгийн эрхийн доголдолгүй эд хөрөнгийн хүлээлгэн өгсөн.

Түрээслэгч Д.О нь Иргэний хуулийн 318.1 түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ гэсэн үүргээ олон сараар биелүүлэхгүй, 318.2-д заасан эрхийг Д.О бүрэн эдэлж байгаа,

Учир нь түрээслэж буй доод хонгил нь /подваль/ Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмч дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-д заасанчлан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг тул үл хөдлөх эд хөрөнгийн гЭилгээ авах боломжгүй, түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх ажиллагаа хязгаарлагдмал хаалттай байдаг.

Магадлалд дурдсан 289.2.1, 289.2.2 дахь заалтуудын тухайд:

289.2.1 - Хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах заалтыг үндэслэсэн нь, Д.Оы эзэмшиж ашиглаж буй доод хонгил буюу подваль нь 108 айл өрх амьдардаг 9 давхар байрны суурь хэсэг учир түүний дээрх барилга ашиглалтын хэрэглээгээ даахгүй байх хэмжээнд хүртлээ эвдЭ муудсан гэх утга агуулж байна. Бодит байдал дээр тийм асуудал байхгүй бөгөөд уг байшинд 300 гаруй хүмүүс хэвийн амьдарч байна. Хариуцагч Д.О ч өнөөдрийг хүртэл түрээслэсэн байрандаа канон компьютер, оёдол, маникьюр, педикьюрийн үйлчилгээгээ явуулж байна .

289.2.2 - Хөлслөн авсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах гэсэн заалтын тухайд:

Энэ заалтыг нэг барилга нь 3 орцтой 1 орцонд 36 айл амьдардаг, 108 өрх айл оршин суудаг нийт 216 өрх айлтай номер 69-70 дугаар байруудын дундын өмчлөлийн засвар үйлчилгээг хариуцдаг гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалан ажилладаг, СӨХ-д хамааруулан хэрэглэх нь тохиромжгүй юм. “Э” СӨХ болон Д.О нарын хооронд 2018.01.29-ны өдөр байгуулсан номер 01 тоот гэрээний 5.3-д ...барилгын засварын ажилд зарцуулсан хөрөнгийг нэхэмжлэх эрхгүй... гэсэн заалтыг анхаарч үзээгүй байна.

Д.Оы ажил үйлчилгээ явуулж буй хонгилын давхараар бохир усны шугам дамжин өнгөрдөггүй бөгөөд дулаан болон хэрэглээний халуун хүйтэн усны шугам дамжин өнгөрдөг эдгээр шугамууд бүгд хэвийн ажиллаж байгаа болно.

2019.04 сард “Э” СӨХ-оос Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв 9-д хүсэлт гаргасны дагуу ирүүлсэн албан бичигт түрээслэгч Д.Оы эзэмшиж байгаа 70-р байр 1-р орцны зоорийн давхарт ус их хэмжээгээр алдсан тохиолдол гарч байгаагүй, дуудлага ирж байгаагүй гэсэн хариу ирүүлсэн. /2019.04.16 номер 147 тоот/

Уг барилга нь Улаанбаатар хотод 1970 оны дунд үеээс 1990 он хүртэл баригдаж байсан угсармал 9-12 давхар хорооллуудын сүүлчийн барилга ба 1989 оны 08 сард Зөвлөлтийн барилгачид /тухайн үеийн/ Монголын төмөр замын болон Оросын мэргэжилтнүүд, ажилчдад зориулан барьсан барилга учир инженерийн шугам сүлжээ нь 3, 4, 11, 12 дугаар хорооллуудтай харьцуулахад харьцангуй сайн чанартайд тооцогддог өнөөгийн байдлаар болон сүүлийн жилүүдэд барилгын шугам хоолойд гарсан эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллаж байна.

Барилгын шугамд гарсан гэмтлээс болж хохирсон гэх түрээслэгчийн гомдол ямар ч үндэслэлгүй худал зүйл юм.

Д.О нь 70-р байрны доод хонгилын хэсгийг 15 жил эзэмшиж ашиглахдаа түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлж байгаагүй ба энэ талаар байнгын маргаантай явж ирсэн. Мөн энэ тухай асуудлаар 2014 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан боловч түүний хүсэлтийг харгалзан үзэж эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг.

Түрээслүүлэгч “Э” СӨХ, түрээслэгч Д.О нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.5, 4.5, 5.3 дахь заалтууд удаа дараа зөрчигдөж, СӨХ-ийн гишүүн 216 өрхийн нийтлэг эрх ашиг хохирсоор ирснийг анхааран үзэж, нэг хүний биш нийтийн эрх ашгийг хамгаалсан ИХАШШүүхийн шийдвэр үнэн бодит байдалд нийцсэн шийдвэр болсон.

Иймд БГД-ийн ИХАШШүүхийн 2019.01.10-ны өдрийн дугаар 102/ШШ2019/00167 тоот шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 “Э” СӨХ-ны Д.Оюунчлуунтай байгуулсан түрээсийн гэрээ 2019.01.29-ний өдрөөр хугацаа нь дууссан бөгөөд СӨХ-ноос түүнийг байраа суллаж өгөхийг удаа дараа шаардаж албан тоот өгсөн боловч, танайхаас шүүхэд тавьсан асуудал шийдэгдээгүй байна шүүхийн шийдвэрийг хүлээж байна гэж хэлэн төлбөр төлөхгүй, байр чөлөөлөхгүй байгаа учир Д.Оы эзэмшиж байгаа 70-р байрны хонгил хэсгийг чөлөөлөх шийдвэр гаргуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Э” сууц өмчлөгчдийн холбоо Д.Од холбогдуулан тус СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хорооллын 69, 70 дугаар байрны доод хонгил буюу подвалийн 2018 оны 5 дугаар сараас 10 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөр 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч,  түрээслэж буй подвальд 2018 оны 03, 04 дүгээр сард хийсэн засвар үйлчилгээний хөлс 642 000 төгрөгийг суутгаж, хасуулна гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 720 000 төгрөгийг гаргуулан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

  Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1.-д зааснаар хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлслөгч нь хөлс төлөхөөс татгалзах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсан тайлбар, үндэслэлээ нотолж, хөлслөн авсан байрыг ашиглах боломжгүй болсны улмаас засвар хийсэн талаарх холбогдох баримтыг хэрэгт гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад харилцан тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй” гэх үндэслэлээр хариуцагчийн гаргасан нотлох баримтуудыг үнэлээгүй нь хэргийн оролцогчоос гаргасан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг биелүүлээгүй, маргааны үйл баримттай холбоотой хэрэглэвэл зохих  хуулийг хэрэглээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн дээрх алдааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 513 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашнямын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД