Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-11
Дугаар 001/ХТ2020/00081
Хэргийн индекс 183/2018/03015/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Р.Б
Хариуцагч Б.Э
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Р.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/00035 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 556 дугаар магадлалтай,

Р.Бын нэхэмжлэлтэй,

Б.Эт холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 106 419 066 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Б.Эын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Б 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 35 740 ам.долларыг Б.Эт зээлдүүлэн, “Зээлийн гэрээ” байгуулсан. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.Э нь зээлээ 2015 ны 7 дугаар сарын 25-ны өдөр барагдуулна гэж, зээлийн гэрээг 1 жил 15 хоногоор сунгасан. Гэтэл зээлдэгч Б.Э одоог хүртэл зээлийн төлбөр төлөөгүй. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр зээлийн гэрээний хугацааг сунгасныг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкны зарласан ханш 1 985.06 төгрөгөөр тооцоход зээлийн үндсэн төлбөрт 70 946 044 төгрөг байна. Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэг болон зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч Б.Эаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 35 473 022 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Л.Дариймаагийн нэр дээрх 18681310157342 дугаар бүхий, 000473839 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Г.Болортунгалагийн нэр дээрх нэгж талбарын 18631310133332 дугаар бүхий, 000473855 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ц.Ганболдын нэр дээрх нэгж талбарын 18631310102306 дугаар бүхий, 000473858 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Л.Бадамгаравын нэр дээрх нэгж талбарын 18631310095343 дугаар бүхий, 000473857 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Э.Нандин-Эрдэнийн нэр дээрх нэгж талбарын 18631310096328 дугаар бүхий, 000473856 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл газар эзэмшигчид газрын гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэх шалтгаанаар шинээр гэрчилгээ авсан байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр сарын 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрт 70 946 044 төгрөг, алданги 35 473 022 төгрөг, нийт 106 419 066 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрийн садангийн ах Ч.Цогтбаяраас мөнгө өгөх боломж байна уу гэхэд тэрээр өөрөөсөө мөнгө гаргаж өгнө гэхдээ чи Р.Бтой гэрээ байгуулчих гэж дээрх гэрээг Р.Бтой байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.Э зээлээ 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барагдуулна гэж бичиг хийж өгч, гэрээг сунгасан гэжээ. Анх мөнгө зээлсэн гэрээний асуудлаар бид дахин уулзаагүй бөгөөд би Р.Бод зээлээ төлж барагдуулах талаар ямар нэг бичиг хийж өгөөгүй, гэрээг сунгаагүй болно. Хадам аавын төрсөн дүү Ч.Цогтбаярт 2005 онд “Элгэн” XXК байгуулахад нь эхлэлтийн хөрөнгө болгож 8 000 000 төгрөг мөн 2011 онд БНСУ-д геологи хайгуулын өрөм захиалаад Монгол руу ачуулах гэж байтал Ч.Цогтбаяр ах надтай Сүхбаатарын талбай дээр уулзаж ах нь энэ өрмийг чинь мөнгийг нь төлөөд авъя Энержи Ресурстэй гэрээ байгуулчихсан чинь өрөм байдаггүй алдагдалд орох гээд байна, ах нь өрөмдлөгийн ажлын ашгийн 30 хувийг cap болгон тооцож өгч байя гэсэн. Тэгээд би гэрээ хийе гэтэл ахдаа итгэхгүй байгаа юм уу гэхээр нь гэрээ хийгээгүй аман гэрээ болоод өнгөрсөн. Тэрээр амалсан өрөмдлөгийн ажлын 30 хувийг өгөөгүй бөгөөд өрөм 160 сая воннын үнэтэй байсан. Би өрөмөө тухайн үед 220 мянган ам.доллараар зарахаар тохирчихсон байснаа хамаатан садны холбоогоо бодоод ахын гуйлтыг биелүүлсэн.

Иймд би Ч.Цогтбаяр ахад мөнгө төгрөг, техник тоног төхөөрөмжөөр тусалж байсан болохоор түүнээс мөнгөний авлагатай гэж бодож мөнгө өгөөч гэж гуйсан. Гэтэл намайг Р.Бтой зээлийн гэрээ байгуулчих чи бид хоёр дараа нь учраа олно гэсэн болохоор гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Р.Б нь Ч.Цогтбаяр ахын “Элгэн” ХХК-д түүний туслахаар ажилладаг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/00035 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Эаас 80 812 607 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Бод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 25 606 459 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 690 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 562 013 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Бод олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 556 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562 013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 210/МА2019/00556 дугаартай магадлалыг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00035 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх “...хариуцагч нь мөнгөн хөрөнгийг иргэн Ч.Цогтбаяраар дамжуулан хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй... Б.Э миний бие Ч.Цогтбаяртай зээлийн гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг шүүх 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр тогтоосон нь үндэслэлтэй...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бидний хооронд 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 35 740 ам.долларыг 2 сарын хугацаатай өгч авахаар бичгээр гэрээ хийгдсэн боловч уг гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зохицуулалтад нийцээгүй юм.

Дээрх зээлийн гэрээний дагуу Б.Э нь 35 000 ам.долларыг Р.Боос хүлээж аваагүй буюу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн гэх нотлох баримт байхгүй байхад шүүх хариуцагч нь мөнгөн хөрөнгийг иргэн Ч.Цогтбаяраар дамжуулан хүлээн авсан гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасны дагуу шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Би Ч.Цогтбаяр ахад мөнгө төгрөг, техник тоног төхөөрөмжөөр тусалж байсан, намайг Р.Бтой зээлийн гэрээ байгуулчих чи бид хоёр дараа нь учраа олно гэсэн болохоор гэрээ байгуулж гарын үсэг зурсан гэж тайлбар гаргасан байгааг шүүх анхаараагүй ба Ч.Цогтбаярыг энэ хэрэгт оролцуулаагүй тохиолдолд Р.Б бид хоёрын хооронд бодитойгоор зээлийн гэрээ хийгдсэн эсэх, зээлийн гэрээ байгуулах хүсэлт зориг байсан эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байсан.

Нөгөө талаас Р.Боос 2014 оны 05 сарын 09-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 4 жил 3 сарын хугацаанд хариуцагчид ямар ч шаардлага гаргаагүй нь гэрээ бодитойгоор хийгдээгүй, түүнд шүүхэд хандах шаардлага байхгүй байснаар нотлогдох юм. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч хариуцагчийн оршин суух хаягийг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Эдгээр үйл баримт нь Р.Бын 2014 оны 05 сарын 09-ний бичгээр хийсэн боловч байгуулагдаагүй гэрээнд хамааралтай болохоос Ч.Цогтбаяр бидний хооронд хийгдсэн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн бичгээр хийсэн тохиролцоонд хамааралгүй байхад үндэслэлгүйгээр хамааруулж хөөн хэлэлцэх хугацаа тасалдлаа гэж үзсэнд гомдолтой.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгснөөр үүрэг гүйцэтгэгдсэнд тооцогддог байна. Гэтэл Р.Боос 35 740 ам.долларыг Ч.Цогтбаярт шилжүүлсэн, Ч.Цогтбаяр нь Р.Бын зөвшөөрлөөр 35 740 ам.долларыг надад шилжүүлсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй.

Ийм учраас Р.Б, бидний хооронд 2014 оны 05 сарын 09-ний зээлийн гэрээ бодитойгоор хийгдээгүй, зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар байгуулагдаагүй тохиолдолд байгуулагдаагүй гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, мөн бидний хоорондох 2014 оны 05 сарын 09-ний бичгээр хийсэн боловч хэрэгжээгүй зээлийн гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дууссан тул Р.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа зохигчдын хоорондох маргааны зүйлийг нарийвчлан тодорхойлж чадаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэх боломжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Хэргийн 32 дугаар талд авагдсан хариуцагч Б.Э нь 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 35 000 ам.доллар зээлж авсан Ч.Цогтбаяр ахаас авсан зээлээ 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэхэд өглөг болох 70 000 000 төгрөгийг төлж барагдуулна. Барагдуулаагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэх баримтыг Р.Б бидний хооронд бичгээр хийгдсэн зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй. Уг баримтыг Цогтбаяр ахад гаргаж өгсөн бидний хоорондын тооцоонд хамааралтай байхад үндэслэлгүйгээр Р.Бтой хамааралтай болгож шийдвэрлээд байгааг ойлгохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.Э нь Р.Бод зээлээ 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барагдуулна гэж бичиг бичиж өгч зээлийн гэрээг 1 жил 15 хоногоор сунгасан...” гэж улайм цайм худал бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5.Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх үүрэгтэй. 42.1.3охигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна гэж дүгнэснийг, давж заалдах шүүх түүнийг нь дэмжиж хэвээр үлдээгээд байгааг шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэхээс өөр аргагүй.

Ч.Цогтбаяр бидний хоорондын тооцоонд хамааралтай баримтыг Р.Бын гэрээнд хамааруулж зээлийн гэрээ сунгасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй бөгөөд Р.Бын гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй, гэрээ байгуулагдаагүй, байгуулагдсан байлаа ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, Р.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хууль шударга ёсыг тогтоон хэрэгжүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Р.Б нь Б.Эт холбогдуулан үндсэн зээл 35 740 ам.доллар буюу 70 949 044 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүйн алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% 35 473 022 төгрөг, нийт 106 419 066 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө аваагүй гэж маргажээ.

2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр талууд “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдүүлэгч Р.Б нь 35 740 ам.долларыг 2 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч  Б.Э зээлийг хугацаанд нь эргүүлж төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зуржээ. \хх-36\

Гэрээний дагуу Б.Э 35 740 ам.долларыг авсан үйл баримттай маргаагүй боловч тухайн зээлийг өөрийн садангийн ах Ч.Цогтбаяраас авахаар хүсэлт гаргасан, Ч.Цогтбаяр нь Р.Бтой гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурчих, бид дараа нь учраа олно гэсэн тул гэрээнд гарын үсэг зурсан, Р.Боос зээл аваагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

Зээлийн гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар зээлдүүлэгч зээлдэгчээс гэрээний үүрэг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж,  хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа  нотлоогүй гэж дүгнэн, гэрээний үүрэгт хариуцагчаас 80 812 607 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Б.Эын “...2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зээлийг төлж барагдуулна...” гэх баримтыг үндэслэж, тухайн үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар төлбөрийг тооцож, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсанд анхан шатны шүүх үүрэг үүсэх үеийг гэрээ байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөр тооцож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1. дэх заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх засч, магадлалд заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан шаардлагад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Иймд “...шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарласан...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/00035 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 556 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Эын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562 014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД