Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-13
Дугаар 001/ХТ2020/00091
Хэргийн индекс 181/2018/02479/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч П ХХК
Хариуцагч Д.ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00301 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 618 дугаар магадлалтай,

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Д” ХХК-д холбогдох,

“Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт нийт 112 517 070 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний улмаас учирсан хохиролд 83 592 667 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл, Б.Батбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК нь “П” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 52017/026 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, 45 470 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1 580 төгрөг, 10 000 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1 480 төгрөг, 41 650 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1 580 төгрөгөөр тус тус тооцож зээлээр худалдан авахаар тохиролцсон. Тус компани зээлээр худалдан авсан түлшнээс 75 011 380 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа ба үнийн дүнг баталгаажуулж тооцоо нийлсэн актыг үйлдсэн.

Худалдах-худалдан авах гэрээний 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт төлбөрийг 10 дугаар сарын 01-ний дотор төлнө гэж заасан, гэрээний 6.2 дахь хэсэгт захиалагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийлүүлэгч хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувиар тооцож алданги нэхэмжлэх эрхтэйг заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс түлш авсан болон үнийг бүрэн төлөөгүйд маргадаггүй, харин түлш доголдолтой байсан гэж маргадаг бөгөөд талууд гэрээндээ түлшийг хүлээлцэх бүрт шалгаж авна гэж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч шалгаж авах үүрэгтэй байтал нийлүүлсэн түлш доголдолтой талаар мэдэгдсэн зүйлгүй, ямар нэгэн албан бичиг ирүүлэх болон бусад байдлаар мэдэгдээгүй. Гэрээний 5.1.-т гэрээний үнэ буюу төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлд заасан журмаар төлөх үүрэгтэйг, 5.6-д захиалагч “Д” ХХК нь барааны чанарыг Шатахуун хангамжийн технологи үйл ажиллагааны аргачлал MNS:4633-98, MNS4633-2006 стандартын дагуу шалгаж хүлээн авах үүрэгтэйг, 10.3.-т нэмэлт гэрээ болон гэрээний бусад хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчинтэй гэж, 10.4-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал, гэрээг дуусгавар болгох, хугацаанаас өмнө цуцлах тухай мэдэгдэл, гэрээтэй холбогдон нөгөө талдаа гаргаж буй аливаа санал, мэдэгдэл хүсэлтийг бичгээр үйлдэж 3-аас доошгүй хоногийн өмнө гэрээнд заасан хаягаар баталгаат шуудангаар эсвэл биечлэн хүргүүлснийг хүчинтэйд тооцно.

“Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-нд “П” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан, гэрээний дагуу түлш худалдан авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргадаггүй. Хариуцагчаас төлбөр төлөөгүй хоногт ногдох алдангийн нийт хэмжээ нь үндсэн төлбөр болох 75 011 380 төгрөгийн 50 хувиас илүү байх тул Иргэний хуульд зааснаар 50 хувиар тооцсон.

Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөр төлөх хугацааг хойшлуулж байгаа тул гэрээний төлбөрийн үлдэгдэл 75 011 380 төгрөг, түүний алданги 37 505 690 төгрөг, нийт 112 517 070 төгрөгийг “Д” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Д” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талтай уулзах оролдлого удаа дараа хийж байсан ч “П” ХХК бодитоор оршин байх хаяггүй, үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй, хариуцах эзэнгүй мэт ойлгомжгүй байдалтай байсан. Нэхэмжлэгчээс чанаргүй түлш нийлүүлсний хохирол нэхэмжлэхээр эрэн сурвалжилсан, мөн захирал, хариуцах хүмүүстэй уулзаж саналаа хүргүүлж байсан. Нэхэмжлэгч чанарын шаардлага хангахгүй түлш нийлүүлж гэрээний үүргээ зөрчин ажил зогсоосноос хойш харилцаагаа тасалж алга болсон. Гэтэл энэ хугацааны алданги тооцон нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

“Д” ХХК гэрээний 1.1. нийлүүлэгч нь гэрээнд заасан тодорхойлолт, чанар үзүүлэлт, тоо хэмжээ бүхий стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр заасан ёсоор төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхийн тулд “П” ХХК-тай дээрх гэрээг байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч гэрээний 2.1-д заасан нийлүүлэгч талын нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний чанар нь газрын тосны бүтээгдэхүүний стандарт, техникийн нөхцөлд нийцсэн, тавигдах шаардлагыг хангасан байх чанарын шаардлагад нийцээгүй 19 650 литр түлшийг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нийлүүлсэн тул 12 580 литр түлшийг нэхэмжлэгч буцаан авч явсан, уг түлшээр цэнэглэсэн түрээсийн техникүүд тодорхой хэмжээгээр эвдэрч, ажил үйлчилгээг тогтвортой явуулахад саад учирч, цаашид цэнэглэх түлшгүй болж, улирлын чанартай хийгддэг зам барилгын ажил сул зогсоход хүрсэн. Эвдэрсэн техник, төхөөрөмжүүдийн эвдрэл, гэмтлийг засуул зэрэгт ихээхэн хохирол учирсан.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д нийлүүлэгч нь Монгол улсын стандарт, чанарын шаардлага хангасан, техникийн нөхцөлд тохирсон газрын тосны бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцөл, хугацаанд нийлүүлэх үүрэгтэй бөгөөд чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус бүтээгдэхүүн нийлүүлснээс шалтгаалж захиалагч хүлээн авсан чанаргүй бүтээгдэхүүний үнийг төлөхгүй байх эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч чанаргүй түлшний асуудлаас болж манайтай холбоо бариагүй цаг хугацааны төлбөр, чанаргүй түлшнээс учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч харилцан нэхэмжлэхгүй байхаар ярилцсан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдагч “П” ХХК биет байдлын доголдолгүй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлээгүй, хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч манайд учирсан хохирлыг барагдуулаагүй, энэ талаар тохиролцон ярилцаж байсан хүн нь тухайн компанийг төлөөлөн гэрээ, хэлцэл хийх эрхгүй байсан нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдлоо. “П” ХХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ-нд гүйцэтгэх захирал П.Одмаа гарын үсэг зурсан, Компанийн тухай хуулиар гүйцэтгэх захирлын үүргийг хязгаарласан тул компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж үзнэ. П.Одмаа гэдэг хүн олдохгүй байгаа, байсан бол ийм нэхэмжлэл гаргахгүй, тэд өөрөөр ярьдаг. Иймээс нэхэмжилж буй 112 517 070 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “П” ХХК-ийн хариуцлагагүйгээс “Д” ХХК-д их хэмжээний хохирол учирсан. 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргээ 2 тал ердийн нөхцөлд дагаж мөрдөж байсан ч 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нийлүүлсэн 19 650 литр түлш чанарын асуудал илэрч 12 580 литр түлшийг нэхэмжлэгчид буцааж өгсөн. Чанарын шаардлага хангахгүй түлшээр цэнэглэснээс түрээсээр ажиллуулж байсан техникүүд ажиллахгүй болж зогссон.

Түрээсээр техник ажиллуулсан 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд сул зогссон техникүүдийн түрээсийн төлбөрт 48 066 677 төгрөг төлсөн. Чанаргүй шатахууны улмаас туслан гүйцэтгэгч “Намо бридж” ХХК-д 35 526 000 төгрөгийн хохирол учирсныг манай компаниас нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч зөрчлөө арилгах хугацаа байсан ч хохирлыг барагдуулаагүй тул чанаргүй түлшний улмаас эвдэрсэн техникүүдийн сул зогссон хугацааны түрээсийн төлбөрт “Д” ХХК-ийн төлсөн 48 066 677 төгрөг, “Намо бридж” ХХК-ийн нэхэмжилсэн 35 526 000 төгрөг, нийт 83 592 667 төгрөгийг “П” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч манай нийлүүлсэн түлшний биет байдлын доголдлын улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн боловч хууль зүйн болон бодит байдлын хувьд үндэслэлгүй. Учир нь нийлүүлсэн түлш доголдолгүй байсан. Хариуцагчийн хувьд доголдлын талаар нотлох баримт ирүүлээгүй. Нэхэмжлэгч түлш нийлүүлэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын шаардлага хангасан шинжилгээний бичигтэй нийлүүлдэг. Гэрээний 5.6 дахь хэсэгт зааснаар худалдан авагч түлшийг стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгаж хүлээн авах, 5.2 дахь хэсэгт зааснаар барааны чанарыг шалгасны үр дүнд доголдол, дутагдалтай гэж үзвэл нийлүүлэгчид даруй мэдэгдэж, гомдол гаргах эрхтэй байсан.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т зааснаар хөрөнгө хүлээж авах үед доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авсан эсвэл хөрөнгө хүлээж авах үедээ шалгаж авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар заасан. Гэрээний 5.5 дахь хэсэгт мөн адил бүтээгдэхүүнийг хүлээж авах үедээ доголдол, дутагдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээж авсан бол учирсан хохирлыг захиалагч өөрөө хариуцахаар тодорхой заасан. Хариуцагч нь нэгэнт хүлээгээд авсан түлшээ доголдолтой гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэг шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр удаашруулах зүйл хийж байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00301 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 68 117 070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44 400 000 төгрөг болон нэхэмжлэгчээс 83 592 667 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862 714 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575 913 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 498 535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 618 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00301 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Д” ХХК-иас нийлүүлсэн түлшний төлбөрт нийт 112 517 070 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “П” ХХК-иас 83 592 667 төгрөгийг гаргуулах тухай “Д” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 498 535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг, “хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 720 535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “П” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл, Б.Батбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талаас энэхүү магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1. “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу Хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргалаа.

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэлийн талаар: Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 17-нд гаргасан нэхэмжлэлдээ 33 650 290 төгрөг, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа 3 855 400 төгрөг, нийт 37 505 690 төгрөгийн алданги нэхэмжилсэн байдаг.

Учир нь “Д” ХХК нь тухайн компанийг чанаргүй түлш нийлүүлж, машин техникүүдийг маань эвдсэнээс хойш нэхэмжлэгч талын удирдлагуудтай уулзах оролдлого удаа дараа хийж, хайсан ч “П” ХХК оршин байгаа газар тодорхойгүй, захирлууд гэж танилцуулан гэрээ байгуулсан хүмүүс нь утсаа авахгүй, ойлгомжгүй байдалтай байсан. Бид нэхэмжлэгч компанитай учир зүйгээ олохоор удтал хөөцөлдсөн бөгөөд захирал Одмаа, Мөнхжаргал нартай уулзаж хохирол учирсан асуудлаар саналаа хүргүүлсэн. Тухайн захирлууд нь манайхаас үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэхгүй, харин манай компани чанаргүй түлшний хохирол нэхэмжлэхгүй байхаар ярилцсан. Гэтэл нэхэмжлэгч компани чанарын шаардлага хангахгүй түлш нийлүүлж гэрээнд заасан үүргээ зөрчсөнөөс хойш манай компанитай харилцахгүй байж байгаад гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ бид нартай огт харилцаж байгаагүй, гэрээ байгуулаагүй гадаад хүнээс итгэмжлэл авсан хуулийн фирм гарч ирээд өмнөх бүх тохиролцоог үгүйсгэсэн. Бид тухайн тохиролцоогоо нотлохоор тухайн нэхэмжлэгч компанийн захирлууд болох Одмаа, Мөнхжаргал нарыг гэрчээр оролцуулах хүсэлт өгсөн ч шүүхээс хангаагүй.

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний 4.2-т нийлүүлэгч нь Монгол Улсын стандарт, чанарын шаардлага хангасан, техникийн нөхцөлд тохирсон газрын тосны бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцөлөөр, гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх үүрэгтэй. Чанарын шаардлага хангаагүй болон зориулалтын бус газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлснээс шалтгаалж .... Энэ тохиолдолд захиалагч нь хүлээн авсан чанаргүй газрын тосны бүтээгдэхүүний үнийг төлөхгүй байх эрхтэй гэж заасан тул “П” ХХК-ийн шаардлага хангахгүй түлшний үнэ болон алдангийг төлөх үндэслэлгүй байна.

“Д” компани нь гэрээний 1.1-д заасны дагуу “нийлүүлэгч нь энэхүү гэрээнд заасан тодорхойлолт, чанар үзүүлэлт, тоо хэмжээ бүхий чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх...” зорилгоор буюу бид чанарын шаардлага хангасан түлш авч, төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхийн тулд “П” ХХК-тай ”Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан.

Гэтэл нэхэмжлэгч компани нь дээрх зорилго болон гэрээний 2.1-д “Нийлүүлэгч талын нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний чанар нь газрын тосны бүтээгдэхүүний стандарт болон техникийн нөхцөлд нийцсэн түүгээр тавигдах шаардлагыг хангасан байх” гэж заасан чанарын шаардлагад нийцээгүй түлш нийлүүлж, уг түлшээр цэнэглэсэн манай компанийн техникүүд бүгд их, бага хэмжээгээр эвдэрч, ажил үйлчилгээгээ тогтвортой явуулахад саад учран, цаашид цэнэглэх түлшгүй болж, манай ажил удаан хугацаанд сул зогссон. Мөн эвдэрсэн техник, төхөөрөмжүүдийн эвдрэл, гэмтлийг засуулж “Д” ХХК болон түүний туслан гүйцэтгэгч компаниудад ихээхэн хохирол учирсан.

“П” ХХК нэхэмжлэлдээ "хариуцагч компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөр төлөх хугацааг өнөөдрийг хүртэл хойшлуулсан” гэжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдагч болох “П” ХХК биет байдлын доголдолгүй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэлгүй, хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул “Д” ХХК энэхүү харилцаанд үүрэг хүлээж үндсэн төлбөр болон алданги төлөх үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “12 580 литр түлшийг худалдагч буцаан авсан” нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнээд, “20 000 литр түлшийг нийт хүлээн авсан түлшнээс буцаасан гэж нэхэмжлэлийн шаардлагаас 44 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ” гэжээ. Тухайн үед “П” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нийлүүлсэн 19 650 литр түлш чанарын шаардлага хангаагүй буюу өвлийн түлш нэртэй хуурамч бүтээгдэхүүн байсныг захирал гэх Ч.Мөнхжаргал хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг түлшээр цэнэглэсэн техникүүд эвдэрч доголдол учирсан ба 12 580 литр түлшийг зардал гарган буцааж өгсөн.

Гэрээнд заасан төлбөрийн төлөлгүй хугацаа хэтрүүлсэн гэх асуудал нь нэхэмжлэгч компанийн өөрсдийнх нь буруутай ажиллагаанаас болсон. Өөрөөр хэлбэл холбоогоо тасалж алга болсон. Мөн захирлууд гэж гэрээ байгуулсан Монгол хүмүүс нь тооцооны талаар тохиролцсон гэсэн ойлголтыг манай компанид өгсөн.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар:

“Д ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч анхан шатны шүүхийн шүүгч шаардлагын үндэслэл тодорхойгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Манай компани нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ “П” ХХК болон “Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхой илэрхийлсэн боловч шүүгч үндэслэл тодорхойгүй гэдэг шалтгаанаар үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзсан үйлдэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна. Шүүгч шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй үндэслэлээ тайлбарлахдаа гэрээг хавсаргаж өгөөгүй гэдэг. Гэтэл тухайн гэрээ нь хавтас хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байгаа.

Мөн анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч “Д” ХХК хэргийг хянан шийдвэрлэж байсан Ч.Ичинхорлоо шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3. “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй” гэсэн үндэслэлээр шүүгчээс татгалзсан боловч хүсэлтийг хүлээж авалгүйгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4.-т “татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ ’’ гэж заасны дагуу шүүгч захирамж гаргаж шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байна.

Мөн “Д” ХХК тээврийн хэрэгслүүдээ түрээсэлж авч байсан “Намо Бридж” ХХК-ийн ажилчид болох С.Ганбаатар болон Е.Ахсемсер нар нь тухайн үед “Д” ХХК нь “Намо бридж” ХХК-иас түрээсэлж байсан тээврийн хэрэгслүүд “П” ХХК-ийн чанарын шаардлага хангаагүй шатахууныг хэрэглэснээс болж эвдэрсэн болохыг мэдэж байсан хүмүүс юм. Эдгээр хүмүүс шүүх хуралд оролцсоноор дээрх үйл явдлын талаар мэдүүлэг өгч “Намо Бридж” ХХК-ийн машин техникүүдэд гэмтэл учирснаас “Д” ХХК түрээсийн төлбөр болон засварын зардлын 83.592.667 төгрөгийн өрд орсныг гэрчлэх байсан. Гэтэл анхан шатны шүүх гэрч нарыг оролцуулахаас үндэслэлгүйгээр татгалзаж, хариуцагч талаас гаргасан хүсэлт бүрийг үндэслэлгүйгээр хангахгүй орхиж байсныг давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн мэтээр дүгнэжээ.

Нэхэмжлэгч “П” ХХК-ийг төлөөлөн Өмгөөллийн “БЭЗ Партнерс” ХХН итгэмжлэл авсан байна. Тухайн итгэмжлэлийг “П” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Яник А.Люс гэх хүн олгосон гэжээ. Гэтэл тухайн компаний улсын бүртгэлийн гэрчилгээний ард талд Luce Yannick Alan гэх хүнийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гүйцэтгэх захирлаар бүртгэсэн харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэхүү итгэмжлэл олгож  буй Яник А.Люс гэгч нь Luce Yannick Alan мөн эсэх нь тодорхойгүй, нэрний хувьд зөрүүтэй харагдаж байна.

Нөгөөтэйгүүр 2017 оны 08 дугаар сарын 05-нд “П” ХХК болон “Д” ХХК-иудын хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээнд “П” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал П.Одмаа гарын үсэг зурж, тамга дарсан байдаг. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад Luce Yannick Alan гэх хүнийг гүйцэтгэх захирлаар бүртгэснээс хойш манай компанитай гэрээ байгуулахад тус компаний гүйцэтгэх захирлаар П.Одмаа гэх хүн ажиллаж байжээ. Гэрээг гүйцэтгэх захирал П.Одмаа, гэрчилгээн дээр Luce Yannick Alan, харин итгэмжлэл дээр Яник А.Люс зэрэг 3 өөр зүйл харагдаж байгаа.

Манай компанийн хувьд П.Одмаа гэх захиралтай харилцаж байсан бөгөөд чанаргүй түлш нийлүүлснээс учирсан хохирлоо нэхэмжлэхээр тухайн компанийн удирдлагуудыг хайж захирал Мөнхжаргал гэх хүнтэй хэлэлцэж тохиролцсон байсан. Тухайн компанийн захирал гэх Одмаа, Мөнхжаргал нарыг гэрчээр оролцуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй. Гэтэл гэнэт өөр захирал гэх хүн, мөн өмгөөллийн нөхөрлөл манай компаниас төлбөр, алданги нэхэмжилж эхэллээ.

Эцэст нь дурдахад анхан шатны шүүх ямар учраас хариуцагч талын гаргасан бүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өөрийн хариу тайлбар, татгалзлаа нотлох боломжийг нь үгүй хийж, өөрөөс нь татгалзсаар байтал хүчээр шүүх хуралдаан явуулсан зэрэг ноцтой зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс дүгнэсэнгүй.

Ийнхүү анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийн дагуу гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэлгүй орхигдуулсан асуудалд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т "давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасныг зөрчиж Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг анхан шатны шүүх зөв хэрэглэсэн эсэх, хэргийн оролцогч талуудын хуульд заасан эрхийг зөрчсөн эсэхийг гүйцэд шалгаагүйд гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох" гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 618 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт нийт 112 517 070 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний улмаас учирсан хохиролд 83 592 667 төгрөгийг шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...шүүх хууль буруу хэрэглэж алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн, ...нотлох баримт үнэлэх журам, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн...” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ЭС2017/026 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, гэрээний дагуу нийлүүлэгч “П” ХХК гэрээнд заасан тодорхойлолт,чанар үзүүлэлт, тоо хэмжээ бүхий чанар стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, захиалагч “Д” ХХК төлбөрийг гэрээнд заасан журмаар төлөхөөр, хэн аль нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж, гарын үсэг зурсан, гэрээ хэрэгжиж хариуцагч нь бүтээгдэхүүн хүлээн авч, төлбөр төлж байсан, гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.6., 232.4.-т зааснаар үлдэгдэл төлбөр, алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

Гэрээний дагуу нэхэмжлэгч 96 760 литр түлш нийлүүлсэн, хариуцагч буюу захиалагч 68 493 273 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 75 011 380 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон тул үлдэгдэл төлбөр дээр гэрээний 6.2., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар алданги тооцож, \75 011 380+37 505 690\ нийт 122 517 070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нотлох баримтыг буруу үнэлсэн алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

Хариуцагчаас чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлснээс уг түлшээр цэнэглэсэн машин техник эвдэрч, ажил үйлчилгээ явуулахад саад учирч, ажил удаан хугацаанд сул зогсож, эвдэрсэн техникүүдийн эвдрэл, гэмтлийг засуулж, ихээхэн хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс 83 592 667 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Шүүхийн энэ шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй болно.

Иймд шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гомдлын тухайд:

Анхан шатны шүүх шүүх хуралдааныг нээж, хуралдаан даргалагч хэргийн оролцогчид тэдгээрийн эрх үүргийг танилцуулж, шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлан, татгалзлыг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзахгүй гэсэн бөгөөд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, бусад хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсний дараа шүүгчээс татгалзсныг хэлэлцэхгүй орхисон талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /Хэргийн 1 дүгээр хавтас, 237 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүгчийг татгалзах 91 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл шүүх хуралдааны явцад энэ үндэслэл тогтоогдвол мэдэгдэх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаан эхлэхэд шүүгч хэргийн оролцогчид тэдгээрийн эрх үүргийг тайлбарлаж, шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гарвал шийдвэрлэхээр хуулийн 103 дугаар зүйлд зохицуулжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хуралдааны дэгийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэлэлцсэн бөгөөд хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлээр шүүгчээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан “шүүгчээс татгалзах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдсон” гэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул шүүгчээс татгалзах хүсэлтийг шийдвэрлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 618 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл, Б.Батбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720 536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД