Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-11
Дугаар 001/ХТ2020/00085
Хэргийн индекс 183/2019/0096/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч Л.Г
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00432 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 623 дугаар магадлалтай,

Д.Бын нэхэмжлэлтэй

Л.Гт холбогдох

Баталгааны гэрээний дагуу 200 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Бын аавынхан ахын охины нөхөр болох Д.Д нь түүнтэй уулзаж Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд жилийн дөрвөн улиралд амьдрах зориулалтай таун-хаус барьж байгаа ажил зогсох гээд байна, санхүүжилт хэрэгтэй байгаа тул 120 000 000 төгрөгийг богино хугацаанд зээлээч, эхний байруудаа ашиглалтанд оруулангуутаа зээлсэн мөнгөө, хүүтэй хамт өгнө гэж хүсэлт тавьсан. Миний хувьд тухай үед ураг төрлийн хамаатан садан байсан тул итгээд өгөхөөр болж 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 120 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулан мөнгийг өгсөн. Удалгүй хугацаа өнгөрч мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, барилга арай ашиглалтанд ороогүй байна гэсэн. Гэтэл нэг хэсэг холбогдох боломжгүй болж, сураглатал МИАТ ХХК-ийн Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежерээр ажилд томилогдон явсан байсан. Гэтэл сүүлдээ тухайн барилгад иргэд орон сууц өмчлөөд эхэлсэн, зарагдаад дууссан байгааг бид мэдсэн. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Д.Дд холбогдуулан гомдол гаргасан боловч Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй, иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой, иргэний хэрэг маргаан байх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сард Д.Дийн барилгыг тухайн үөдээ хариуцан бариулж байсан түүний найз, бизнесийн хамтрагч Л.Г нь Д.Бтай холбогдон, ярилцсаны үндсэн дээр Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2 дахь хэсгийн заалтуудыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Л.Гтай Баталгааны гэрээ байгуулсан. Уг баталгааны гэрээний дагуу Л.Г нь 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч буюу Д.Дийн хүлээсэн үүргийн биелэлтийг бүрэн хангуулах үүрэг хүлээх, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагч нь өөрийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах, Д.Д зээлдэгчтэй Д.Б зээлдүүлэгчтэй 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 200 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор үүрэг гүйцэтгэгч буюу Д.Бд төлөхөөр тохиролцож байгуулсан. Гэвч одоог хүртэл баталгааны гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй байгаа нь намайг эдийн засгийн асар их хохиролд оруулаад байгаа учраас эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Л.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Г нь Д.Дтэй найзууд юм. Д.Д эрүүгийн хэрэгт шалгагдаад байна чи баталгаа гаргаад өгчих гэж гуйсан тул гаргаж өгсөн. Иймд баталгааны гэрээний дагуу шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00432 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Л.Гаас 124 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.163.740 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Д.Л.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 781.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 623 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00432 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Л.Гаас 200 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай гэж, 2 дах заалтын 781 950 гэснийг 1 157 950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын гомдолдоо: Д.Баянжаргалын нэхэмжлэлтэй Д.Л.Гт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 432 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулсан НИХДЗЗШШ-ийн 623 дугаар магадлалыг хууль хэрэглээний хувьд дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. 2011.05.18-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах хугацаа нь 2014.05.18-нд дуусгавар болсон байх бөгөөд уг гэрээний үүргийг 2016 онд хүлээн авах нь хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Д.Л.Г нь өөртөө үүрэг хүлээсэн байна. Тэгэхээр хуульд нийцээгүй баталгааны гэрээг бус Иргэний хуульд үндэслэн шүүх нь шийдвэр гаргах ёстой. 2. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шийдвэр нь үндэслэл бүхий болсон. Өөрөөр хэлбэл хэрэв Зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан юм бол түүнийхээ дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах ёстой хэмээн дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ. 3. Магадлалд “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлэх үүргээ биелүүлээгүй ...” хэмээн хариуцагчийг буруутгасан байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шүүхэд тайлбарласан ба хууль зүйн үндэслэл заагаагүйг л буруутгахгүй юм бол өөрөөр буруутгах боломжгүй юм. Учир нь тухайн асуудлаар гаргах баримт байхгүй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Л.Гт холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 200 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 124 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх 200 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх талуудын байгуулсан гэрээний тохиролцоог үндэслэж, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг тодорхойлж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталгааны гэрээ Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Л.Г нь бусдын үүргийг хариуцахаар баталгаа гаргаж, үүрэг гүйцэтгүүлэгчтэй гэрээ байгуулах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсгийг зөрчихгүй юм. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно.” гэж заажээ.

Д.Б нь Д.Дтэй 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу 120 000 000 төгрөгийг зээлдэгч Д.Дд хүлээлгэн өгч, үүргээ биелүүлжээ. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх ба гэрээ хэрэгжсэн байна.

Д.Д нь зээлийг хугацаандаа төлөөгүй бөгөөд гэрээний үүргийг хангуулахаар Д.Бтай харилцан тохирч, уг гэрээний дагуу төлөх 200 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны дотор төлөх баталгаа гаргаж, Л.Г нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр баталгааны гэрээг байгуулсан талаар зохигчийн хэн аль тайлбар гаргажээ. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу баталгааны гэрээг үүрэг гүйцэтгэгч Д.Д санал болгосон, түүний хүсэлтээр баталгааны гэрээг байгуулснаа Л.Г маргаагүй юм. Хариуцагч Л.Г нь Д.Дтэй хамтран барилга барих үйл ажиллагаа явуулсан, уг бизнест зээлийн мөнгийг зарцуулсан талаар нэхэмжлэгч тайлбар гарган, мэтгэлцсэн байна.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана.” гэж заасан тул нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хуулийг зөрчиж баталгааны гэрээ байгуулсан болохыг шүүх дүгнэж чадаагүй, ...анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь буруу тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэжээ. Гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар үүрэг хүлээсэн этгээд шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хэрэгт байгаа баримтаас үзвэл 2011 оны зээлийн гэрээний үүргийг зөвшөөрч, хожим нь 2016 оны 09 сарын 06-ны өдөр уг үүргийг хангуулахаар баталгааны гэрээ байгуулагдснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, гэрээний үүрэг биелүүлэх хугацаа болох 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааны дотор байна.

Түүнчлэн Д.Д нь баталгааны гэрээ байгуулахыг санал болгосон, үүнийг үүрэг гүйцэтгүүлэгч Д.Б зөвшөөрч, түүний заасан этгээд болох Л.Гтай баталгааны гэрээг байгуулсан үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдсон. Баталгааны гэрээнд баталгаа гаргагчийн биелүүлэх зээлийн үүргийн хэмжээг тодорхойлсон тул гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлэх ёстой, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасныг зөрчөөгүй юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр   сарын 05-ны өдрийн 623 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 534 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА