Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-13
Дугаар 001/ХТ2020/00089
Хэргийн индекс 182/2018/02527/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч М.А
Хариуцагч М ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

М.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00266 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 667 дугаар магадлалтай,

М.Аын нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний торгуульд төлсөн 332 951 төгрөг гаргуулах, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өлзийсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “М” ХХК-тай харилцан тохиролцож “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр худалдан авагч гэрээнд заагдсан гар утасны үнэ 799 000 төгрөгийг 24 сарын хугацаанд тохирсон графикийн дагуу төлөх, гэрээнд заасан хойшлуулсан болзол биелүүлсний дараагаар HUAWEI Р9 LITE BLAСК маркийн гар утсыг миний өмчлөлд шилжүүлж, гэрээний хүчин төгөлдөр хугацаанд My Mobi багцын үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр миний бие гар утасны үнийг тогтсон графикийн дагуу 4 cap тасралтгүй төлсний эцэст үлдэгдэл төлбөрийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлж дуусгасан. Гэтэл худалдагч тал хугацаанаас өмнө үүргээ гүйцэтгэсний төлөө дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д заасныг үндэслэж торгуульд 332 951 төгрөгийг гаргуулсан.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасны дагуу зохих ёсоор гүйцэтгэсэн байхад нэмж торгууль гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй тул гэрээний анз болгож төлсөн 332 951 төгрөгийг дараах үндэслэлээр буцаан шаардаж байна.

Гэрээний 3.8-д тусгагдсан торгууль нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд тусгагдсан анзын нэг төрөл болох бол анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болно. Өөрөөр хэлбэл, торгууль үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчид хариуцлага хүлээлгэх, үүргээ бүрэн гүйцэтгэх хууль зүйн хөшүүрэг болдог.

H0340150 гэрээ нь хойшлуулсан болзол бүхий худалдах-худалдан авах гэрээ болон My Mobi багцын үйлчилгээ үзүүлэх нэрлэгдээгүй гэрээ /Иргэний хуулийн 189.5/-ийн шинжийг давхар агуулсан холимог гэрээ /Иргэний хуулийн 198.5/-ний төрөл болно.

Иймд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл нь зөвхөн гар утасны төлбөрийг урьдчилан төлж дуусгахаас гадна давхар My Mobi багцын үйлчилгээг хугацаанаас нь өмнө цуцалсан байдлаар тодорхойлогдоно. Гэтэл гap утасны төлбөрийг төлж дуусгасан ч гэрээнд заагдсан My Mobi багцын үйлчилгээг өнөөдрийг хүртэл ашигласаар байтал хариуцагч нь гэрээний агуулга, үүргийн мөн чанарыг бүхэлд нь харгалзаж үзэлгүйгээр үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйл болон 232 дугаар зүйлийн зорилго, үүргийн зөрчил болон түүнд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл болсон.

Иргэний хууль дахь торгуулийн заалтыг хууль зүйн зорилгынх нь дагуу ашиглах ёстой атал үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор гүйцэтгэж /Иргэний хуулийн 206.1/, төлөх ёстой гар утасны төлбөрөө бүрэн төлсөн, My Mobi үйлчилгээг өнөөдрийг хүртэл ашигласаар байтал, нэмэлт төлбөр оногдуулж буй нь үүргийн гүйцэтгэл хангах аргын хууль зүйн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус нөхцөл байна.

Иймд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсгийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8 дахь заалт, 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалт, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагчаас 332 951 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2017 оны 10 сарын 13-ны өдөр 40340150 дугаартай “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээ нь хэрэглэгч өөрийн дугаарт сонгосон багцыг гэрээгээр тохирсон хугацаанд буюу 24 cap тасралгүй ашиглах, 24 сарын хугацаанд гар утас болон багцын төлбөрийг төлснөөр сонгон авсан гар утсаа хүүгүй зээлийн нөхцөлөөр өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлэн авах зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа /ИХ 262 дугаар зүйл/ байсан.

Өөрөөр хэлбэл, манай зүгээс хэрэглэгчид манай үйлчилгээний багцыг 24 cap тасралтгүй ашигласнаар сонгон авсан гар утасныхаа төлбөрийг багц ашиглах хугацаанд хуваан төлөөд гар утсыг хүүгүй зээлээр авах санал тавьсныг хэрэглэгч зөвшөөрснөөр энэ гэрээ байгуулагдсан. Хэрэглэгч хэрэглэсэн сарын багцын төлбөрийг гар утасны сард оногдох төлбөрийн хамт 24 сарын турш cap бүр тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй гэрээ байсан бөгөөд 24 cap сонгосон багцыг ашиглаагүй гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, төлбөрөө 2 сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд торгууль тооцохоор тохиролцсон ойлгомжтой гэрээ байсан. Гэрээний 3 дугаар зүйл 3.8-д Хүүгүй зээлийн нөхцөлөөр гар утас, төхөөрөмж хугацаатай гэрээгээр худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр гэрээний хавсралт 1-д заасан торгуулийг нэмж төлөх үүрэгтэй гэж харилцан тохиролцсон худалдан авагч гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан.

М.А нь хэдийгээр гар утасны үнийг хугацаанаас нь өмнө төлсөн боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд торгуульд төлсөн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй шаардлага юм. 40340150 дугаартай “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээ”-ний 3 дугаар зүйл 3.8-д Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д зааснаар нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн байдаг. “М” ХХК-ийн зүгээс өөрийн үйлчилгээг сонгон хэрэглэж байгаа үнэ цэнэтэй хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай байлгах үүднээс шинээр зах зээлд нэвтэрч байгаа үйлдвэрлэгчийн баталгаатай гар утас, төхөөрөмжийг бусад оператор байгууллагуудаас харьцангуй хямд үнээр, урьдчилгаа төлбөргүй, хүүгүй зээлийн нөхцөлөөр, боломжийн хугацаанд хуваан төлөх зэрэг олон ашигтай саналыг санал болгодог. Ийм үйлчилгээг нэвтрүүлснээр компанид санхүүгийн багагүй хохирол учирдаг учир нь олох ёстой байсан орлого алдах, rap утас нийлүүлэгчид гар утасны төлбөрийг бүрэн төлсөн байдгаас хамаарч мөнгөн хөрөнгийн эргэлтээ алдах зэрэг олон хохирол учирдаг мөн хэрэглэгчид энэхүү боломжуудыг ашиглан гар утас аваад гэрээгээ цуцалж өөр бусад операторыг сонгох зэрэг эрсдэлүүд үүсдэг. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэх энэхүү заалт нь ямар хуулийг зөрчсөн, ямар зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Мөн үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарладаг. Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж хуулиар зохицуулсан байдаг гэтэл хэрэглэгч гэрээгээр тохирсон хугацаандаа зохих ёсоор төлөөгүй. Гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Үүрэг гүйцэтгүүлэгч татгалзаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэх эрхтэй.

М.А нь өнөөдрийг хүртэл My Mobi үйлчилгээг ашиглаж байгаа гэсэн байдаг. Гэтэл тэрээр 40340150 тоот гэрээгээ хугацаанаас нь өмнө өөрийн хүсэлтээр цуцлаад багц ашиглаж байсан 99119636 дугаараа “Газар капитал партнерс ББСБ” ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу гэрээ цуцалсан өдрөө шилжүүлсэн. Хэрэглэгч анх гэрээ байгуулахдаа гэрээний нөхцөл зүйл заалттай танилцан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Мөн гэрээ цуцлахдаа гэрээний дагуу торгуулийг хүлээн зөвшөөрч төлсөн байдаг тул М.А болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ болон эрх үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00266 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч “Мобиком корпарци” ХХК-д холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний торгуульд төлсөн 332 951 төгрөг гаргуулах, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 667 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00266 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “М” ХХК, М.А нарын хоорондын “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай гэрээ”-ний 3.8 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “М” ХХК-аас 332 951 төгрөгийг гаргуулж М.Аод олгосугай” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 34 370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 34 370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00266 дугаар шийдвэрээр иргэн М.Аын “М” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 40340150 дугаартай “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах-худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хянаж өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэт нэг талыг барьсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 4 дүгээр зүйл 4.1. ... хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана гэснийг зөрчсөн шударга бус шийдвэр гаргасан тул тус шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь дүгнэн хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг хэрэглэн хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх “талуудын хоорондын гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ болно” гэсэн заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нэг талыг барьсан шударга бус шийдвэр гаргасан үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх хэрэглэн шийдвэрээ гаргасан байтал давж заалдах шатны шүүх энэ хуулийн заалтыг хэрэглээгүй дүгнээгүй. “М” ХХК нь өөрийн үйлчилгээг сонгон хэрэглэж байгаа хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай байлгах үүднээс шинээр зах зээлд нэвтэрч байгаа үйлдвэрлэгчийн чанарын баталгаатай гар утас, төхөөрөмжүүдийг бусад оператор байгууллагуудаас хямд үнээр, урьдчилгаа төлбөргүй, хүүгүй зээлийн нөхцөлөөр, тохирсон хугацаанд хуваан төлөх зэрэг олон ашигтай саналыг санал болгодог. Ингэснээрээ компани санхүүгийн багагүй хохирол учирдаг, олох ёстой байсан орлогоо алдах, гар утас нийлүүлэгчид гар утасны төлбөрийг бүрэн төлсөн байдгаас хамаарч мөнгөн хөрөнгийн эргэлтээ алдах зэрэг олон эрсдэл үүсч хохирол учирдаг, мөн хэрэглэгчид энэхүү боломжуудыг ашиглан хямд үнээр гар утас аваад гэрээгээ цуцалж өөр бусад операторыг сонгох зэрэг эрсдэлүүд үүсдэг учир үүнээс урьдчилан сэргийлэх шударга бус үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй заалт байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ байдлыг харгалзан үзээгүй энэхүү хуулийн заалтыг хэрэглээгүй хэт нэг талыг барьж хэргийг нэг хүн гэрээ цуцалснаар “М” ХХК хохирохгүй гэдэг хандлагаар хандан ялгаварласан шийдвэр гаргасан.

Мөн хуулийн дараах заалтуудыг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй болно. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээнд 24 сарын хугацаанд үйлчилгээний төлбөр гар утасны төлбөрийг төлөх хугацаанаас өмнө гэрээг цуцалбал /Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т зааснаар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэсний дагуу/ нэмж торгууль төлөхөөр тохирон харилцан үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гээд ... Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гээд ... мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.4.-т үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж заасан байтал шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь илт юм. Мөн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэсэн байдаг. Мөн Иргэний хууль 232 дугаар зүйлийн 232.1.-т хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу торгуулийн заалтыг гэрээнд оруулсныг хууль зөрчсөн заалт гэж үзэж байгаа нь ойлгомжгүй юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч М.А нь Мд холбогдуулан гэрээний 3.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, торгуульд төлсөн 332 951 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ” байгуулж,  тус гэрээгээр М.А нь 799 000 төгрөгийн үнэ бүхий  HUAWEI P9LITE маркийн гар утсыг худалдан авч, 2 жилийн хугацаанд сар бүр 33 292 төгрөг төлөх, энэ хугацаанд My mobi багцын үйлчилгээг тасралтгүй ашиглахаар, М нь гар утсыг хүүгүй зээлээр, эсхүл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаж, багцын үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцсон, гэрээ хэрэгжиж, худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эхний 4 сарын төлбөрөө хугацаанд нь төлсөн байна.

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр М.А зээлээр авсан утасны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж, гэрээг цуцлах санал гаргахад М гэрээний 3.8.-д заасныг үндэслэн 332 951 төгрөгийн торгууль ногдуулж, гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.  

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Мас хэрэглэгчид санал болгож байгаа, байнга хэрэглэгддэг, урьдчилан тогтоосон нөхцөлтэй Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1.-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ.

Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах, хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн нөхцөлийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.-т зохицуулсан.

Нэхэмжлэлийн шаардлага болсон гэрээний 3.8.-д “хүүгүй зээлийн нөхцөлөөр гар утас, төхөөрөмж хугацаатай гэрээгээр худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр гэрээний хавсралт 1-д заасан торгуулийг нэмж төлөх үүрэгтэй” гэжээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д зааснаар гэрээг тайлбарлахад түүний үгийн шууд утгыг анхаарна.                                                                                                         

Давж заалдах шатны шүүх гэрээний дээрх заалт нь гэрээнээс татгалзах, хугацаанаас өмнө гэрээг цуцлах, дуусгавар болгох хуулиар олгогдсон иргэний эрхийг хязгаарласан агуулгатай байна гэж дүгнэн, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1., 202 дугаар зүйлийн 202.2.8. дахь заалтад нийцжээ.

Улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан торгуулийн төлбөрөөр Мйг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул магадлал иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.,166 дугаар зүйлийн 166.4.-т нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх гэрээний 3.8. дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж хуулиар хориглосон, зөвшөөрөгдөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн нийгмийн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, өөрөөр хэлбэл бүр анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг хэлнэ. Тухайлбал, а/ эд эрхтэнээ худалдах-худалдан авах хэлцэл нь агуулгын хувьд зан суртахууны хэм хэмжээнд илт харшилж байна. Зан суртахууны зөрчил нь объектив агуулгаасаа бус харин хэлцлийн субъектив зорилгыг хэрхэн үнэлэхээс хамаарч тогтоогдоно. б/ гадаадын иргэнд газар өмчлүүлэхээр худалдах-худалдан авах хэлцэл хийх, Монгол Улсын Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байх тул гадаадын иргэн газар өмчлөгч болохыг хуулиар зөвшөөрөөгүй, дээрх агуулга бүхий хэлцэл хууль зөрчиж хийсэн хэлцэлд хамаарна.

Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө, үйлчилгээ худалдах-худалдан авах хэлцэл хууль зөрчөөгүй боловч хэлцлийн стандарт нөхцөлд тусгасан тухайлсан заалт нь хэрэглэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан агуулгатай байгаа нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.-т зааснаар хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарч байх тул хуулийг буруу хэрэглэсэн алдааг засч, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2..-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 667 дугаар магадлалын Тогтоох хэсгийг 1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.1.1.,” гэснийг “202 дугаар зүйлийн 202.2.8., “ гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй  орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД