Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-13
Дугаар 001/ХТ2020/00090
Хэргийн индекс 151/2018/01304/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч И
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Цалин хөлсний маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2019/00159 дүгээр шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 223/МА2019/00010 дугаар магадлалтай,

Д.Бын нэхэмжлэлтэй,

И-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, өмгөөлөгчийн хөлс, сэтгэл санааны хохиролд нийт 43 341 076 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тэргүүлэгчдийн 44 дүгээр тогтоолоор намайг ажлаас чөлөөлсөн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0590 тоот магадлалаар ажлаас чөлөөлсөн дээрх шийдвэр үндэслэлгүй тул ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг хариуцагчид даалгасан. Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 473 дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг санаатайгаар үл биелүүлэн удаа дараа шүүхийн шийдвэрийг хэлэлцэн намайг ажилд эгүүлэн томилохоос татгалзсаар 2018 оны 5 дугаар сарын 23-нд ажилд томилсон. Гэхдээ төсөвт тусгаагүй гэсэн шалтгаанаар цалин хөлсийг маань олгоогүй. Миний бие олон сараар цалин хөлсөө авч чадахгүй хохирсоор байгаа.

Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-нд ажилд орсон хүртэлх 8 сар 17 хоногийн цалин хөлс болох 8 667 533 төгрөг, эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөг, бүгд 30 167 533 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү.

Мөн Идийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар тогтоолоор намайг албан тушаал бууруулж шийдвэрлэсэн. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2018/0030 дугаартай шийдвэрээр дээрх Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор аймгийн Идийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. Би Захиргааны хэргийн шүүхэд болон Иргэний хэргийн шүүхэд Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар 2 удаа мэргэжлийн өмгөөлөгч хөлслөн авч эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөгийн төлбөрийг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөгийн төлбөрийг өмгөөлөгчид тус тус төлсөн. Миний бие 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 324 200 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 49 450 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 265 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 47 000 төгрөгийг тус тус шүүхийн зардалд улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн.

Идийн нарийн бичгийн дарга нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн Комиссын нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд улиралд 359 276 төгрөгийн урамшуулал авдаг.

Иймд миний бие шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ажиллах байсан хугацаандаа авах ёстой урамшуулал болох 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр улирал, 2018 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын урамшууллын мөнгө 2 874 208 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжилж байна.

Иймд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 5 сар 15 хоногийн 5 613 685 төгрөгийн цалин хөлс, эрх зүйн туслалцаа авсан хөлс 4 000 000 төгрөг, Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын Нарийн бичгийн даргын улирлын урамшуулал 2 874 208 төгрөг, шүүхийн зардал 685 650 төгрөг, нийт 13 173 543 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иид нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 473 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Д.Быг аймгийн Идийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Идийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилсон. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2017 оны 8 сарын 17-ноос 2018 оны 5 дугаар сарын 23-нд ажилд орсон хүртэлх 8 сар 17 хоногийн цалин хөлс болох 8 667 533 төгрөгийг олгох боломжгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т 3ахиргааны байгууллагын дансанд байгаа мөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд төлбөрийг дараагийн жилийн төсөвт тусгаж, барагдуулна., 132.4-т 3ахиргааны байгууллага төлбөрийг энэ хуулийн 132.3-т заасны дагуу дараагийн жилийн төсөвт тусгаж, барагдуулаагүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтан болон төрөөс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Гэтэл дээрх олговрын мөнгө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ оны төсөвт тусгагдаагүй, эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа тул олговрыг олгох боломжгүй байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т Гэрээг бичгээр байгуулахад хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор заасан ба нэхэмжлэгч Д.Б нь өмгөөлөгч Б.Баярмагнайтай 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байна. Гэрээг байгуулахдаа гэрээний нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож, 2 тал хүсэл зоригоо илэрхийлж, өмгөөллийн хөлсийг тохиролцон гарын үсэг зуржээ.

Иймд талуудын хооронд гэрээ байгуулагдсан бөгөөд өмгөөлөгч Б.Баярмагнай нэхэмжлэгч Д.Бт эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 1 500 000 төгрөг авахаар тохиролцож, түүний эрх ашгийг хамгаалахаар сайн дураараа гэрээ байгуулсан байна. Мөн 2 талын сайн дураараа байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсийг шүүхийн зардалд тооцохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй.

Иймд Д.Бын эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс нийт 5 500 000 төгрөг, сэтгэл санааны хохирол гэх 20 000 000 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь манай гаргасан шийдвэрээс болж нэхэмжлэгч Д.Бт сэтгэл санааны ямар хохирол учирсан, түүнээс болж хэрхэн хохирсон тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Харин аймгийн Иид Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11 өдрийн 123/ШШ2018/0030 дугаар шийдвэрийг биелүүлж, Д.Быг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн аймгийн Идийн тогтоолоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах тухай тогтоол гаргасаар байтал нэхэмжлэгч өдийг хүртэл ажилдаа ирэхгүй ажил тасалсаар байна. Мөн нэхэмжлэгч Д.Б ажилдаа ирээгүйгээс шалтгаалан Хурлын ажлын албаны ажилтнуудыг шууд удирдлага зохион байгуулалтаар хангах ажил тасарч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн бүх гүйлгээ зогсож, Ажлын албаны ажилтнуудын 2018 оны үр дүнгийн гэрээг дүгнэж чадахгүй байх зэргээр Ажлын албаны зарим үйл ажиллагаа цалгардаж, тасарч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2019/00159 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Иид /ажлын алба/-ээс 10 431 535 /арван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 181 854 төгрөгийг гаргуулан, 62 655 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж, 119 199 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 223/МА2019/00010 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 29-ний өдрийн 151/ШШ2019/00159 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Иид /ажлын алба/-ээс 10 431 535 /арван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Иид /ажлын алба/-ээс ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 17 155 426 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дугаар заалтын “... хариуцагчаас 181 854 төгрөгийг гаргуулан, 62 655 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж, 119 199 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бт олгосугай нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 181 854 төгрөгийг гаргуулан, 62 655 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж, 119 199 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бт олгосугай” гэснийг “хариуцагчаас 243 727 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 59 227 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Бын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 721 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 151/ШШ2019/00159 дугаартай шийдвэр, Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23/МА2019/00010 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Д.Б нь сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөг, эрх зүйн туслалцаа авсан хөлс 4 000 000 төгрөг, шүүхийн зардал 685 650 төгрөг, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын урамшуулал 2 874 208 төгрөг, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш олгогдох ёстой байсан цалин 8 667 533 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 5 сар 15 хоногийн цалин 5 613 685 төгрөг, нийт 43 341 076 төгрөгийг Идээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин 10 431 535 төгрөг, давж заалдах шатны шүүхээс 14 281 218 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн авч байсан цалин хөлсийг нотлох баримт, цалингийн дансны хуулга, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй байхад шүүх Засгийн Газрын тогтоолоор баталсан цалингийн ТЗ-11 шатлалаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а дахь хэсэгт ...дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор заасан байдаг. Нэхэмжлэгч нь ТЗ-11 шатлалаас гадна нэмэгдэл цалин нэмэгдэл хөлс авдаг ба эдгээрийн нийлбэрээр түүний дундаж цалин хөлс тодорхойлогдоно. Гэтэл дундаж цалин хөлсийг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхэд ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

   2. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн комиссын нарын бичгийн даргын улирлын урамшуулалд 2 874 208 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дүрмийн 21 дүгээр зүйлд “Аймаг нийслэлийн салбар комиссын дарга нь төрийн нутгийн захиргааны албан тушаалтан байх бөгөөд тухайн орон нутгийн хэмжээнд цагаатгалын ажлыг зохион байгуулж, ажлаа Улсын комиссын өмнө хариуцна. Салбар комиссын дарга, нарийн бичгийн даргыг ажлын үр дүнгээр урамшуулж болно” гэж заасан. Дээрх урамшууллыг ажил хийж гүйцэтгэж, улсын комиссын өмнө ажлаа тайлагнаж, ажлаа дүгнүүлж байж авах ёстой. Салбар комиссын дарга, нарийн бичгийн даргад урамшуулал олгох эсэхийг улсын комисс шийдвэрлэдэг бөгөөд сар бүр тогтмол авдаг цалин орлого биш төдийгүй, үйл ажиллагааны үр дүнгээс хамааруулж олгож болдог урамшуулал тул дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Өмгөөлөгч М.Өлзийцэцэг миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэгтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан уг хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд хариу тайлбарыг гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа... гэж, давж заалдах шатны шүүх  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа... гэж өмгөөлөгч намайг хариу тайлбар гаргаагүй байхад хариу тайлбар гаргасан мэтээр бичиж, миний хэлээгүй, яриагүй зүйлийг шүүхийн шийдвэрт тусган бичсэн нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б Идэд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, өмгөөлөгчийн хөлс, сэтгэл санааны хохиролд нийт 43 341 076 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор төсөвт тусгагдаагүй, сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн хөлсийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 10 431 535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 17 155 426 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нэмж хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Быг И нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэх нэхэмжлэлийг хангаж, урьд ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны  өдрийн 0590 дугаартай магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 473 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн Идийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №51 дүгээр тогтоол гарч, Д.Быг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон боловч “...үүрэг даалгавар биелүүлээгүй...” гэх үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №66 дугаар тогтоолоор албан тушаал бууруулж, И ажлын албанд ажилтнаар томилжээ.

Албан тушаал үндэслэлгүй бууруулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан, Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2018/0030 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулсан тогтоолыг хүчингүй болгосон ба 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Аймгийн Идийн хурлын №101 дугаар тогтоолоор Д.Быг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилсон үйл баримт тогтоогджээ.

 Дээрх шийдвэрийг үндэслэн Д.Б нь ажилд эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд томилсон 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 8 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 8 667 533 төгрөг, албан тушаал үндэслэлгүй бууруулсан 2018 оны 06 дугаар сарын 15-наас ажилд томилсон 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн тул энэ хугацааны 5 сар 15 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 5 613 685 төгрөг, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн комиссын нарийн бичгийн даргын 2017, 2018 оны урамшуулал 2 873 208 төгрөг, эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 5 500 000 төгрөг, энэ хугацаанд эмнэлэгт хэвтэж, хөндлөнгийн дарамт шахалт их мэдэрсэн учраас сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, нийт 43 341 076 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх шаардлагад нийцсэн байх боловч ажилгүй байсан хугацааг буруу тооцсоныг зөвтгөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасан цалин хөлсөд багтах урамшуулалд нэхэмжилсэн 2 873 208 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал  хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчид төлсөн хөлсийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагад холбогдох харилцааг зохицуулсан хуулийн заалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул энэ үндэслэлээр магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд “...давж заалдах шатны шүүх нотлох баримтгүй байхад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ...урамшуулал гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх шийдвэр, магадлалд хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж буруу тодорхойлсон байх бөгөөд энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаар тэмдэглэх нь зүйтэй. 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 223/МА2019/00010 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “69.1.” гэсний дараа “, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 497 дугаар зүйлийн 497.1.” гэсэн нэмэлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД