Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-13
Дугаар 001/ХТ2020/00095
Хэргийн индекс 140/2018/00670/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Д.Ц
Хариуцагч ЗА-ийн ЗД
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр магадлалтай,

Д.Цгийн нэхэмжлэлтэй

ЗА-ийн ЗДд холбогдох

ЗА-ийн ЗДын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/66 тоот захирамжийг хүчингүй болгож, Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгорын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дашдоржийн Д.Ц миний бие 1997 онд Европ хэлний дээд сургуульд элсээд 2001 онд төгсөөд Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуульд Англи хэлний багшаар ажиллаж байгаад 2014 оны 08 сарын 08-нд Завхан аймгийн Идэр сумын сургуулийн захирлаар томилогдон ажилласан юм. Миний бие Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй, тогтвор суурьшилтай 17 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Гэтэл миний бие ажил үүргээ ном журмын дагуу гүйцэтгэж байтал ЗА-ийн ЗД Д.Батсайхан нь 2018 оны 09 сарын 21-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас Аймгийн ЗДатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.3, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэж чөлөөлсөн юм. Миний нөхөр Д.Батсүх нүдний хагалгаанд Улаанбаатар хотод орох болсон тул би 2018 оны 03 сарын 12-ны өдрөөс эхлэн 10 хоногийн цалинтай чөлөө аймгийн ЗДаас авч явсан. Гэтэл нөхөр маань хагалгаанд орсны дараа явж чадахгүй дахин шинжилгээ өгөх шаардлагатай болсон тул миний бие ажлын 2 хоногийн чөлөөг Идэр сумын ЗДа Х.Баярмаагаас түүний 98113766 дугаартай утас руу нөхөр Д.Батсүхийн 80158292 дугаартай утаснаас 2018 оны 03 сарын 23 өдөр 3 минут хиртэй ярьж албан ёсны чөлөө авсан юм. Миний бие албан ёсоор гачигдлаа утсаар хэлж чөлөө авсан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын 2 хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие ажлаас хууль бусаар үндэслэлгүй халагдсандаа туйлын гомдолтой байна. Иймд 2018 оны 09 сарын 21-ний өдрийн Б/66 тоот ЗА-ийн ЗДын захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд буцааж эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЗА-ийн ЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Дашдоржийн Д.Ц нь ЗА-ийн ЗДын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/66 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ЗА-ийн ЗДын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/66 дугаартай захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, аймгийн ЗДатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.3, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан болох нь Завхан аймгийн Автотээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2018 оны хот хооронд зорчсон талаарх тасалбар, оролцогч Д.Цгийн сонсох ажиллагааны тайлбар болон холбогдох бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тасалбар болгон Д.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд ЗДын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, хуульд заасан шаардлагыг хангаж байх тул Д.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажлыг 2014 оноос эхлэн хийж байгаад ажлаасаа үндэслэлгүй халагдсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний нөхөр 2018 оны 03-р сарын 06-ны өдөр хүнд зодуулж хүнд гэмтэл авсан. Ингээд нөхрийгөө 2018 оны 03-р сарын 08-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд нүдний ухархай хугарсан, хамар хугарсан байна. Заавал Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай гэж эмч нар хэлсэн учраас би 3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн ЗДа өгөх ёстой гэж Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу аймгийн ЗДаас 2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс ажлын 10 хоногийн цалинтай чөлөө авсан. Ингээд би нөхрийгөө аваад 2018 оны 03-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хот ороод 2018 оны 03-р сарын 12-ны өдөр Нэгдүгээр эмнэлэгт үзүүлээд 2018 оны 03-р сарын 20-ны өдөр нүдний ухархайн хагалгаанд ороод 2018 оны 03-р сарын 23-ны өдөр эмнэлгээс гаргасан. Тухайн үед нөхөр маань маш их хэмжээний цус алдсан, нэг нүд нь боолттой байсан учраас нэг хүн заавал хамт явах шаардлагатай байсан. Ингээд би байнга хамт явж байсан. Манай нөхрийг эмнэлгээс гарахад нь эмч 2018 оны 03-р сарын 26-ны өдрийн өглөө нүднийх нь хагалгааны оёдлыг авхуулаарай гэж хэлсэн. Миний чөлөөний хугацаа 2018 оны 03-р сарын 23-ны орой дууссан учир би 2018 оны 03-р сарын 23-ны өдрийн оройн 06 цаг 30 минутад сумын ЗДа Баярмаатай утсаар холбогдоод ...нөхөр маань 2018 оны 03-р сарын 26-ны өглөө нүднийхээ хагалгааны оёдлыг авхуулахаар байна. Мөн шинжилгээнд хамрагдаж магадгүй байна. Та 2018 оны 03-р сарын 26, 27-ны өдрийн чөлөө өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд ЗДа Баярмаа зөвшөөрсөн. Тийм учраас би аймгийн Боловсрол соёлын газрын дарга болон аймгийн ЗДа руу чөлөөний асуудлаар яриагүй. Ингээд би 2018 оны 03-р сарын 26-ны өдөр нөхрийнхөө нүднийх нь хагалгааны оёдлыг авахуулаад 2018 оны 03-р сарын 27-ний өдөр автобусанд суугаад 2018 оны 03-р сарын 28-ны өдөр ажилдаа бэлэн ирсэн. Тийм учраас 2018 оны 03-р сарын 26, 27-ны өдрүүдэд сумын ЗДаас чөлөө авсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 4.4.2-д 3 өдрийн чөлөөг Боловсрол соёлын газрын дарга, 4.4.3-д 3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн ЗДа, 4.4.1-д 1 өдрийн чөлөөг сумын ЗДа өгнө гэж заасан. 2 хоногийн чөлөөг хэн өгөх нь тодорхой бус байсан учраас би сумын ЗДаас 2 хоногийн чөлөө авсан. Тухайн үед сумын ЗДа Баярмаа надад 2 хоногийн чөлөө өгөхийг зөвшөөрсөн учраас би өөр хэн нэгэн рүү чөлөөний асуудлын талаар яриагүй. Ийм учраас 2 хоног ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсандаа гомдолтой байна. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Цгийн өмгөөлөгч Б.Лхагважав анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Цгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Д.Цг аймгийн ЗДын 2018 оны 09-р сарын 21-ний өдрийн Б/66 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гэдгийг ЗДаас Д.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.3-д ...3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн ЗДын зөвшөөрснөөр, 6.1.1-д ...ажил үүрэг гүйцэтгэхдээ Монгол улсын хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, эрх бүхий байгууллагаас баталсан ёс зүйн дүрмийг мөрдөнө, 9.3.5-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног түүнээс дээш хоног ажилдаа ирээгүй бол гэсэн эдгээр 3 заалтуудыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж эдгээр заалтуудыг баримтлан ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч Д.Ц нь 2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл 10 хоногийн цалинтай чөлөөг аймгийн ЗДаас авсан байдаг. Д.Цгийн 10 хоногийн чөлөөний хугацаа 2018 оны 03-р сарын 23-ны өдөр буюу 5 дахь өдөр дууссан. Д.Цгийн нөхөр нь нүдний хагалгааныхаа оёдлыг 2018 оны 03-р сарын 26-ны өдөр авахуулах шаардлагатай байсан. Тухайн үед өвчтэй нөхрийг нь эмнэлэгээр авч явах хүн Д.Цгаас өөр байгаагүй учраас Д.Ц 2 хоногийн чөлөө авсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай юм. Д.Ц нь чөлөө авсан хугацаандаа нөхрийгөө хагалгаанд оруулсан, оёдлыг нь авахуулсан, үзүүлж, эмчлүүлж, сувилуулсан байдал нь өвчний карт дээрх эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмчилгээ хийлгэсэн бичилтээс харагддаг, нотлогддог. Нөхрийнх нь өвчний картыг хэрэгт албан ёсны нотлох баримтаар нотариатаар баталгаажуулан хавсаргасан байгаа. Нөгөө талаар Д.Ц нь Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирлаар 4 жил ажиллаж байгаа удирдах албан тушаалтан юм. Ямар тохиолдолд чөлөө авах, ямар тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан болох талаар Д.Ц өөрөө мэдэж байсан учраас 2018 оны 03-р сарын 23-ны өдрийн 18 цаг 24 минут 43 секундэд Д.Ц нөхрийнхөө 80158292 дугаарын утаснаас Завхан аймгийн Идэр сумын ЗДа Баярмаагийн 98113766 дугаарын утас руу залгаж ярьсан ярианы билл нь тодорхой байдаг. Хэрэв Д.Цд Идэр сумын ЗДа Баярмаа ямар нэгэн чөлөө өгөөгүй бол Д.Ц ямар нэг аргаар Боловсролын газар, эсвэл аймгийн ЗДа руу утсаар ярьж чөлөө хүсэх боломжтой байсан. Гэтэл Идэр сумын ЗДа Баярмаа Д.Цд чөлөө өгсөн учраас өөр хэн нэгэн рүү холбогдож чөлөө хүсэх шаардлага байгаагүй. Тэгэхээр Д.Цгийн 2 хоног ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч ЗА-ийн ЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн ЗДын 2018 оны 09-р сарын 21-ний өдрийн Б/66 дугаартай захирамжаар Д.Цг ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэдгийг нэхэмжлэгч тал ярилаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар ноцтой зөрчилд хөдөлмөрийн гэрээний 4.4.3-д ...3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн ЗДын зөвшөөрснөөр, 6.1.1-д ...ажил үүрэг гүйцэтгэхдээ Монгол улсын хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, эрх бүхий байгууллагаас баталсан ёс зүйн дүрмийг мөрдөнө, 9.3.5-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног түүнээс дээш хоног ажилдаа ирээгүй бол гэсэн үндэслэлүүд байгаа. Хөдөлмөрийн гэрээний 9.3.5 дахь заалтыг тайлбарлая. Д.Ц нь аймгийн ЗДаас 2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс цалинтай 10 хоногийн чөлөө хүссэнээр аймгийн ЗДа Д.Цд 10 хоногийн цалинтай чөлөө олгосон. Хэрэв Д.Ц нөхрийгөө үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай байсан бол хамгийн эхэлж хэнээс чөлөө авсан тэр албан тушаалтандаа хандаж дараагийн чөлөөний асуудлаа шийдвэрлүүлэх ёстой байсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан 2 хоногийн чөлөө хэнээс авах нь тодорхойгүй байсан гэж яриад байна. Гэтэл Хөдөлмөрийн гэрээнд 1 хоногийн чөлөөг сумын ЗДа, 2, 3 хоногийн чөлөөг Боловсрол соёлын газрын дарга, 3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн ЗДаас авахаар заасан байгаа. Тэгэхээр 2 хоногийн чөлөөг хэнээс авах нь тодорхойгүй зүйл байхгүй. Мөн 2018 оны 03-р сарын 26, 27-ны өдрүүдэд нөхрийгөө үзүүлсэн учраас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж нэхэмжлэгч ярьж байна. Үүнийг нотлох баримтаар 1-р эмнэлгийн магадлагаа гаргаж өгсөн байна лээ. Нотлох баримт гэдэг бол хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн, хуульд заасан хэлбэрийг хангасан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт нь Эрүүл мэндийн сайдын 1999 оны тушаалаар батлагдсан эмнэлгийн магадлагаа ямар журам, ямар шаардлагыг хангасан байх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн ИХШХШТХ-ийн 38-р зүйлийн 38.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал: Эмнэлгийн магадлагаанд эмчлэгч эмч, ерөнхий эмч гарын үсгээ зурж, албан тушаалаа бичээд тамга тэмдгээ дарсан байх ёстой. Мөн тухайн эмнэлгээс гарч байгаа эмнэлгийн магадлагаа нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж үзэж болохоор бол зайлшгүй эмнэлгийн тамга тэмдгээр баталгаажуулсан байх ёстой гэдгийг Эрүүл мэндийн сайдын 1999 оны тушаалд тодорхой заасан байна. Тийм учраас Д.Ц нь 26, 27-ны өдрүүдэд чөлөө хүсэх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ бүрэн нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Мөн Д.Ц нь Сумын ЗДаас 2018 оны 04-р сарын 11-ний өдрөөс 2018 оны 04-р сарын 14-ний өдрийн хооронд 4 хоногийн чөлөө авсан байсан. Гэтэл сумын ЗДа 4 хоногийн чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан биш. Д.Ц хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хэд хоногийн чөлөөг хэнээс, ямар албан тушаалтнаас авах талаар мэдэж байсан гэдэг нь Д.Цгийн аймгийн ЗДа, сумын ЗДаас авсан чөлөөний болон Боловсрол соёлын газраас авч байсан чөлөөний баримтуудаар нотлогдож байна. Мөн сумын ЗДа Баярмаа гэрчийн мэдүүлэгтээ Д.Цг ...өөрөөс нь чөлөө авъя гэж яриагүй, нөхөр нь ийм өвчтэй байна. 2 хоног ажилдаа ирэх боломжгүй байна гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй аймгийн ЗДатай холбогд гэж хэлсэн гэж мэдүүлсэн байна. Тийм учраас Д.Ц нь аймгийн ЗДаас чөлөө авах ёстой байсан боловч аваагүй нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан байна гэж үзэж байна. Мөн 2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс чөлөө авчихаад 2018 оны 03-р сарын 23-нд чөлөөний хугацаа дуусахад нь аймгийн ЗДаас чөлөөгөө авах ёстой байсан. Мөн Сумын ЗДаас 2018 оны 04-р сарын 11-ний өдрөөс 2018 оны 04-р сарын 14-ний өдрийн хооронд 4 хоногийн чөлөө авсан байсан. Энэ хугацаанд хадам ээжийгээ эмнэлэгт үзүүлсэн гэж байгаа боловч энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй, чөлөөг Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу аймгийн ЗДаас авах ёстой байсныг сумын ЗДаас авсан байгаа тул хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Энэ хугацааг мөн ажил тасалсан хоногт оруулан тооцож байгаа. Тийм учраас аймгийн ЗДын 2018 оны 09-р сарын 21-ний өдрийн Б/66 дугаартай захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цг Завхан аймгийн Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ЗА-ийн ЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1.Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 73-р хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн гарган өгсөн эмнэлгийн магадлагааг үндэслэсэн байдаг. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн бичмэл нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч шүүх уг нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй. Эрүүл мэндийн сайдын 1999 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А243 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын 4-р зүйлийн 4.5 дахь хэсэгт “Эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл эмнэлгийн магадлагаа нь уг шаардлагыг хангасан тохиолдолд хүчин төгөлдөр баримт болно. Гэтэл шүүх уг журмын зохицуулалтыг хэрэглэхгүйгээр УКТНЭ-ийн 2019 оны 03 сарын 27-ны өдрийн Эмнэлгийн магадлагаанд ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй, эмнэлгийн тамга дарагдаагүй, магадлагааны дугаар бичигдээгүй байхад уг баримтыг хууль ёсны, хүчин төгөлдөр баримт гэж үзсэн нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.5 болон 40 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн шүүх зөвхөн нотлох баримтын шаардлага хангасан хүчин төгөлдөр баримтыг шүүхийн шийдвэртээ үндэслэх ёстой байхад хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус бичмэл нотлох баримтыг шүүхийн шийдвэртээ үндэслэсэн нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр магадлалын үндэслэх хэсэгтээ “нэхэмжлэгч Д.Ц 03 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод өөрийн нөхөр Д.Батсүхийг эмнэлэгт хэвтэж байхад нь асарсан үйл баримт хэрэгт авагдсан өвчтний карт, Идэр сумын ЗДад 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн чөлөө олгох тухай өргөдөл, УКТНЭ-ийн магадлагаагаар нотлогдож байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдоно” гэсэн байдаг. Ийнхүү дүгнэхдээ шүүх ИХШХШТХ-ын 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зохицуулалтыг ноцтой зөрчсөн буюу нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв байдлаар үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч Идэр сумын ЗДад 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр чөлөө олгох тухай өргөдөл гаргасан гэж дүгнэж, үүнийгээ шийдвэрийн үндэслэх хэсэг болгосон байх боловч хавтаст хэрэгт ийнхүү гаргасан аливаа өргөдөл авагдаагүй. Нэхэмжлэгч Д.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд буюу нийт 3 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байхад ийнхүү ажил тасалсны дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр чөлөө олгох тухай өргөдөл гаргасан байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд уялдаа холбоогүй байна. Нэхэмжлэгч Д.Цолзолмаагийн ЗА-ийн ЗДын тамгын газартай байгуулсан 2018 оны 03 сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 болон 6 дугаар зүйлийн 6.2.6 дах хэсэгт чөлөө авах асуудлыг тусгайлан зохицуулсан бөгөөд ажлын 3 ба түүнээс дээш хоногийн чөлөөг зөвхөн Аймгийн ЗДа өгөхөөр зохицуулсан. Үүнийг нэхэмжлэгч гэрээтэй уншиж танилцаж, гарын үсэг зурсны хувьд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан үеэс эхлэн мэдэж байсан. Мэдэж байсны хувьд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл нийт 10 хоногийн чөлөө авах өргөдлийг Аймгийн ЗДад гаргаж Аймгийн ЗДын 2018 оны А/129 дугаартай захирамжаар 3 дугаар сарын 12-ны өдрөөс 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх чөлөөг олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2018 оны 03 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд буюу нийт 3 хоногийн чөлөөг Идэр сумын ЗДаас авсан гэх тайлбар нь огт үндэслэлгүй юм. Түүнчлэн 2018 оны 03 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд буюу нийт 3 хоногийн чөлөөг Идэр сумын ЗДаас нэхэмжлэгчид олгосон эсэхийг тодруулахаар Идэр сумын ЗДын Тамгын газрын 2019.09.21-ний өдрийн Иргэдийн өргөдөл, санал, гомдол түүний барагдуулалтад хяналт тавих картыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргуулан өгсөн ба уг баримттай холбоотой асуудлыг тодруулахаар Идэр сумын ЗДа Д.Баярмааг шүүхэд гэрчээр дуудаж, гэрчийн мэдүүлэг авхуулсан байдаг.

 Идэр сумын ЗДын Тамгын газрын 2019.09.21-ний өдрийн Иргэдийн өргөдөл, санал, гомдол түүний барагдуулалтад хяналт тавих карт болон Идэр сумын ЗДа Д.Баярмаагийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгүүдээр Идэр сумын ЗДа нэхэмжлэгчид 2018 оны 03 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд буюу нийт 3 хоногийн чөлөө олгоогүй болох нь нотлогддог. Гэтэл шүүх хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтууд болох хавтаст хэргийн 21-р хуудсанд авагдсан Иргэдийн өргөдөл, санал, гомдол түүний барагдуулалтад хяналт тавих карт болон 133-р хуудсанд авагдсан Идэр сумын ЗДа Д.Баярмаагийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 2. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Хөдөлмөрийн хуулийн 131.2 дах хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж зохицуулсан байдаг. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...зөрчлийг 8 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө илрүүлсэн гэж үзнэ. Илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсний дараа сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан” гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ яагаад ингэж дүгнэх болсон, ямар баримтад үндэслэн зөрчлийг 8 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө илрүүлсэн гэж үзэж байгаа талаараа огт дүгнэлт хийгээгүй байна. Идэр сум нь аймгийн төв буюу Улиастай сумаас 80 гаруй км зайд оршдог аймгийн ЗДа нь сургуулийн захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, ажлын цагийг бүртгэх боломжгүй, сургуулийн Захирал нь өөрөө өөрийнхөө цагийг бүртгэдэг субьект юм. Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн нэгэн ажилтан /өргөдөлдөө өөрийнх нь талаарх мэдээллийг нууцлахыг хүссэн тул өргөдлийг шүүхэд гарган өгч чадаагүй болно/ 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗА-ийн ЗДд хандаж, тус сургуулийн захирал Д.Ц нь ажлаа тасалдаг, ажилдаа ирдэггүй, байнга Улаанбаатар хотруу явдаг 3,4,5,6,7,8 сар гээд сар бүр тодорхойгүй хугацаагаар ажилдаа ирдэггүй талаар гомдол ирүүлсэн. Уг өргөдлийг шалгах үүднээс Аймгийн ЗДын тамгын газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 7/927 дугаартай албан бичгээр Авто тээврийн газарт хандан Д.Цгийн хот хооронд зорчсон эсэх талаарх лавлагааг гарган өгөхийг хүссэн ба Авто тээврийн газрын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 77 тоот албан бичгээр Д.Цгийн 3,4,5,6 сард хот хооронд зорчигч тээврээр үйлчлүүлсэн тасалбарын лавлагааг ирүүлсэн. Уг лавлагаагаар нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүд, 4 дүгээр сарын 14-ний өдөр, 6 дугаар сарын 18, 19-ний өдөр тус тус Улаанбаатар хотод байсан буюу ажлын байрандаа байгаагүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн гэрээний зөрчлийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр илрүүлсэн бөгөөд зөрчил гаргасан үе буюу 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 6 сар, илрүүлсэн үе буюу 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 1 сарын дотор 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/66 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулсан. Гэтэл шүүх Хөдөлмөрийн хуулийн 131.2 дах хэсгийг хэрэглэхдээ хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй бөгөөд илтэд нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан шинжтэй шийдвэр гаргасан байна. Иймд ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч ЗА-ийн ЗДд холбогдуулан Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээнэ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Ажил олгогч 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/66 дугаар захирамжаар Д.Цг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримталж, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.3, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх, 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг заажээ. Тэрээр 2018 оны оны 03 дугаар сарын 26, 27, 28, мөн 2018 оны 04 сарын 11-нээс 14-ний өдөр, 2018 оны 06 сарын 18, 19-ний өдрүүдэд Д.Ц нь ажил тасалж, давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг гаргаж, мэтгэлцсэн байна.

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.3-т “Ажлын гурваас дээш өдрийн томилолт, чөлөө хүсэх тохиолдолд аймгийн ЗДын зөвшөөрснөөр” гэж, 6.1.1-д “ажил, үүрэг гүйцэтгэхдээ Монгол улсын хууль тогтоомж болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, эрх бүхий байгууллагаас баталсан ёс зүйн дүрэм болон энэ гэрээг мөрдөх” гэж, 9 дүгээр зүйлийн 9.3.5-д “ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр 2 хоног, түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй, ажиллаагүй бол ноцтой зөрчилд тооцно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Д.Ц ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй талаарх шүүхийн хууль зүйн дүгнэлт нотлох баримтад тулгуурласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.1, 131 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх “ажилтан ажилдаа ирээгүй явдлыг” хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэх нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил тасалж болох агуулгатай байж болохгүй бөгөөд Д.Ц нь зохих ёсоор захиргааны чөлөө авсан, өвчтөн асрамжилж эмнэлгийн магадлагаа авсан, сургалтанд хамрагдаж байсан, 2 хоног, түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан гэх байдал тогтоогдоогүй байна. Энэ талаар буюу нотлох баримтыг хуулийн дагуу дүгнэж чадаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/66 дугаар захирамж Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийг хангаж, түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА